1
Кратер нуур
Умард Америк дахь Британийн колони мужууд тусгаар тогтнолоо зарлан АНУ-ыг байгуулах үед хүн амын дийлэнх хэсэг нь зөвхөн зүүн эргийн дагуу суурьшиж байсан ба одоогийн АНУ-ын нийт мужуудын 10-15 хувь нь л нэгдсэн улсын захиргаанд хамаарагдаж байсан билээ. Тухайн цаг үед буюу 1826 онд өнөөгийн Орегон мужийн нутагт Хадсон Бей Компанийнхан Кламат омгийнхонтой таарч, Кратер нуурын тухай домгийг нь анх сонсож байжээ.
Тус домогт, Кратер нуур нь дээд болон доод ертөнцийн хооронд үүссэн агаад хүн нуурын усанд сэлэх бүү хэл харж ч болохгүй хэмээн сургадаг аж. Учир нь тэд нуурын ёроолд унтаж буй хилэгнэсэн бурхныг сэрээхээс ийн эмээдэг байжээ. Домгийг сөхвөл дээд ертөнцийн бурхан Скел Шаста уулнаа нутаглаж ахуйд Мазама ууланд аж төрж байсан доод ертөнций бурхан Лао самуун дэгдээж, эцэст нь дээд ертөнцийн бурхан ялж, Лаог уулсын дунд орших хотгорт ус дүүргэн хорьсон нь Кратер нуур болон тогтсон хэмээдэг ажээ.
Хэдийгээр энэ түүх үлгэр домогийн шинжтэй боловч газарзүйн хувьд үнэхээр үүнтэй төстэй үйл явдал болсон байх магадлалтай гэнэ. Учир нь одоогоос 7700 орчим жилийн тэртээ Мазама галт уул дэлбэрч тус уулын тогоонд Кратер нуур бүрэлдэн тогтсон аж. Тус нутгийн уугуул иргэд 14,000 орчим жилийн өмнө нүүдэллэн ирсэн тул ийнхүү тус галт уулын дэлбэрэлтийн гэрч болсон хүмүүс домоглон үлдээсэн нь энэ байх магадлалтай.
2
Бабелын цамхаг
Библийн сударт өгүүлснээр их үерийн дараа хүн төрөлхтөн нэгдэн Вавилон хотыг байгуулж, нэгэн хэлээр ярилцаж, Бабелийн цамхагийг барьж байхдаа өөрсдийгөө бурхантай зүйрлэн байсан ч цамхагаа гүйцээж чадалгүй дэлхий даяар тарж суурьшиж байсан хэмээдэг. Тэгвэл эртний Месопотамиа болон Вавилонд үнэхээр олон давхар цамхаг барих технологи өндөр хөгжиж байсан түүх бий ажээ. Тэдний барьж байсан цамхагууд ихэвчлан хавтгай оройтой байсан бөгөөд одон орон судлал болон баяр ёслолыг цамхагын орой дээр хийдэг уламжлалтай байжээ.
3
Молау болон Таново
Хоёр том арал болон бусад жижиг арлуудаас бүрдэх Фижи улс Номхон далайн өмнөд хагаст оршдог. Тэгвэл тус улсын иргэдийн дунд яригддаг домогт Фижигийн өмнөд хэсэгт орших Оно арлыг эрхшээсэн Таново хаан номхон далайд нар жаргах мөчийг харж, далайн эргээр алхах туйлын дуртай нэгэн байсан ажээ. Гэвч нэгэн өдөр түүний дайсан, галт уулын эзэн хэмээгддэг Молау түүний аз жаргалыг үгүй хийхээр наран жаргах зүгт өндөр уул босгон хаасан гэдэг. Ийнхүү тэдний тулаанд Молау ялалт байгуулан дуусдаг байна.
Тэгвэл судлаачид эл домгийг тус арлын ойролцоо орших Набукелев галт уултай холбон авч үзэж буй ажээ. Одоогоос 50000 жилийн өмнө тус галт уул дэлбэрсэн түүхтэй. Тухайн үед Фижигийн арлууд дээр хүмүүс очиж суурьшаагүй байсан ч хүмүүсийн дунд ийнхүү домог болон яригдах болсон шалтгааныг судалж үзэхэд арал дээрх эртний булшнаас дээш 1 метрт гал уулын үнсэн давхарга байгаа нь тогтоогджээ. Энэ баримт нь хүмүүс суурьшиж эхэлсэн сүүлийн 3000 жилд тус галт уул дэлбэрсэн гэдгийг батлаж буй билээ.
4
Вавилоны цэцэрлэгт хүрээлэн
Дэлхийн эртний 7 гайхамшгийн нэгт багтдаг боловч чухам хаана байдаг нь тодорхойгүй ганц газар бол Вавилоны цэцэрлэгт хүрээлэн билээ. Грек түүхчдийн үзэж буйгаар олон төрлийн модод, ургамал ургасан газарт хүний гараар бүтээсэн олон давхар барилга байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байсан бөгөөд Хоёрдугаар Небучаднеззар хааны зарлигаар баригдсан гэж таамагладаг ажээ. Гэвч бодит байдал дээр тэр Вавилоны цэцэрлэгт хүрээлэнг бариулсан байх магадлал тун бага бөгөөд харин Вавилоны хатан Шаммурамат уг цэцэрлэгт хүрээлэнгийн жинхэнэ санаачлагч байх магадлал өндөртэй юм.
Вавилон болон Ассирын соёл иргэншлүүд өөр хоорондоо эв найртай байсан тэр цаг үед Вавилонд соёл иргэншил хөгжин цэцэглэж байсан бол Ассирт цэрэг, зэвсгийн хүч нэмэгдэж, батлан хамгаалах салбар эрчийг авч байсан гэдэг. Иймээс ч тус цэцэрлэгт хүрээлэнг хатан хаан Шаммурамат үүрэг болгон бариулсан байх магадлал өндөртэй. Гэвч өнөөгийн Грекийн түүхчдийн үзэж буй Хоёрдугаар Небучаднеззар хаан бариулсан гэх онол нь өмнөх таамаглалаас даруй 200 гаруй жилийн зөрүүтэй тул асар их эргэлзээ дагуулсаар буй юм.
5
Кришнагийн живсэн хаант улс
Дэлхийн олон соёл иргэншил дунд хэзээ нэгэн цагт оршин байсан ч арал эсвэл тивээрээ живж усан доор орсон хот, улсуудын тухай домог эртнээс байсаар ирсний хамгийн том жишээ бол алдарт Атлантис хотын түүх билээ. Тэгвэл дэлхийн нөгөө талд Энэтхэгийн хинди шашны домогт Кришна бурхны өөрийн гараар бүтээсэн Матура хотод хөрш зэргэлдээ Жарасанда улс шунан дурлаж 17 удаа халдан довтолсон ч амжилтыг эс олсон тухай өгүүлсэн байдаг ажээ. Гэсэн ч дайны хөлд амиа алдаж буй хүмүүсийг харсан Кришна бурхан хүний нүд хүрэхгүй нэгэн арал дээр Дварака хэмээх хотыг бүтээсэн ч тэнгэрээс шунахай хүмүүс довтолж, олон хүний цус урссан тул Кришна бурхан хаант улсаа орхихоор шийдэж, түүний дараа бүтээсэн хот нь усан доор орж буй тухай домогт өгүүлжээ.
Тэгвэл тус хотыг 1982 онд Энэтхэгийн археологич Рао ижил нэртэй хотоос холгүй усан доор 40 метрийн гүнд НТӨ 15-16 зууны үед хамаарах хотын туурь байгааг илрүүлжээ.