Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Орос, Украины дайныг тойрон монголчууд маань бүтэн сар талцлаа. Украин дахь фашизм, ОХУ-ын сөрөг арга хэмжээ, НАТО ба Оросын тулгаралт, доллар ба рублийн тулаан, дэлхийн эдийн засагт өрнөж буй өөрчлөлтүүд...бид хамаагүй атал хамаатай сэдвээр сошиал мөргөлдөөнд ханцуй шамлан орсоор хаврыг барах нь.
Ардчиллаараа барьцаалж байгаад л үзэж тарж, үсэрч наалдлаа. Энэ хооронд НҮБ-ын Ерөнхий ассамблей хоёр ч удаа Украины асуудлаар 200 шахам орны хүрээнд санал асуулга явууллаа. Монгол Улс Орос ба Украины алиных нь талд ч орсонгүй, түдгэлзсэн байр суурин дээрээ бат зогсож үлдлээ. Монголын энэ байр суурийг цэнхэр гаригийн улс орнууд ойлгон хүлээж авлаа.
Манайхан ч яаж тэсэх билээ, хоёр хуваагдаад жагслаа. Харин өнөөдөр гадаад харилцааны төвийг сахисан байр суурьтай Монгол Улсын Засгийн газар Украинд 200 мянган ам.долларын тусламж илгээх шийдвэр гаргачихлаа. Ардчилсан улс гэдэг утгаараа үзэл санааны нээлттэй эрх чөлөөгөө харуулж, хүмүүнлэгийн тусламжид нэгдэн орлоо. Болж байна. Украины өнөөгийн нөхцөл байдлыг ойлгон, дэмжиж туслах эрхээ эдэллээ. За одоо тэгвэл нэгэнт ардчилсан улс юм чинь нөгөө талын буюу Оросын байр суурийг ойлгон, нээлттэй үзэл бодол баримталж, ахиад тусламж илгээе.
Төвийг сахисан улс төвөө л сахия. Нэг тийшээ нэлмийж ханараад яахав. НҮБ-ын индэр дээр, 193 орны өмнө илэрхийлсэн байр сууриа бататгая. Түдгэлзсэн санал дээрээ бат зогсоё. Ер нь бол ардчилсан үзэл баримтлалаа дэлхийд зарлан харуулъя. Дайнтай байгаа хоёр орны байр суурийг аль алийг нь хүндэтгэе. Ардчилсан улс гэдгээ харуулж, ахиад Орост илгээмж явуулъя. Тэгж байж төвийг сахисан, түдгэлзсэн байр суурин дээрээ үлдэж чадах юм. Нэгэнт нэг улсад нь тусламж илгээх болчихлоо, нөгөөхийг нь үлдээж шогтоод яахав, Монголын өнөөгийн байдал, хөршийн бодлогод нийцэх л алхам хийцгээе.
Тэнд орос, украин залуусын хэн хэнийх нь амь үрэгдэж байгаа. Тэгээд ч Орос, Украин хоёрын аль алинд нь энэ дайнд буу шагайх ухрах аргагүй шалтгаан байгааг дэлхийд сануулъя. Ардчилсан Монгол биз дээ, ардчилал гэж юу байдгийг үзүүлээд өг, өөр одоо яах юм? Хөршийн дипломат харилцаандаа дэлбэ алдаа гаргачихлаа гээд ангайгаад сууж байлтай биш. Өнгөрсөн зууны 45 оны өвөөгөөс өнөөгийн бид дутахгүй шүү, дутахгүй.
Р. Эмүжин