Гэр бүлийнхнийгээ хөнөөгөөд үдэшлэгт оролцохоор явсан 17 настай алуурчин Жефф Пеллигийн түүх

2022-05-01, 08:05
11,546

1989 оны 4-р сарын 30-ны өглөө Олив Бранч сүмд цугларсан мөргөлчид номлогч Роберт Пеллиг хүлээн сууж байв. Гэр бүлээрээ сүмийн цуглаанд ирээгүй тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдсон эсэх талаар шалгахаар очсон нэгэн номлогчийг гэргий, хоёр охины хамт гэртээ амиа алдсан байдалтай байхыг олсон түүхтэй. Гэр бүлийн амьд үлдсэн ганц эрэгтэй гишүүн болох Жефф Пеллигийн эсрэг үүсгэсэн хэрэгт түүнийг алуурчин мөн гэдгийг баталгаажуулсан ямар ч ул мөр, зэвсэг, гэрчийн мэдүүлэг зэрэг зүйлс байгаагүй боловч түүнийг уг хэрэг болсноос хойш 17 жилийн дараа ялласан юм.

Гэр бүлийнхнийгээ хөнөөгөөд үдэшлэгт оролцохоор явсан 17 настай алуурчин Жефф Пеллигийн түүх

Индиана мужийн цагдаагийн газар дуудлагын дагуу хэргийн газарт ирж шалгах үед тэдний 17 настай хүү Жефф Пелли байхгүй байгааг тогтоожээ. Хүүгийн хувьд уг хэргээс ердөө хэдэн долоо хоногийн өмнө хулгайн хэргээр баривчлагдаж, ааваасаа төгсөлтийн бүжгийн үдэшлэгт явах эрхээ хасуулаад байсан гэдэг. Мөрдөгч нар үүнийг гэмт хэрэг үйлдэх сэдэл болсон байх магадлалтай хэмээн сэжиглэж Жеффийг гол сэжигтнээ болгожээ.

Маргааш өдөр нь түүнийг цэнгэлдэх хүрээлэнд байх үед баривчлахад Жефф хамгийн чамин хослолоо өмсөж, найзуудтайгаа үдэшлэгт шөнөжин цэнгэсэн байсан аж. Ийнхүү чухам тус хэргийг хэн, ямар зорилгоор үйлдсэн талаар учир битүүлэг түүх эхэлсэн юм.

1971 оны 12-р сарын 10-ны өдөр Роберт Жеффри Пелли шашинд гүн итгэлтэй, номлогчийн гэрт мэндэлжээ. Түүний аав, ээж 1960-аад онд Охайо мужийн Маунт Вернон Назаренегийн их сургуульд суралцаж байх үедээ танилцаж, 1970 онд гэр бүл болон жилийн дараа хүүтэй болсон нь энэ байв. Харин түүний охин дүү Жак 1976 онд төржээ.

1984 онд Робертын гэргий Ава Пелли арьсны хорт хавдартай хэмээн оношлогдож, дараа жилийнхээ 2-р сард эмчилгээнд орохыг эсэргүүцсээр өөд болжээ. Эхнэр нь өөд болоод удаагүй байсан ч Роберт Пелли Даун Хубер гэх 27 настай нөхрөө алдсан эмэгтэйтэй танилцаж, 1985 оны 11-р сард гэр бүл болов. Ийнхүү Жефф болон Жак нар 5 настай Жессика, 4 настай Жанель, 2 настай Жолень нэртэй 3 охин дүүтэй болжээ.

Ийнхүү шинэхэн, өнөр өтгөн гэр бүл 1986 онд Индиана мужийн Лейквилл рүү нүүж, Роберт Пелли Олив Бранч сүмд номлогч хийх болжээ. Ийнхүү аж амьдрал нь төвхнөсөн ч гэр бүлийн амьдрал төдийлөн амар тайван байсангүй. Хожим тус мужийн мөрдөгч Марк Сентер “Би эцэг, хүү хоёрын хооронд үл ойлголцол их байдгийг мэддэг байсан. Роберт хүүгээ цохих үе ч байсан. Хөршүүд ч үүнийг мэддэг байсан гэж би бодож байна” хэмээн дурсаж байв. 1989 оны эхээр Жефф Пелли дэлгүүрээс бэлэн мөнгө, CD хулгайлсан хэргээр саатуулагдсан аж. Тухайн үед эл хэргийг мөн л мөрдөгч Марк Сентер мөрдөн ажиллаж байжээ.

Мөрдөгч Марк Сентер тухайн үед Роберт хүүгээ ийм хэрэг хийсэнд нь тун чанга хандаж байсан төдийгүй, Great America-д цэнгэлдэх хүрээлэнд удахгүй болох гэж байсан сургуулийн үдэшлэг, зугаалгад оруулахгүй хэмээн хориглосон хэмээн дурсаад энэ нь хожим Жефф Пелли ийм хэрэг үйлдэх шалтаг болсон гэж үзсэн юм.

