Энэ тухай нэгэн судалгаа 1958 онд эхэлж 2000-аад оны дунд үеийг хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 2100 гаруй хүнийг төрсөн цаг, минутаар нь тэмдэглэж, ижил одонд төрсөн хүмүүсийн хувь заяанд ямар нэгэн ижилсэл байгаа эсэхийг ажиглажээ. Зурхайчдын үзэж буйгаар судалгаанд хамрагдсан хүмүүс дунд оюун ухааны түвшин, мэргэжил, дадал зуршил зэргээрээ ижил төстэй хүмүүс цөөнгүй байсан хэмээсэн ч тэдний төрсөн цаг хугацааг авч үзвэл төрсөн од хүний амьдралд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байгаа нь тод харагдсан аж.
Мөн судлаач Шон Карлсон Европ болон АНУ-аас 30 зурхайчийг сонгон авч цуглуулсан материал дээр ажиглалт хийлгүүж, хүн тус бүрт гурван хүний хувь заяаны төөргийг үзүүлж, аль нь тэднийг төлөөлж байгааг сонгуулжээ. Гэвч уг судалгааны үр дүн хангалтгүй буюу 33 хувийн амжилттай дууссан ажээ.
Зурхайчдын хувьд судлаач Мишель Гоклины өөр өөр мэргэжилтэй 27000 хүнд хийсэн од гараг болон хүний төрсөн цагийн холбоо хамаарлын судалгааг иш татан зурхай хүний хувь төөргийг зааж чадна хэмээн батлахыг хичээдэг. Гэсэн ч дийлэнх эрдэмтэд түүний хийсэн уг судалгааг статистик анализын салбарт хийгдсэн хамгийн муу судалгаа төдийгүй, ямар ч судалгааны арга хэрэгслийг ашиглаагүй хэмээн хүчтэй шүүмжилдэг билээ.
Түүнчлэн зурхайчдын хэрэглэдэг орд нь бодит одны ордтой таардаггүй ба зөвхөн ижил төстэй байдлаар нь холбон авч үздэг ажээ. Мөн бидний хэрэглэж буй зурхайн орд зохиогдсон цагаас хойш нарны эргэх тэнхлэг буюу хазайлт өөрчлөгдөн 13 дахь одны орд нээгдсэн боловч зурхай 12 ордтой хэвээр буй билээ. Сонирхолтой нь бидний мэдэхгүй байгаа 13 дахь орд болох Офиучус буюу тэнгэрийн мөрөн одны ордод нар хилэнцийн ордноос ч удаан хугацаагаар байрладаг аж.
1948 онд сэтгэл судлаач Бертрам Форер нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэрбээр оюутнууддаа судалгааны материал өгөхийн оронд зурхайн бичвэрээс тасдан хэсэг текст тараан өгсөн бөгөөд тус бичвэртэй тэдний зан араншин таарч буй эсэхийг судалжээ. Уг судалгаагаар оюутнууд 5 онооноос 4.26 оноог бичвэрт өгч, дийлэнх нь уг бичвэр тэдний зан авирыг зөв дүрсэлсэн байна гэсэн хариулт өгчээ. Ижил төрлийн судалгааг удаа дараа давтан авахад ч мөн адил үр дүн гарч байв.
Харин судлаачид уг судалгааны үр дүнг Барнум эффектээр тайлбарласан бөгөөд хүмүүс эерэг, гэгээлэг байдлаар бичигдсэн зан араншингийн тайлбар уншаад зөвхөн өөрт нь зориулагдсан мэт мэдрэмж авдагтай холбоотой гэж үзжээ.
Ийнхүү мэргэжил сонголт болон нарны байрлал хоорондын хамаарал, зан араншин болон төрсөн цагийн өнгө зэрэг олон зүйлсийг холбоо хамаарлыг тогтоохоор оролдсон мэдэн зуун судалгаа явагдсан боловч тэдний аль нь ч зурхай хүний ирээдүйг зөгнөж чадна гэдгийг нотолж чадаагүй байдаг.
Орчин цагт ч маш олон хүмүүс зурхайд итгэж, өдөр тутамдаа уншдаг билээ. Гэвч тэдгээр хүмүүсийн уншиж буй тэдгээр бичвэрүүд юунд ч тулгуурлаагүй, хэн нэгний зохиосон худал зүйлээс хэтэрдэггүй нь харамсалтай.