Карабахын хямрал: Москвагийн эзгүйд модераторын үүрэг гүйцэтгэгч Брюссель

2022-04-08, 14:21
1,242
Карабахын хямрал: Москвагийн эзгүйд модераторын үүрэг гүйцэтгэгч Брюссель

Орос-Украины дайнд бүгдийн анхаарал төвлөрөөд буй энэ үед Брюссельд өчигдөр дууссан Армени, Азербайжаны удирдагчдын уулзалт бүс нутгийн хямралыг шийдэх гарцыг олоход бага боловч түлхэц болсныг ажиглагчид тэмдэглэж байна.

Уулын Карабахын районд 3 дугаар сард байдал хурцдаж, Азербайжаны цэргүүд Фаррух тосгоныг эзлэн авснаас хойш Армений Ерөнхий сайд Н.Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев нар анх удаагаа уулзсан нь энэ юм. Уулзалтыг Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель зуучлан зохион байгуулсан бөгөөд тэрбээр уулзалтын өмнө хоёр улсын удирдагчдыг тус тусад нь хүлээн авч уулзсан байна.

“Коммерсанть” сонины асуултад хариулсан ихэнх шинжээчдийн үзэж байгаагаар, “цэргийн тусгай ажиллагаа” явуулж буй Орос улс Карабахын асуудлыг анхаарах сөхөөгүй байгаа энэ үед Европын Холбоо Армени-Азербайжаны хооронд гол зуучлагчийн үүргийг өөртөө авахаар шаргуу оролдож байна.

Брюсселийн гурван талт уулзалтын дараа оролцогчид хамтарсан мэдэгдэл гаргана эсвэл сэтгүүлчидтэй уулзана гэж хэвлэлийнхэн хүлээж байсан нь талаар болов. Зуучлагч Ш.Мишель твиттер хуудсандаа бичсэнийг үзвэл, уулзалт үр дүнтэй болж, энхийн хэлэлцээнд бэлтгэх тохиролцоонд хүрсэн ажээ.

Одоогоор тодорхой болсон мэдээлэл гэвэл, хоёр удирдагч энхийн хэлэлцээ хийхэд бэлтгэж эхлэхийг өөр өөрийн улсын ГХЯ-нд даалгасан байна. Хэлэлцээ хийхийн өмнөх эхний алхам бол 4 дүгээр сар дуусахаас өмнө хоёр улсын хилийн заагийг тогтоох хоёр талын комиссыг байгуулах явдал юм.

Пашинян, Алиев нар сүүлийн хагас жилийн дотор гуравдахь удаагаа уулзсан нь энэ юм. Тодруулбал, 2021 оны 11 дүгээр сард Оросын Ерөнхийлөгчийн зуучилснаар Сочид, 12 дугаар сард Брюссельд уулзахад нь Ш.Мишель зуучилсан бол дараа нь хоёр талын хэлэлцээ болсон. Гэсэн хэдий ч сөргөлдөөнийг намжаахад ахиц дэвшил төдийлөн гараагүй нь үнэн. Дахин дурдахад, өнгөрсөн 3 дугаар сард Оросын “цэргийн тусгай ажиллагаа” ид явагдаж байсан тэр үед Карабахын II дайнаас /2020 оны 9-11 дүгээр сар/ хойш анх удаагаа нөхцөл байдал ноцтойгоор хурцадсан билээ.

 

Карабахын хямралын асуудлыг судалдаг Их Британийн шинжээч Томас де Ваал-ын үзэж байгаагаар, Орос-Украины дайн дэгдсэнтэй холбоотойгоор Оросын энхийг сахиулагчид сэтгэл санааны хувьд “тааруухан” байгаа үеийг ашиглан Бакугийн эрх баригчид Армений талд шахалт үзүүлэхээр шийдэж, Азербайжаны цэргүүд Фаррух тосгон руу гурван чиглэлээр дайрч эзлэн авчээ. Оросын энхийг сахиулагчид тухайн нэг чиглэлээр довтолсон цэргийнхэнтэй хэлэлцээ хийж байх хооронд бусад хоёр бүлэг нь аль хэдийнэ зорьсондоо хүрчээ. 

