Эхнэр, нөхөр байсан тэд бие биенийгээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн мэдүүлээд байгаа.
Депп өнгөрөгч даваа гарагт гэрчийн суудалд сууж өөрийн болон хуучин эхнэрийнхээ өмгөөлөгчийн асуултуудад хариулжээ. Хердийн өмгөөлөгч нар Деппийг согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодис хэтрүүлэн хэрэглэдэг, мансуурсан үедээ байнга эхнэртээ гар хүрдэг байсан хэмээн буруутгаад үүнийг батлах баримт гаргаж ирэв.
Тэрхүү баримт нь Деппийн найз Паул Бетанид ирсэн дуут шуудан байжээ. 2013 онд илгээсэн тус шуудан дээр Депп "Амберыг шатаая! Түүнийг живүүлж алаад дараа нь цогцсыг нь шатаая" гэж байгаа нь тод бичигдэж үлджээ.
Үүнийг сонссон Депп зохисгүй хэллэг ашигласандаа уучлал гуйсан бөгөөд тухайн үед "Monty Python and the Holy Grail" хэмээх кинон гардаг үгийг наргиа болгож ашигласан хэмээн мэдүүлсэн байна. Тус инээдмийн киноны дүрүүд шулмыг хэрхэн хөнөөх вэ гэж ярьж байхдаа дээрх үгсийг хэлдэг аж.
Үүний хажуугаар Херд Австрали руу аялах үеэрээ Жонни Депп өөрт нь халдсан хэмээн мэдүүлжээ. “Австралид ирээд гурав хоносны дараа Хердэд аймшигтай зүйл тохиолдсон. Жонни Депп унтлагын дотуур хувцсыг нь ханз татаж ураад, хана руу шахаж, лонх шидсэн. Дараа нь Хердийг хагарсан шилний хэлтэрхийтэй шалан дээгүүр угз татан чирч, бүр өшиглөсөн. Түүнийг үзэн яддаг учраас түүнийг алахыг хүссэн гэж Жонни Депп Хердэд хэлсэн” гэсэн тайлбарыг Амбер Хердийн өмгөөлөгч шүүх хурал дээр хэлэв.
Жонни Депп, Амбер Херд нар өмнө нь нэг бус удаа шүүхийн хаалга татаж байсан юм. Олон жилийн турш тэд нэгнийгээ буруутган шүүхдэж ирсэн билээ. Салсны дараа ч гэсэн тэднийг тойрсон хэрүүл уруул багасах бус улам ч нэмэгдсэн байна. Өмнө нь Амбер Херд Жонни Деппийг хүчирхийлэлд буруутгаж мөн л шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэр үед Амбер Херд ялалт байгуулж олон сая ам.долларын нөхөн төлбөр авсан юм. Харин Жонни үүнээс болж “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын дүрээ алдан карьер нь зогсонги байдалд орсон. Тиймээс тэрээр өөрийн нэр төрөө сэргээхээр хуучин эхнэрээ шүүхэд өгөөд байгаа нь энэ.