Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өнгөрсөн долоо хоногт төв талбайд болсон жагсаалын үеэр олон тооны залуусыг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Баривчлагдсан залуусын эрхийг хамгаалахаар өмгөөлөгчид нэгдэн ажиллаж эхэлсэн. Тэдгээр хуульч, өмгөөлөгчдийн нэг Г.Төгсбаяртай баривчилгааны үеэр хүний эрхийн зөрчил байсан болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадсан эсэх талаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт төв талбайд болсон жагсаалын үеэр олон тооны залуусыг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Өмгөөлөгчид баривчлагдсан залуусын эрхийг хамгаалахаар нэгдсэн. Та бүхэн ямар үйл ажиллагаа явуулав?
-Энэ сарын 8-нд өмгөөлөгчид цахим хэлбэрээр зохион байгуулалтад орж шөнийн 03:00-04:00 цагийн орчимд саатуулагдсан иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Түр саатуулах 111 дүгээр төвийн өмнө 09:00 цагийн үед цугларсан. Ч.Өнөржаргал, А.Пүрэвдулам нарын өмгөөлөгчдийн уриалгын дагуу 10 гаруй өмгөөлөгч сайн дураар нэгдсэн.
Түр саатуулах байран дээр анх биднийг очиход үүдний харуулууд “Тус төвд саатуулагдсан этгээд байхгүй” гэж мэдэгдсэн. Гэвч удалгүй тус төвийн удирдлагууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн шүү дээ. Түүний дагуу бид саатуулагдсан хүмүүст эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор дотогш нэвтрэх хүсэлт гаргасан юм. Гэтэл бидний өөдөөс “Хүний эрхийн үндэсний комиссоос зохих албаны хүмүүс ирсэн, энд хүний эрх зөрчигдсөн асуудал байхгүй” гээд оруулахаас дахин татгалзсан.
-Саатуулагдсан залуусын ар гэрийнхэн бас очсон харагдсан?
-Биднийг очих үед хүүхдүүд нь саатуулагдсан гэсэн таван хүн гадна нь байсан. Бид эхлээд өөрсдөө дотогш орохыг хүссэн ч оруулаагүй учир тэдгээр иргэдтэй ярилцаад хүүхдүүдэд нь эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжоор хангаж өгөөч гэхэд бас л татгалзсан. Уг нь саатуулагдсан иргэн эрх зүйн туслалцаа авах эрхтэй шүү дээ. Ингээд 12:00-13:30 цагийн үед саатуулагдсан залуусыг суллаж эхэлсэн.
-Залуусын өмгөөлөл авах эрхийг хуулийн байгууллага хангаж чадав уу?
-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар иргэд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэдэг.
Энэ үйл явдлын хувьд баривчлагдсан хүмүүсийн энэхүү эрхийг нь хангаагүй гэж үзэж байгаа. Учир нь өмнө хэлсэнчлэн гадаа нь хүлээж байсан ар гэрийнхний хүсэлтээр таван иргэнийг өмгөөлөх хүсэлт гаргахад хүртэл өмгөөлөгчдийг оруулаагүй. -Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 20 орчим хүнийг баривчилсан, тэдгээр хүмүүс жагсаалыг өдөөн турхирсан, буруу бүтэцтэй болгосон гэх тайлбарыг хийсэн. Бодит байдал дээр юу болсон юм бэ?
-ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас хийсэн тэр мэдээллийг хараад гайхсан. Биднийг саатуулах байран дээр байх үед гэхэд л 30 хүн суллагдаад гарч ирсэн. Үүнийг баттай хэлэх байна.
-Залуус гарч ирээд юу гэх юм?
-Залуусын хэлж байгаагаар баривчлагдсан хүмүүсийг өөрсдөө тоолоход 76 хүн байсан гэсэн. Тэднийг зөвхөн талбай дээрээс баривчлаагүй. Ард кино театр, Дуурийн театр орчмоос баривчилсан байгаа юм.
-Баривчилгааны үеэр залуусын биед ноцтой халдаж байгаа үйлдлүүд олон нийтэд ил болсон. Энэ нь хүний эрхийн зөрчил мөн үү?
-Баривчлагдаад явж байгаа иргэнийг дэвсэлж буй бичлэг олон нийтэд түгсэн. Энэ бол яах аргагүй хүний эрхийн зөрчил мөн. Саатуулагдсан иргэдийн дунд 13 настай хүүхэд хүртэл байсан гэсэн. Залуучуудын хэлж байгаагаар цагдаа нар тэднийг бороохойгоор цохих, харааж заналхийлэхээс эхлээд ноцтой үйлдлүүд гаргасан тул үүнийг Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагууд нухацтай шалгах хэрэгтэй. Хамгийн ноцтой нь тэдгээр залуусын олонх нь тэр шөнө юу болсон, баривчилгааны дараа яасан талаар чөлөөтэй ярьж чадахгүй, айсан байдалтай байсан.
-Ноцтой зүйл болсон байж магадгүй гэсэн үг үү?
-Иргэдийг саатуулах үед болон саатуулагдсаны дараа хэрцгий, хүнлэг бусаар харьцаж, улмаар биед нь халдсан гэж залуучууд хэлж байгаа. Өмгөөлөгч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг сануулаагүй зэрэг нь хүний эрхийн зөрчил, цагдаагийн байгууллага, түүний алба хаагчдын хууль бус үйлдэлд тооцогдоно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д зааснаар цагдаагийн байгууллагын алба хаагч нь холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор зургаан цаг хүртэлх хугацаагаар саатуулж болдог. Мөн тус хуулийн 4.8 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг авах ажиллагааг гурван цагаас илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авах ёстой. Нэг удаагийн мэдүүлэг авах ажиллагаа нийт зургаан цагаас хэтэрч болохгүй.
Гэтэл үүрийн 03:40 цагаас эхэлж албадлагын арга хэмжээ авч саатуулж эхэлсэн гэж үзвэл үдийн 12:00 цаг хүртэл найман цаг илүү саатуулж, мэдүүлэг авсан байна. Мөн насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авах бол дээрх хуулийн 4.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу түүний хууль ёсны төлөөлөгч, эсвэл өмгөөлөгч, шаардлагатай тохиолдолд сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны аль нэгийг байлцуулах ёстой гэх мэт шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй байна.