Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн түүх

Коко Шанель (Coco Chanel) бол “Chanel” загварын ордныг үндэслэн байгуулсан Францын алдартай загвар зохион бүтээгч эмэгтэй билээ. Тэрээр өөрийн зохион бүтээсэн хувцас, үнэртэй усаараа төдийгүй амьдралын сонирхолтой түүх, загварын талаар хэлсэн оновчтой үгс гээд маш олон зүйлээр бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм. Ингээд та бүхэнд энэ гайхалтай эмэгтэйн түүхийг хүргэж байна. 

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн түүх

Габриэль Бонхеур Шанель 1883 оны 8-р сарын 19-нд Францын Саумур хотод мэндэлсэн юм. Тэрээр бага насаа тарчиг орчинд өнгөрүүлжээ. Хожим нь тэрээр үгээгүй ядуу байдлаасаа ичдэг байсан тухай дурссан байдаг. Шанелийн ээж багтраа өвчнөөс болж нас барсны дараа загасны наймаа хийдэг аав нь 12 настай охиноо асрамжийн газарт өгчээ.

Шанелыг гэлэнмаа нар өсгөсөн бөгөөд юм оёхыг заасан нь хожим амжилтад хүрэх үндэс болж өгсөн юм. Амьдрахын эрхээр тэрээр уушын газруудад дуулах болов. Үзэгчид харин түүнийг өхөөрдөн "Коко" хэмээн хоч өгсөн нь эцэстээ түүний нэр болж хувирчээ. 

Зарим хүмүүс энэ нэрийг түүний дуулдаг байсан дуунуудын шүлэгнээс гаралтай гэж үздэг. Шанель өөрөө "Коко" нэр нь "кокотте" буюу "Бяцхан охин" гэсэн франц үгийн товчилсон хувилбар гэж хэлсэн байдаг. 

Асрамжийн газраа орхиж явснаас хойш түүний амьдрал дээшлээгүй. Тиймээс 20 настайдаа Шанель энэ амьдралын хамгийн чухал зүйл мөнгө гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тиймээс тэрээр 1905 онд чинээлэг залуу Этьенн Бальсан гэгчийг өөрийн болгохоор шийдсэн аж. Түүний нүдэнд мань эр жинхэнэ баян чинээлэг эр хүн шиг харагдсан юмсанж. Өөрийн шинэ амрагийн харшид амьдрах болсон Коко өмнө нь эдлэж хэрэглэж байгаагүй бүхнээ үзжээ. Гэвч Этьенн Коког хамаагүй эрхлүүлэх шаардлагагүй гэж үзсэн учраас амбицтай бүсгүй маань өөр эрийн эрэлд гарав. 

1908 оны хавар Коко Бальсаны найз Артур Кейпелтзй танилцав. Тэр бол шулуун хар үстэй, хүрэн бор царайтай залуухан англи эр байлаа. Артур өөрт таалагдсан бүсгүйд бүрх малгайны дэлгүүр нээхийг зөвлөөд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Хожим нь тэрбээр бүсгүйн ажил хэргийн бөгөөд амьдралынх нь түнш болсон юм. Гэхдээ Коко өөрийн карьерынхаа эхлэлийг Этьенн Бальсаны туслалцаатайгаар тавьсан аж. 

Эхлээд Коко Парист тусгай сууцанд суурьшсан бөгөөд энд Шанель өөрийн бүрх малгайнуудаа хийж борлуулах болжээ. Сонирхолтой нь, Этьенны хуучин амраг байсан эмэгтэйчүүд бүгд Мадемуазелийн бүрх малгайны анхны худалдан авагчид болов. Тэд ч мөн өөрсдийн найзуудыг худалдан авагч болгосон аж. 1913 онд Коко өөрийн дэлгүүрийг нээн, тэр даруй байнгын хэрэглэгчидтэй болов. Нэр нь түгсэн бүрх малгайг зохион бүтээгч эмэгтэй маань өөрийн гэсэн эмэгтэй хүний хувцасны чиглэлийг боловсруулах мөрөөдөлдөө автжээ.

