1986 оны 4-р сарын 26-ны шөнө Чернобылийн атомын цахилгаан станцад турбогенераторын туршилт хийгдэж байв. Туршилтыг хийж байхдаа реакторыг зогсоож, дараа нь генераторын үзүүлэлтийг шалгах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч реакторыг аюулгүй зогсоож чадаагүйн улмаас 1 цаг 23 минутын үед дэлбэрэлт үүсэж, гал гарсан байна.
Гал 10 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд цацраг идэвхит бодис эргэн тойронд 14 эксбеккер буюу 380 сая кюригээр цацагдсан аж.
Ослын эсрэг хариу арга хэмжээнд хамгийн түрүүнд хошууч Леонид Петрович Телятникодын удирдлагын гал сөнөөгчид болон 12 цагдаа, Чернобылийн атом цахилгаан станцын ажилчид оролцсон юм.
Осол гарсны дараа станцын үйл ажиллагааг шууд зогсоосон бөгөөд дэлбэрсэн уурхайн дээр борын карбид, тугалга болон доломит агуулсан бодисыг нисдэг тэргээр цацсан байна. Идэвхтэй оргил үе нь дууссаны дараа латекс, каучук гэх мэт тоос шингээх уусмалуудыг асгасан аж. 6-р сарын сүүл гэхэд 11 мянга 400 тонн шингэн болон хуурай бодисыг цацсан байжээ.
ОХУ-ын Цацраг судлалын үндэсний газраас хийсэн мэдээллээр осол гарсан хэсэгт байсан 134 хүн цацраг идэвхит бодисын өвчлөлд автаж, 28 нь хэдэн сарын дотор нас барсан бол 20 хүн 20 жилийн хугацаанд төрөл бүрийн шалтгаанаар нас барсан гэнэ.
Осол болох үед Беларусь, ОХУ, Украины цацраг идэвхит бодисонд бохирдсон хэсэгт амьдарч байсан хүүхдүүд ирээдүйд бамбайн булчирхайн хорт хавдраар өвчилж байжээ. Энэ нь атомын цахилгаан станц дэлбэрэх үед тархсан цацраг идэвхит иодтой холбоотой юм. Цацраг идэвхит иод нь малын бэлчээрт тунан буусан учраас үхрийн сүүнд ихээр үлдэж, хүүхдүүд хордсон гэнэ.
Цөмийн реактораас ялгарсан цөмийн түлш нь агаар мандлын замаар зөвхөн Украин, Орос, Белорусь төдийгүй мянга мянган км-ийн цаана хүртэл тархсан байна. Цацраг идэвхит бохирдолд Украин (41,75 мянган кв.км), Белорусь (46,6 мянган кв.км), Орос (57,1 мянган кв.км) хамгийн ихээр автсан аж.
Чернобылийн ослоос маш их хэмжээний цацраг идэвхит нуклид агаарт тархсан нь энэхүү ослыг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том осол хэмээн дүгнэхэд хүргэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хэт бохирдолтой газруудыг эс тооцвол нуклидын хэмжээ суурь түвшиндээ ирсэн гэхэд болно. Чернобылийн атом цахилгаан станцын ойролцоох ургамал болон амьтны аймагт цацраг идэвхит бодисын хор хөнөөл илүү их ажиглагджээ.
ЗСБНХУ-ын хотууд ослын эсрэг хариу арга хэмжээнд оролцогсдод зориулж дурсгалын хөшөө босгосон байна. Тэдний зоригтой, баатарлаг алхмын талаар олон ном зохиол бичигдэж, баримтат, уран сайхны болон олон ангит киног хүртэл зохиожээ. Эдгээр зоригтнуудын зарим нь одоог хүртэл амьд сэрүүн байгаа бөгөөд тэдний гавьяаг үнэлж, шагнал олгосон аж.
Аймшигт осол болсны 7 жилийн дараа 4-р сарын 26-ны өдрийг Чернобылийн ослын эсрэг хариу арга хэмжээнд оролцогсдын дэлхийн өдөр хэмээн тэмдэглэх болжээ. 2016 онд НҮБ 71/125 тушаалаар энэхүү өдрийг Чернобылийн ослыг дурсах дэлхийн түүхэн өдөр болгож бүртгэсэн байна.
Энэ өдөр хүмүүс нэг минутын турш ослоос болж осолдсон, амь насаа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлж чимээгүй байдаг бөгөөд хөшөө дурсгалд цэцэг өргөж, атомын энерги хяналтаас гарах үед ямар сөрөг үр дагавартай болох талаар ярилцдаг.