Харин сүүлийн үед сөргөлдөгч хоёр тал энхийн гэрээ байгуулах боломжийн талаар харилцан мэдэгдэл хийх болсон юм. Тухайлбал, 3 дугаар сард Азербайжаны тал ирээдүйд байгуулах энхийн гэрээнд оруулах 5 зарчмыг тусгасан саналыг Армений талд хүргүүлжээ. Тодруулбал, бие биенийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх, нутаг дэвсгэрийн аливаа маргаанаас татгалзах, бие биендээ заналхийлэхгүй байх, хилийн заагийг тогтоох, дипломат харилцаа тогтоох, тээврийн коридоруудыг чөлөөлөх гэсэн 5 асуудлыг хөнджээ. Ереван эдгээр саналыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрсний зэрэгцээ өөр нэгэн асуудлыг Азербайжаны талд хөндөн тавьсан нь Карабахад амьдардаг армян иргэдэд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхтэй холбоотой юм. Гэвч уг асуудлыг Баку зөвшөөрөх магадлал тун бага бөгөөд  “энэ бол Азербайжаны дотоод хэрэг” гэсэн хариу өгөх нь бараг тодорхой.

Ташрамд дурдахад, Пашинян, Алиев нарын уулзалтын өмнөхөн Армений сөрөг хүчнийхэн томоохон цуглаан зохион байгуулж, азербайжанчуудын тавьж буй болзлыг Пашинян хүлээж аваад буулт хийж магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлэв. Энэ бол 2021 оны зун Пашинян дахин сонгогдсоноос хойш болсон хамгийн том улс төрийн акц юм.

Сөрөг хүчнийхний зүгээс 1.Азербайжаны бүрэлдэхүүнд Арцахын /Уулын Карабахын армян нэр/ статусыг тогтоох ёсгүй 2. тээврийн коридорыг чөлөөлөх нэрийн дор Армени улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах ёсгүй 3. Арцахын автономит эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Азербайжантай ямар ч хэлэлцээр байгуулж болохгүй гэсэн 3 гол шаардлагыг тавьж байгаа юм. 

Үүний зэрэгцээ Брюсселийн уулзалтын дараа "Уулын Карабах", "Минскийн бүлэг" гэсэн үгнүүд огт дурдагдахгүй байгааг Армений шинжээчид анзаарчээ. Уулын Карабах гэдэг нь азербайжанчуудын үзэж байгаагаар Оросын энхийг сахиулагчид түр байрлаж буй хэсэгхэн газар нутаг бөгөөд ойрын үед байгуулах гэж буй энхийн хэлэлцээрийн текстэнд огт дурдагдахгүй бололтой.

Минскийн бүлэг /The OSCE Minsk Group/ гэдэг нь Карабахын хямралыг энхийн замаар зохицуулах арга замуудыг хайх зорилготой Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын бүлэг бөгөөд түүнийг ОХУ, АНУ, Франц гэсэн гурван улс хамтран даргалдаг.

 

Вашингтоны хувьд байр суурь нь тодорхой байгаа. Орос-Украины сөргөлдөөнд хамаг анхаарал төвлөрөөд буй энэ үед Карабахын нөхцөл байдал хурцдах аваас томоохон бэрхшээл үүсгэнэ гэж АНУ болгоомжилж байна.  Брюсселийн гурван талт уулзалтын өмнө барууны хоёр өндөр албан тушаалтан болох ЕАБХАБ-ыг /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/ даргалж буй Польшийн Гадаад хэргийн сайд З.Рау, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Армени, Азербайжаны удирдагчидтай биечлэн уулзсанаас гадна утсаар ярьсан байна.