Энэ үеэр Шанель Парисын суутнуудтай идэвхтэй харьцав. Бүжгэн жүжиг үзэн, зураач Пабло Пикассо, балетын нэрт импресарио Сергей Дягилев, хөгжмийн зохиолч Игорь Стравинский, яруу найрагч Пьер Реверди, жүжгийн зохиолч Жан Шоко нартай нөхөрлөжээ. Нэртэй загвар зохион бүтээгч эмэгтэйтэй олон хүн сониучхан зандаа хөтлөгдөн танилцаж, нөхөрлөж байсән бөгөөд тэд Коког ухаантай, хурц, өвөрмөцөөр сэтгэдэг болохыг мэдэрч байлаа. Нэгэнтээ түүнийг Пикассо “Ертөнцийн хамгийн бодлоготой, тунгаан бодохдоо сайн эмэгтэй” гэж нэрлэжээ.

1920-иод оны эхээр Шанель үнэт эдлэлийн дизайнаар хүч сорьж эхлэв. Нэг бүтээгдэхүүнд элдэв чимэг, шигтгээ хольж суулгах санаа ганц түүнд төрж байгаагүй ч гэлээ тэрээр үүнийг амьдруулсан анхдагч нь юм.

Түүний анхны үнэртэн Chanel №5-ийг өдгөө мэдэхгүй хүн байхгүй биз. Уг үнэртэй усыг томоохон их дэлгүүрийн эзэн Теофил Бадер, бизнесмен Пьер, Пол Вертхаймер нар санхүүжүүлж гаргасан байдаг. 

Эцсийн дүндээ бизнес эрхлэгчид хөрөнгө оруулсныхаа төлөө сүрчгийн борлуулалтаас олсон ашгийн 90 хувийг авахаар тохиролцсон бөгөөд Шанель өөрөө ердөө 10 хувийг авахаар болжээ. Хожим Коко №5-аас олж буй асар их мөнгөнөөс өөрийн хүртэх хувиа нэмэгдүүлэхийн тулд олон жилийг шүүхийн хаалга татаж өнгөрөөсөн гэдэг. 

1925 онд Шанель домогт Chanel хослолыг танилцуулав. Түүний энэхүү загвар эмэгтэйчүүдийн загварын ертөнцөд жинхэнэ тэсрэлт хийсэн гэхэд болно. Тэрээр эмэгтэйчүүдийг бэлхүүсэвч гэх мэт хөдөлгөөн хязгаарладаг зүйлсээс чөлөөлж чадсан бөгөөд энэ мөчөөс эхлэн загвар зохион бүтээгч нар ганцхан гадаад үзэмж төдийгүй хөдөлгөөний эрх чөлөөг эрхэмлэх болсон байна. 

1920-иод оны өөр нэг хувьсгал бол Шанелийн жижигхэн хар даашинз юм. Тэрээр ганцхан гашуудалтай холбодог байсан өнгийг дэгжин байдлын илэрхийлэл болгон хувиргасан юм. 

1930-аад онд Шанель нацистын цэргийн офицер Ханс Гюнтер фон Динклейжтэй нэр холбогджээ. Дэлхийн 2-р дайны үеэр Франц улс эзлэгдэх үед Кокогийн байрладаг байсан "Риц" зочид буудал Германы цэргийн штабын үүрэг гүйцэтгэдэг болов. Тэр үед Коко нүүлгүй тэндээ байрлах тусгай зөвшөөрөл авсан байдаг. Дайн дууссаны дараа Шанель мэдээж нацистуудтай ойр байсныхаа төлөө байцаагдсан юм. Азаар найз Уинстон Черчилль Шанелийг өмөөрсөн тул тэрээр амьд мултарч чаджээ. 

Өндөр настай болсон ч гэлээ Шанель гайхалтай ажиллах чадвартай байсан гэдэг. Шинэ хослолуудын санаа түүнийг нойрсож байх үед ч ирдэг байжээ. 1971 оны нэгдүгээр сарын 10-ны ням гаригт тэрээр “Риц” зочид буудлын өрөөнд нам гүмхэн нас барсан бөгөөд цонхоор нь чамин хийгдсэн, дэлхий даяар алдартай “Шанель ордон” харагдаж байжээ. Түүний эзэнт гүрний орлого тухайн үед 160 сая ам.доллар хүрээд байсан юм. Нас барсных нь дараа Кокогийн хувцасны шүүгээнээс ердөө гурван гоёлын хувцас гарч ирсэн бөгөөд дэндүү донжтой эд байсан гэлцдэг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()