Тэрээр биеэ дийлэх тэнхэлгүй болж, өндийх гэвэл толгой нь эргэж, зүрх нь дэлсдэг байв. Тухайн үед Даг 15 метрээс илүү алхаж, 2 минутаас илүүгүй хугацаанд хөл дээрээ зогсож чадахгүй байсан гэнэ.
Ийнхүү тэрээр бүтэн 11 жилийг хэвтэрт өнгөрөөсөн бөгөөд энэ хугацаанд өөрийгөө эмчлэхийг цөхрөлтгүй оролдсоор байжээ. Учир нь ямар ч эмч түүний онош, өвчний шалтгааныг тодорхойлж чадаагүй, хэрхэн арга хэмжээ авах ёстойг ч хэлж мэдэхгүй байв.
Ямартай ч Дагийн өвчин удамшлын шинжтэй байсан аж. Түүнийг 18 сартай байхад ээж нь хүүхдээ ч тэвэрч чадахааргүй болтлоо бие нь сульдсан бол 4 настай байхад нь хөөрхий эмэгтэй мөн хэвтэрт орсон гэнэ. Ийнхүү ээж нь үлдсэн амьдралаа хэвтэрт өнгөрөөсөн бөгөөд эмч нар түүнд үнэн зөв онош тавьж чадаагүй юм. Гэхдээ олон шинжилгээ хийсний хүчинд эмгэг нь бамбай булчирхайтай холбоотой болохыг тогтоожээ. Мөн Дагийн нагац эгч бас ийм өвчтэй байсан аж.
Даг хэвтэрт байх хугацаандаа байж болох бүхий л анагаах ухааны номыг уншиж судалжээ. Тэрээр дотоод шүүрлийн, дотор заслын, мэдрэл судлалын мэргэжилтнүүдэд хандсан бөгөөд тэдний нэг нь аргаа бараад Дагийг сэтгэцийн эмчтэй очиж уулзахыг зөвлөсөн байна. Чухам энэ үед тэрээр өөрөө л бүх зүйлийг хийх ёстой гэдгийг ойлгосон аж.
Нэг удаа Даг их сургуульд сурч байхдаа ээжийнхээ оношыг тодорхойлохын тулд хүний биеийн дотоод шүүрлийн тухай 2200 хуудас бүхий ном уншиж байснаа санасан байна.
Тус ном дээр бөөрний дээд булчирхайн эмгэгүүд нь бамбай булчирхайн эмгэгтэй төстэй байдаг гэж бичсэн байсныг тэрээр санажээ. Тиймээс түүний эмгэг нь хэвлийн хөндийн хажуу талд байрлах бөөрний дээд булчирхайтай холбоотой юм байна гэж үзжээ.
Олон тооны анагаах ухааны номыг лавшруулан уншсаны дараа Даг мэдрэлийн тогтолцооны бүхэл бүтэн шинэ ангиллын өвчин нээсэн болохоо ойлгов. Ингээд тэрээр өөрийнх нь таамгийг дэмжих эрдэмтэн туслахаараа аваад ажилдаа оров.
Даг өөрийн нээлтээ хэд хэдэн эрдэм шинжилгээний бага хурал дээр танилцуулсан нь анагаах ухааны ертөнцөд шуугиан тарьсан юм. Даг өөрийнх нь бөөрний дээд булчирхай ямар нэг байдлаар өвчилснөөс болоод хорт хавдартай ижил хэмжээний нөлөөг үзүүлж байгаа гэж тооцоолсон аж.
2006 онд хийлгэсэн үзлэг нь түүний бөөрний дээд булчирхайнууд "тод гэрэлтэж" байгааг харуулжээ. Энэхүү гажиг нь түүний шинэ таамагтай нийцсэн байна. Эцэст нь Даг хоёр талын бөөрний дээд булчирхайнд нь эдийн хэт өсөлт үүссэн гэж оношилжээ. Энгийнээр хэлэхэд, энэ нь бөөрний дээд булчирхай томорсноос болж илүүдэл адреналин ялгаруулснаар хавдартай адил хэмжээний хор түүний биед хүргэх болсон гэсэн үг юм.
Хэд хэдэн мэргэжилтэн түүний энэ оношийг үгүйсгэсэн боловч Дагтай хамтарч ажилласан эмч түүнд бүрэн итгэж буйгаа зарласны ачаар олон хүн судалгаанд нь анхаарлаа хандуулсан байна.
Даг цааш судалгаагаа үргэжлүүлсэн бөгөөд удалгүй анагаах ухааны түүхэнд бөөрний дээд булчирхай нь хэт томорсон гэж оношлогдсон тохиолдол ердөө 32 удаа бүртгэгдсэн болохыг тогтоожээ.
Эцэст нь тэрхүү хэт томорсон хэсгийг салгаж авбал бүрэн эдгэрч болох юм гэж тэрээр тооцоолсон аж.
Тэрээр 363 хуудас бүхий илтгэлдээ анх удаа бөөрний дээд булчирхайг салгаж авах мэс заслын тухай тайлбарлаж бичсэн байна. Даг энэхүү мэс ажилбарыг хийх хүн олохын тулд 18 сар зарцуулсан аж. Эцэст нь 2010 оны 9-р сард хүсэн хүлээсэн мэс засалдаа Даг орсон бөгөөд бүх зүйл түүний яг төлөвлсний дагуу явагдаж дууссан юм.
3 долоо хоногийн дотор Даг гурван цаг хүртэлх хугацаагаар сандал дээр сууж чаддаг болсон бөгөөд Зул сарын баяр гэхэл бүтэн километр алхах тэнхээтэй болжээ. Гэвч тэрээр тооцоолсноос илүү удаан илааршиж байсан тул 2012 онд үлдсэн нэг бөөрний дээд булчирхайгаа авхуулав. Үүнээс жилийн дараа Даг найзуудтайгаа Багамын арлууд руу нисч амрах хэмжээнд тэнхэрсэн гэнэ. Тэрээр урьд нь далай харж байгаагүй учраас үнэхээр баяртай байсан аж.
2014 он гарахад тэрээр ямар ч эм бэлдмэл хэрэглэхээ больсон байна. Даг урьд нь хэвтэрт байхдаа нэг өдөрт хэдэн араваар нь эм уудаг байсан аж.
Даг үнэхээр санаанд багтамгүй зүтгэл гаргаж өөрийгөө аварч чадсан ч ээжийнх нь хувьд ийм аз тохиосонгүй. Учир нь өндөр настай болсон түүний бие мэс заслыг дийлэхээргүй сульдсан байсан бөгөөд хөөрхий эмэгтэй 2016 онд нас эцэслэжээ.
Дашрамд дурдахад, Даг Линдсей хэвтэрт орсноосоо хойш 16 жилийн дараа л их сургуулиа төгссөн байна.