«Би төрөх ёсгүй байсан»
Их Британид саяхан нэгэн хачирхалтай үйл явдал болж өнгөрчээ. 20 настай Иви Тумбс гэх эмэгтэй ээжийнхээ эмэгтэйчүүдийн эмчийг шүүхт өгсөн байна. Учир нь Иви ховор тохиолдох “spina bifida” буюу нуруу нугасны эмгэгтэй төржээ. Хэрвээ эмэгтэйчүүдийн эмч нь ээжийг нь жирэмсэн байх явцад түүнд фолийн хүчил уухыг санал болгосон бол энэхүү төрөлхийн гажгаас урьдчилан сэргийлэх боломжтой байжээ. Харин эмч энэ эмийг бичиж өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэрээр эмч бүсгүйд амьдралынхаа эцсийн мөч хүртэл нөхөн төлбөр төлөх шаардлагатай болсон гэнэ. Өөрийгөө төрөх ёсгүй байсан гэж бодож буй бүсгүй харин бүхий л амьдралынхаа туршид өвчин намдаах эм, дусал зэргийг хэрэглэх хэрэгтэй болж тусгай хэрэгцээт хүний тоонд багтах болжээ.
Мэдрэлийн cуваг
Фолийн хүчил буюу В9 амин дэм нь төрөлхийн гажигаас урьдчилан сэргийлэх цор ганц бүтээгдэхүүн юм. Үүний үр дүн нь судалгаагаар батлагдсан байдаг.
Фолийн хүчил нь ургийн мэдрэлийн суваг үүсэхэд чухал нөлөө үзүүлдэг бөгөөд энэхүү сувгийн тусламжтайгаар тархи болон нугасны мэдрэлүүд үүсдэг байна. Хэрвээ эхийн бие организмд энэхүү амин дэм дутагдаж байвал мэдрэлийн суваг нэг талаасаа хумигдахгүй байх магадлалтай. Ингээд Иви Тумбсын өвчин болох spina bifida өвчин үүсдэг байна. Харин тархины мэдрэлийн талаасаа хумигдахгүй бол ураг амьгүй болох аюултай.
Хамгийн гол нь уг мэдрэлийн суваг нь жирэмсэлснээс хойш 17-30 дахь хоногт үүсдэг . Энэ нь эмэгтэй жирэмсэн гэдгээ мэдээгүй байх ч боломжтой хугацаа юм. Тиймээс жирэмсэн болохын өмнө фолийн хүчил биед хангалттай байх хэрэгтэй гэсэн үг.
Фолийн хүчлийг хэзээ, ямар хэмжээтэй уух вэ?
Ямар хэмжээтэй уух вэ? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд хоногт 400 мкг фолийн хүчлийг уух хэрэгтэй гэнэ. Харин жирэмсэлсэн тохиолдолд 600 мкг болгож нэмэгдүүлнэ.
Хэзээ уух вэ? Жирэмсэн болохын 3 сарын өмнөөс ууж, жирэмсний 12 долоо хоног хүртэл үргэлжлүүлж хэрэгтэй. Төрөх хүртлээ ч ууж болох бөгөөд энэ нь цус багадалтаас урьдчилан сэргийлнэ.
Төмрийн дутагдал
Жирэмсэн байх явцад төмрийн дутагдалд орох үед толгой эргэх шинж тэмдэг илэрдэг бөгөөд зөв оношилж төмрийн бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Төмрийн дутагдал удаан хугацааны туршид үргэлжлэх үед ургийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө. Төмрийн дутагдал гэдэг нь гемоглобины түвшин буурахыг хэлдэг бөгөөд гемоглобин нь урагт хүчилтөрөгчийг дамжуулдаг гол үзүүлэлт юм. Ийнхүү хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхэд төрөлхийн цус багадалттай төрөх магадлалтай.
Гэхдээ шинжилгээгээр гемоглобин түвшин буурч байгааг шууд мэдэх боломжгүй. Учир нь эцсийн мөчид л энэ үзүүлэлт бага гардаг юм. Тиймээс ферритин, ийлдэс дэх төмрийн түвшинг мөн хэмжих хэрэгтэй бөгөөд ферритин бага байгаа тохиолдолд бие организм дахь төмөр аль хэдийн буурсан болохыг илэрхийлнэ. Жирэмсний явцад биен дэхь цусны хэмжээ 1,5 литрээр нэмэгддэг учир энэ нь цусыг шингэлэж, төмрийн хэмжээ багасахад нөлөөлнө.
Хэзээ, ямар хэмжээтэйгээр төмрийн бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй вэ?
Ямар хэмжээтэй уух вэ? Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд өдөрт 30-60мг төмрийг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй.
Хэзээ уух вэ? Энгийн хүмүүс жилд 3 удаа төмрийн бэлдмэл уух хэрэгтэй байдаг. Харин жирэмсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 30-60мг төмрийн бэлдмэл уух шаардлагатай.
Хооллолтын асуудал
Хоол хүнснээс амин дэмээ авах боломжтой байхад заавал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай юу гэж зарим нь асууж болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ бид бүхний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн хангалттай чанартай биш. Жишээлбэл: фолийн хүчлийг хангалттай хэмжээнд авахын тулд их хэмжээний ногоон ургамал болон брокколи идэх хэрэгтэй. Харин төмрийг хангалттай хэмжээнд авахын тулд С амин дэмийг хослуулан хэрэглэх хэрэгтэй бөгөөд цай болон кофегоор даруулж болохгүй. Жирэмсний явцад амин дэмийн хэрэгцээ маш их байдаг учир энэ бүхнийг хоол хүнснээс авах боломж хараахан байхгүй.
Эмийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа учир төмрийн бэлдмэл болон фолийн хүчлийг нэг дор агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ч үйлдвэрлэгдсэн байна.
Эрүүл хүүхэд төрүүлэх нь ээж таны үүрэг учир жирэмслэлтээ сайн гэгч нь төлөвлөснөөр ирээдүйд үүсэх эрсдлээс өөрийгөө болон хүүхдээ хамгаалах боломжтой.