1
Ширээн дээр тохойгоо битгий гаргаж тавь
“Ширээн дээр тохойгоо битгий гаргаж тавьж бай, ингэх нь тун бүдүүлэг үйлдэл шүү. Зөвхөн бугуйнаас урагш хэсгээрээ л ширээн дээрх зүйлстэй харьцаж бай” гэх үгийг та хэзээ нэг өдөр эцэг, эхээсээ сонсож байсан нь лавтай биз ээ. Мэдээж ширээгээ тохойлдож суух үед ширээний бүтээлгийг татаж унагах эрсдэл нэмэгдэх нь зүйн хэрэг боловч томчууд хүүхдийнхээ өмнө энэ сургаалиа өөрсдөө цаг ямагт зөрчиж байдаг нь нууц биш билээ.
2
Хооллох үедээ амаа хаалттай зажилж бай
Маш олон хүмүүс хооллох үедээ амаа нээлттэй зажилж, эвгүй дуу чимээ гаргаж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй мэт хүүхдэдээ амаа нээлгүй хоолоо зажилж идэж бай хэмээн сургадаг.
Харин бохь зажилах үед энэ дүрмийг дагах албагүй билээ.
3
Хүмүүсийг араар нь бүү муу хэл
Бага насандаа бид эцэг, эхээсээ хүнийг араар нь битгий муу хэл, хов жив бүү хөөцөлд гэсэн зөвлөгөөг олон сонсож байсан билээ. Бусдыг араар нь муулах явдал тухайн хүнийг асуудалд оруулах шалтгаан болох эрсдэлтэй тул ийм үйлдэл гаргах нь зохимжгүй гэдэг нь мэдээж. Гэвч насанд хүрэгчид бусдыг араар нь ярьж, муулах хүслээ тэр бүр дарж, хянаж чаддаг болов уу?
Бага насны хүүхдийн чихэнд тухайн яриа нь хүрэх үед тэд энэ үйлдлээ муулж, шүүмжилсэн зүйл биш, зүгээр л тухайн хүний талаар зөвлөлдөж байна хэмээн өөрсдийгөө хаацайлж өнгөрүүлэх явдал олон байдаг билээ.
4
Хараал битгий хэл
Томчууд ихэвчлэн хүүхдэдээ хараал хэлэхгүй байхыг сануулах үедээ хүүхдийнхээ соёлтой боловсон байдалд бус бусдын өмнө хүүхдийнхээ хэрэглэх үг хэллэгт илүүтэйгээр анхаарч байдаг. Мэдээж хэрэг олон нийтийн газар бага насны хүүхэд нь зүй бус үг хэллэг хэрэглэвэл насанд хүрсэн хүн хамгаас эвгүй байдалд орох тул ийнхүү хүүхдэд зөвлөдөг биз ээ.
5
Бусадтай эелдэг харилц
Эелдэг зан бол эрхэмсэг байдлын нэг илрэл боловч орчин цагт хүмүүс сул дорой хүмүүс л бусдад эелдэг хандаж, бялдуучилдаг гэх ташаа ойлголттой явах болжээ. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдэдээ харилцаж буй хүн тань цэвэрлэгч ч бай, ерөнхийлөгч ч бай эелдэг байхыг сануулдаг хэдий ч бодит амьдрал дээр өөрөөсөө доогуур амьдралтай хүмүүст дээрэнгүй харьцах явдал их гардаг билээ.
6
Аривч, хямгач бай
Томчууд хүүхдэд бага наснаас нь санхүүгийн мэдлэг олгоно хэмээн хэрэггүй зүйлд мөнгө үрэхээ больж, өөрт хэрэгтэй зүйлд зарцуулж байхыг зааж сургадаг. Гэвч насанд хүрсэн ч хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэх хандлагатай хүмүүс их бий. Тухайлбал, тийм ч их шаардлагатай үйлдэл агуулаагүй сүүлийн үеийн iPhone гар утастай болохын тулд зээлж авч, 2-3 сарын цалингаа дэмий үрдэг ч тэд үүнийгээ ухаалаг хөрөнгө оруулалт хэмээн итгэх явдал байдаг билээ. Түүнчлэн зээлийн картнаа хяналтгүй хэрэглэн, сарын цалингаа зээлийн төлбөрт өгөөд дараагийн сарын цалин буутал багахан хэмжээний мөнгөөр амьдардаг хүмүүс ч олон бий.
7
Бусдын яриаг бүү тасал
Бусдын яриаг таслах нь тухайн хүнийг үл хүндэтгэж байгааг илэрхийлэхийн сацуу өөрийгөө хүмүүжил, боловсролгүйг бусдад харуулж буй хэрэг билээ. Иймээс ч хүүхдэд бага наснаас нь бусдын яриаг хүндэтгэлтэй сонсож байхыг сургах нь зүйтэй. Харамсалтай нь хүүхдэдээ ярилцаж буй хүнийхээ үгийг дуустал нь сонсож байхыг зөвлөдөг томчууд өөрсдөө хүүхдийнхээ яриаг дураараа тасалж, өөрийгөө илэрхийлэх боломжийг нь хаадаг нь харамсалтай.
8
Олон нийтийн газар буруу авирлахгүй бай
Дээр дурдсанчлан олон нийтийн газар хараалын үг ашиглахгүй, бусдын яриаг таслахгүй байхаас гадна буруу авирлаж, дураараа загнахгүй байхыг эцэг, эхчүүд хүүхдэдээ сургадаг. Үнэхээр ч худалдааны төвөөр хүүхэдтэйгээ явж буй эцэг, эхчүүдийн төдийгүй бусдын ая тухыг хамгийн ихээр алдагдуулдаг зүйл бол үнэтэй тоглоом авна гэж зүтгэн шалан дээр эвхрэх хүүхдийг орилоон байдаг. Харин насанд хүрсэн ч согтууруулах ундаа хэрэглэн орилж, зодоон хийж, ёс бус үйлдэл гаргадаг хүмүүс ч маш олон билээ.
9
Хүнсний ногоо ид
Хүүхдүүдэд эмч нар, багш нар, эцэг эхчүүд гээд бүх л хүмүүс хүнсний ногоо их хэрэглэж байхыг зөвлөдөг. Тэр ч бүү хэл “Ногоогоо идэж дуусах хүртлээ ширээнээс босч болохгүй” хэмээн хатуухан арга хэмжээ авдаг хүмүүс ч олон. Мэдээж хэрэг ундаа, чипс гэх мэт амттай зүйлс олон байхад хүнсний ногоо идэхийг хүсэх хүүхэд ховор.
Гэсэн ч томчуудын хувьд өөрсдөө хүнсний ногоог төдийлөн их хэрэглэдэггүйн дээр утсан мах, давсалсан загас, чипс, шар айраг гэх мэт эрүүл бус хүнсийг өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг билээ.