Украинд үүссэн нөхцөл байдал нь дэлхийн хэмжээний том тоглогчдыг Карабахын асуудлаас хөндийрүүлэх төдийгүй сүүлийн жилүүдэд Орос, Барууны орнуудын хүчин чармайлтууд бие биенийгээ харилцан нөхөж ирсэн тэрхүү тэнцвэрт байдлыг үгүй хийж болзошгүй гэдгийг шинжээчид хэлж байна. Тухайлбал, Армений улс төр судлаач С.Даниелян хэлэхдээ, Карабахын хямралыг зохицуулахад ЕХ модераторын хувиар оролцох эрмэлзэлтэй байгаа бөгөөд Брюсселийн уулзалтыг геополитикийн яг ийм агуулгаар нь дүгнэх хэрэгтэй” гэлээ.

Ерөнхийд нь ажваас, Украины асуудалд гүн татагдан орсон Оросын геополитикийн нөлөөллөөс гадуур Карабахын асуудлыг зохицуулах нь Азербайжанд ашигтай. Энэ бүхэнд Москва хэрхэн хандаж байгаа нь одоогоор яг таг тодорхойгүй байгаа. Логикоор бол, Оросын тал бүс нутагт өөрийн байр суурийг тодорхой болгох хүртэл асуудлыг сунжруулж, цаг хожих нь Армений талд ашигтай.

Азербайжаны улс төр судлаач Р.Гусейновын үзэж байгаагаар, энхийн гэрээг байгуулах гэж яарч буй байдал ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь тээврийн коридорыг чөлөөлж, ачаа ба зорчигч урсгалыг нээх төлөвлөгөөг жил хагасын өмнө боловсруулжээ. Бүс нутгийн тээврийн коридорууд ялангуяа Армений нутгаар дамжин Азербайжаны Нахичевань гэдэг анклав руу нэвтрэх коридорыг нээхийг Баку шаргуу шаардаж байгаа юм. Гэтэл шаардлагыг биелүүлэх аваас Ирантай хиллэдэг нутгийнх нь бүрэн бүтэн байдал алдагдана гэж армянчууд болгоомжилж байна.

 

Коридорын асуудлыг Оросын тал ч мөн сонирхох нь гарцаагүй бөгөөд учир нь, Украинд явуулж буй цэргийн ажиллагааны улмаас Барууны орнуудын хоригт орсон тус улс тээвэр ложистикийн шинэ маршрутуудыг хайхаас аргагүйд хүрнэ.

Үүний зэрэгцээ Армени, Азербайжаны шинжээчдийн хэлж байгаагаар, хэлэлцээний явцад Москвагийн үүрэг роль өөрчлөгдөж магадгүй бөгөөд энэ нь Орос ба Европын институтүүдийн хооронд тогтоосон хэлхээ холбоо үндсэндээ тасарснаас үүдэлтэй. Орос-Барууны хооронд яриа хэлэлцээ зогссон нь Карабахын асуудлыг шийдэхэд зуучлагчийн хувиар шууд оролцсоор ирсэн Оросын боломжийг хааж байна, гэхдээ энэ бол Москва тоглоомын гадна талд үлдчихлээ гэсэн үг биш гэдгийг Азербайжаны шинжээч И.Велизаде дурдлаа.

Украины асуудалд хамаг анхаарлаа төвлөрүүлээд байгаа хэдий ч ОХУ Карабахын хямралыг зохицуулах ажиллагаанд оролцсоор байна. Баасан гарагт Армений Гадаад хэргийн сайд А.Мирзоян Москвад очиж С.Лавровтай уулзана. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песковын мэдэгдсэнээр бол, хэлэлцээнд бэлтгэж эхлэх тухай Армений талын мэдэгдлийг Москва “нааштайгаар” үнэлж байгаа ажээ. 

Эцэст нь, Брюсселийн уулзалтын дараа Карабахын хямралыг зохицуулах үйл явц дараах хоёр хувилбараар өрнөнө гэж шинжээчид үзэж байна. Нэг бол Сочигийн тохиролцооны дагуу эсвэл хоёр улсын хилийн заагийг тогтоох комиссыг байгуулах замаар асуудлыг шийдэхээр оролдох болно.

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: kommersant.ru

golosarmenii.am

haqqin.az

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()