Ням гарагийн өглөө 9:30 цагийн үед мөргөлд оролцохоор ирсэн Давид Хатавей номлогчийн гэрийг шалгахаар ирээд хаалгаа нээхгүй байх үед үүдний шал дээр гэрийнх нь түлхүүр хэвтэж байгааг олж, гэрт нэвтрэх үед номлогчийн нүдний шил хивс дээр хэвтэж байгааг анх харсан бөгөөд цаана нь номлогч, түүний эхнэр болон хоёр дагавар охин амиа алдсан байдалтай хэвтэж байгааг харсан гэдэг. Хэргийн газрын талаар мөрдөгч Сентер “Тэр өглөө бидний харсан зүйлийг өөр хэн ч битгий хараасай гэж би хүсдэг. Энэ хулгай дээрмийн сэдэлтэй ийм хэрэг болсон гэхийн аргагүй, аймшигтай дүр зураг нүдэнд туссан. Гэхдээ л ажлаа хийж байгаа учраас тэр газарт байж, сэжигтнүүдийг олж тогтоохоос өөр аргагүй байлаа” хэмээн ярьж байжээ.

Хэрэг болсон шөнө Жак охин найзындаа очихоор хотоос гарсан байсан бол түүний эгч Жессика найзындаа хонохоор гэрээсээ явсан байсан аж. Харин Жеффийн хувьд хотод байсан, аавтайгаа таарамжгүй харилцаатай байсан гэдэг шалтгаанаар хамгийн эхний сэжигтэн болон бүртгэгджээ. Үнэхээр ч мөрдөгч Сентер түүнийг гэр бүлийнхнийгээ хөнөөгөөд үдэшлэгт явсан гэж таамагласан гэдэг.

Цагдаа нар түүнийг 4-р сарын 30-ны өдөр баривчилж, хойд эхийнх нь тухай асуухад “Бид таарамжгүй харилцаатай. Сайн уу эсвэл баяртай гэх зэргээр л харилцдаг. Бид нэгнийгээ үзэн яддаггүй ч нэгнийгээ тэвчдэггүй” хэмээн хариулж байжээ. Ийнхүү ямар ч нотлох баримтгүй, хэн нэгэн гэрчгүй, хэрэг үйлдсэн гэх зэвсэггүй байсан түүний эсрэг хэрэг үүсгэн буруутгахад нотолгоо хэтэрхий бага байв.

Гэгээн Жозеф Каунтигийн мөрдөгч Жон Ботич хэрэг болсон оройны 5 цаг хүртэл хүмүүс Робертын гэрээр зочилж, үдэшлэгт өмсөх хувцас сонирхуулж байсан гэж мэдүүлэгт өгүүлсэн бол хуульч Френк Шаффер “Жефф Пеллигийн 1984 оны саарал өнгийн Форд Мустанг машин 5:30 минутын үед гэрийнхээ гаднаас хөдөлсөн нь нэг хүн 4 хүний амийг ямар ч ул мөргүйгээр хөнөөхөд хэтэрхий богино хугацаа” хэмээн тодотгож байжээ.

Гэсэн ч Френк Шафферын хувьд гэмт хэрэгтнийг үрлэн сумтай буугаар гэр бүлийнхнийгээ хөнөөгөөд, зэвсэг болон хонгиог нууж, хувцсаа угааж, усанд орсныхоо дараа найзынхаа гэр лүү хөдөлж, хамтдаа үдэшлэг рүү явсан байх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг. Харамсалтай нь Жеффийг буруутгах хангалттай баримтгүй байсан тул 2002 оныг хүртэл тэр эрх чөлөөтэй явсан юм.

2002 онд аллагын хэргээр баривчлагдах үедээ тэрээр Флорида мужид шинэхэн гэр бүл зохиож, IBM компанид зөвлөхөөр ажиллаж байв. Түүний хэргийн шүүх хурал 2006 онд эхэлж, 1989 онд буруутгаж байсан таамаглалын дагуу түүнд хэрэг үүсгэн яллах үед түүнийг гэрчлэхээр ирсэн Алан Баум “Жефф тэр үдэш бидний л нэгэн адил хөгжилдөж байсан. Бид ч цагийг зугаатай өнгөрүүлсэн. Гэр бүлийнхнийгээ алсан хүн хүүхэд шиг тэгж хөгжилдөж явах боломжтой гэж үү?” хэмээсэн нь түүнийг хамгаалах ямар ч үндэслэл болоогүй юм.

Улмаар бүх шатны шүүхээс Жефф Пеллиг гэм буруутайд тооцож, 160 жилийн хорих ял оноожээ. Ингэхдээ тэд 1989 онд Жеффийн угаалгын машины цилиндерт хийсэн шинжилгээгээр люминол гэх бодис илэрсэн хэмээгээд үүнийг цустай хувцсаа угаахад хэрэглэсэн гэж үзжээ.

Сонирхолтой нь 2003 онд прокурорууд Тони Билер гэх Роберт Пеллигийн санхүүгийн нэгэн хамтрагчаас мэдүүлэг авах үед тэрээр Робертыг нэрээ нууцалсан нэгэн үйлчлүүлэгчдээ алуулах вий хэмээн ихээр түгшиж байсан гэж мэдүүлсэн байдаг аж. Ийнхүү 17 насандаа гэр бүлийнхнийгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Жефф өдгөө торны цаана суусан хэвээр буй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()