Чоу Юнь Фат 1955 онд Хонконгийн ойролцоох Ламма аралд, ядуу гэр бүлд төрсөн байна. Эцэг эх нь жирийн тариачид байсан тул амьжиргаагаа арай ядан залгуулдаг байв. Хэсэг хугацааны дараа түүний гэр бүл илүү сайхан амьдрал хайн Хонконг руу нүүжээ.
Аав нь нефтийн хөлөг онгоцонд ажилд орж, ээж нь жигнэсэн банш гудамжид зарж эхэлсэн тэр үеэс Чоу чадах чинээгээрээ эцэг эхдээ туслах болов. Эхлээд тэрээр ээжтэйгээ хамт банш зарж, бусдын хашаан дахь хогийн ургамал цэвэрлэх зэргээр бага ч гэсэн мөнгө олох болсны дээр гэрээ харж хандаж байв. Харин тэрээр 17 нас хүрмэгцээ ажилд орохоор шийдсэн учраас сургуулиа орхижээ.
Чоу дэндүү тарчиг амьдралтай байсан учраас гэр бүлийн гишүүд нь гутал ч авч өмсөх мөнгөгүй байсан тухай дурссан юм. Ямартай ч Чоу хууль бус зүйл хийлгүйгээр мөнгө л олж байвал ямар ч ажлыг гололгүй хийж сурсан тул хэдэн жилийн турш цэвэрлэгч, зөөгч, шуудан зөөгчөөр ажиллажээ.
Магадгүй энэ их зүтгэлийг нь бурхан харж үзсэн бололтой TVB хэмээх суваг туршлагагүй жүжигчдэд зориулсан сонгон шалгаруулалт зарлажээ. Чоу мэдээж жүжиглэх талаар ямар ч ойлголтгүй байсан ч сонгон шалгаруулалтын зарыг олж хараад олдсон боломжийг алдалгүй ашиглахаар шийджээ.
Ийнхүү 1973 онд тэрээр шинэ жүжигчний сонгон шалгаруулалтад тэнцсэн байна. Анхны уран бүтээлдээ хэдий жижиг дүр бүтээсэн ч Чоу чамлахааргүй цалин авсан аж. Үүндээ урамшсан тэрээр жүжигчний албан ёсны сургалтанд суухаар шийджээ. Улмаар Чоу телевизийн төрөл бүрийн төслүүдэд оролцож, чадвараа улам хөгжүүлж эхлэв.
Ингэж явсаар Чоу телевизэд ажиллаад нэлээд хэдэн жил болсон тул үзэгчдэд танигдаж, цаашид өөр ажил хайх шаардлагагүй болжээ. Гэхдээ түүний бүтээж буй дүрүүд нь жижиг хэвээр байсан бөгөөд Чоу амжилттай кино жүжигчин болохыг үргэлж мөрөөддөг байв. Тэгтэл хүсэн хүлээж байсан том дүрээ 1986 онд бүтээх боломж олдсон байна. Тэрээр найруулагч Жон Вүүгийн A Better Tomorrow киноны гол дүрд тоглож Хонконг төдийгүй дэлхийд алдартай болсон юм.
Жилийн дараа Чоу найруулагч Ринго Ламтай хамтран ажиллаж, түүний "Prison on Fire", "City on Fire" кинонуудад тоглосон байна. Эдгээр бүтээлүүд дээр Чоу өөрийн жүжигчний авъяасыг бүрэн дүүрэн харуулж чадсан учраас үзэгчдийг жинхэнэ утгаар нь татаж чаджээ. Дараа нь тэрээр "God of Gamblers", "Born a Thief", "Hardboiled" зэрэг кинонуудад тоглосноор Азийн хамгийн том жүжигчдийн нэг болсон юм.
Гэвч түүнд ганцхан зорилт үлдсэн нь Холливуд болон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх явдал байв. Тиймээс Чоу 1998 онд Чоу Антуан Фукуагийн найруулсан Холливудын кино "Replacement Assassins"-ын гол дүрийг бүтээжээ. Харамсалтай нь энэхүү бүтээл нь төдийлөн амжилт олж чадаагүй байна.
Харин түүхэн бүтээл "Anna and the King"-ийн гол дүрд тоглосны ачаар Чоу олон улсын хэмжээнд багагүй хэмжээний магтаал хүртжээ.
Үүний дараа тэрээр байж болох бүхий л төрлийн дэлгэцийн бүтээлд тоглосон бөгөөд тэдгээрийн ихэнх нь амжилт олсон байдаг. Тиймээс ч Чоу 720 сая ам.долларын хөрөнгө цуглуулж чадсан биз.
Дэлхийд нэр алдар, ашиг орлогоороо тэргүүлж чадсан түүнд тансаглах шиг амархан зүйл байхгүй нь мэдээж. Харин Чоу Юнь Фатын хувьд хялбархан амьдралаас татгалзаж, эхнэртэйгээ хамт бүхнийг өөрсдөө хийн амьдардаг. Тэд мэргэжлийн тогооч хөлслөхийн оронд өөрсдөө хоолоо хийж, гадуур хооллохдоо түргэн хоолны газраар үйлчлүүлдэг байна. Гэр нь тун даруухан бөгөөд хүнд хэрэгтэй гэсэн болгоныг цуглуулсан учраас шинэ юм авах нь ховор. Гэр бүлийн хоёр тиймээс зурагт, хөргөгч зэргээ дэндүү хуучирч ажиллахаа болсны дараа л сольдог байна. Чоу дээрээс нь тансаг зэрэглэлийн автомашинаар бусдын нүдийг хужирлан давхихын оронд нийтийн тээврийг илүүд үздэг. Тэрээр сард ердөө 100-150 ам.доллар зарцуулдаг гэж ярьсан удаатай.
Чоугийн хувьд амьдралын хамгийн чухал зүйл бол их мөнгө олох биш харин бусадтай эв найртай байж, эерэг сэтгэлгээгээ хадгалж, эрүүл мэндээ хамгаалах явдал юм. Түүний эхнэр Жасмин ч гэсэн ийм сэтгэлгээтэй ажээ.
Тиймээс Чоу эхнэрийн хамтаар буяны сан байгуулж, тусламж хэрэгтэй байгаа хүн бүхнийг тэтгэхийг хичээдэг байна. Чухам хүнд амьдралыг туулж гарч ирсэн учраас тэрээр ингэдэг биз.
Харамсалтай нь хосууд хүүхэдтэй болж чадаагүй учраас нийт орлогынхоо 90 орчим хувийг буяны ажилд зарцуулахаар шийджээ. Тэр ч байтугай 2008 онд худалдаанд гаргасан номноосоо олсон бүх орлогоо Хятадад болсон газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд хандивласан байна.
Мэдээж Чоу Юнь Фат шиг алдартай, царайлаг нэгэн эмэгтэйчүүдийг араасаа хуйлруулдаг байсан нь мэдээж. Сонирхолтой нь Чоугийн анхны хайр нь Жасмин биш жүжигчин Канди Ю байсан юм. Эхлээд тэд болзож байгаад ширүүн маргаанаас болоод салсан байна. Харин 5 жилийн дахин нийлээд зогсохгүй гэрлэлтээ батлуулжээ. Харамсалтай нь энэ удаа ч гэсэн хосууд бүрэн ойлголцож чадаагүй учраас 9 сарын дараа нэг мөр хоёр тийш болов. Үүний дараа Чоу 1976 онд үзэсгэлэнт жүжигчин Иди Чантай дотно харилцаа үүсгэж байсан ч 5 жил үерхсэний эцэст тэд салжээ. Учир нь Юньфатын ээж нь Иди Чаныг хүлээн зөвшөөрөөгүй тул хүү нь ч ээжийнхээ үгнээс зөрөөгүй байна. Энэ бүхний дараа Чоу сэтгэлээр ихэд унаж, өөрийгөө аз жаргалтай амьдрал зохиож чадна гэдэгтээ итгэхээ больжээ.
Чоу 1983 онд Жасмин Тантай танилцсан байна. Гэхдээ тэрээр заяаны ханиа олсон гэдгээ тухайн үед мэдээгүй аж.
Чоу санамсаргүй байдлаар Жасминтай танилцсан бөгөөд тэр цагаас хойш байнгын холбоотой байх болж, эцэстээ ухаангүй дурлажээ. Хос хоёр ийнхүү амьдралаа холбохоор шийдэж, Нью-Йорк хотод даруухан хурим хийжээ.
Гэхдээ энэхүү жаргалтай хосын амьдралд дутагдаж байгаа ганц зүйл нь үр хүүхэд юм. Тэр хоёр гэрлэснээс хойш 5 жилийн дараа Жасмин хөл хүнд болсон ч төрөхөөс 7 хоногийн өмнө хүүхэд нь бүтэж зулбасан байна. Жасминий бие энэ явдлаас болж ихэд сульдсан бөгөөд бүрэн эдгэрэх хүртлээ 7 жилийг зарцуулжээ.
Мэдээж тэд дахин хүүхэдтэй болохыг оролдсон боловч бүтэлтэй болсонгүй. Жасминыг 48 нас хүрэхэд эхнэр нь өөрөөрөө төрнө гэж Чоу найдахаа больжээ. Харин өдгөө түүний ээж Лайфоны саналын дагуу хос хоёр тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа аж. Амьдралд юу тохиолдохыг таашгүй учир тэдэнд аз тохиохыг хэн байг гэхэв.