"300 сая иенийн хэрэг" - Японы түүхэн дэх хамгийн хачирхалтай дээрмийг хэн хийсэн бэ?

1968 оны 12-р сарын 10-нд Токио хотод Японы түүхэн дэх хамгийн том бөгөөд хачирхалтай дээрмийн хэрэг гарч байжээ. Тус хэргийг япончууд "санокуэнжикэн" буюу "300 сая иений хэрэг" гэж нэрлэдэг аж. Тухайн үеийн ханшаар 6 сая ам.долларын ханш хүрэх мөнгийг дээрэмдсэн тэдгээр этгээдүүдийг өнөөдрийг хүртэл илрүүлж чадаагүй байна. 

"300 сая иенийн хэрэг" - Японы түүхэн дэх хамгийн хачирхалтай дээрмийг хэн хийсэн бэ?

Тухайн үед Японы компаниуд зун долдугаар сард, өвөл арванхоёрдугаар сард ажилчдадаа нэмэлт цалин өгдөг систем хэрэгждэг байжээ. Үүний дагуу 1968 оны 12-р сард, зул сарын баярын өмнөхөн "Nihon Shintaku Ginko" банкны машин "Toshiba" компанийн ажилчдад нэмэлт цалинг нь хүргэхээр 294 сая иенийг бэлнээр нь тээвэрлэж явсан байна. 

Гэтэл мөнгө тээвэрлэж явсан машиныг Токиогийн Фучу шоронгийн дэргэдүүр өнгөрөхөд залуухан замын цагдаа зогсоожээ. Тэрээр цагдаагийн мотоцикль, дүрэмт хувцастай байсан учраас банкны машины жолооч нь түүнийг цагдаа гэж шууд итгэсэн байна.

Өнөөх цагдаа жолоочид хандан банкных нь менежерийн гэрт дэлбэрэлт болсныг, тийм учраас банкны машинуудад бас бөмбөг тавьсан байх магадлалтайг хэлжээ. 

Ингээд тэрээр өөрийн биеэр үзлэг хийнэ гээд машин доогуур шургаж оров. Гэтэл гэнэт машин дороос утаа гарч эхэлтэл цагдаа "бөмбөг байна" гэж орилоод дотор байсан хамгаалагчдыг даруй гарахыг тушаажээ.

Бүх хүн буусны дараа өнөөх цагдаа мөнгө ачсан машиныг нь өөрөө жолоодон зугтсан байна. Тэрээр жирийн дохионы утаа гаргаж банкны ажилчдыг мэхэлсэн байжээ. 

Японы нийгэм даяар ийм их хэмжээний мөнгийг увайгүй арга хэрэглэн дээрэмдсэн явдалд эгдүүцсэн юм. Гэмт этгээд "Nihon Shintaku Ginko" банкны мөнгө тээвэрлэх машины маршрут, цагийн хуваарь болоод ажилчдынх нь (менежерийн) хаяг, нэр гэх мэт мэдээллийг мэдэж байсан гэдгээс харвал тус байгууллагатай нарийн холбоотой гэдэг нь тодорхой байлаа. 

Харин өнөөх "цагдаагийн" тээврийн хэрэгсэл нь зүгээр л цагаан өнгөөр будсан хулгайн мотоцикль болж таарсан байна. 

Хэргийн газраас 120 ширхэг нотлох баримт олдсон ч мөрдөн байцаалтыг будлиантуулахын тулд ихэнхийг нь зориуд бэлдсэн гэдэг тодорхой байв.

Японы мөрдөн байцаагчид аливаа гэмт хэрэгтнийг барихын тулд ийм хэмжээний чармайлт гаргаж байсан явдал урьд хожид байсангүй. Мөрдөх ажиллагаанд нийт 170,000 цагдаа оролцож, 110,000 сэжигтнийг байцааж, ам зургийг нь 780,000 хувь гаргаж орон даяар тараасан байна. Гэвч энэ бүхэн ямар ч үр дүнд хүргэсэнгүй. Хэрэгтэн ууршсан мэт алга болсон юм. Хамгийн үндэслэлтэй таамаг гэвэл тэрээр банкны машиныг далд газар зогсоогоод өөр нэг машинд мөнгийг шилжүүлэн хийгээд зугтсан бололтой. Цаашдаа ч гэсэн тэрээр ул мөрөө баллахын тулд өөр хэд хэдэн машин ашигласан байх боломжтой аж.

Хэргийн гол сэжигтэн нь Токиогийн замын цагдаагийн нэгэн албан хаагчийн 19 настай хүү байв. Түүний аав нь мотоцикльтой эргүүл хийдэг байсан аж.

Залуугийн гадаад төрх ам зурагтай таарч байсны дээр гэм буруугүй гэх нотолгоо гарч ирээгүй байна. Тэгтэл түүнийг хэн нэгэн цианидаар хордуулж амь насыг нь хөнөөжээ. Үүний дараа хэргийн ул мөр дахин бүдгэрсэн юм.

7 жилийн дараа буюу 1975 онд талийгаач залуугийн нэг найз нь өөр хэргээр баривчлагджээ. Хачирхалтай нь түүнд их хэмжээний мөнгө байсан бөгөөд түүнийгээ хаанаас олсноо тайлбарлаж чадаагүй аж. Тиймээс түүнийг 300 сая иений хэрэгт сэжигтнээр татан шалгасан боловч олигтой үр дүнд хүрээгүй байна. Гэвч тэр жилдээ мөрдөн байцаалтыг явуулах хугацаа дуусч, ажиллагааг зогсоожээ.

Энэ зуур сэтгүүлчид зүгээр суулгүй хувийн мөрдлөгийг хийсэн байна. 1998 онд Японы "Шукан Хосеки" сэтгүүлийн ажилтнууд гэмт хэрэгтнийг илрүүлж чадсан гэсэн нийтлэл гаргажээ. Сэтгүүлчид бүх зүйлийн ард 55 настай Южи Огата хэмээх эр байсан хэмээн мэдээлсэн байна. Тэрбээр хэрэг гардаг өдөр гудамжинд таарсан 10 настай хүүд "сайн хүүхэд" гээд цоо шинэ 500 иений дэвсгэрт өгсөн нь ийнхүү баригдах шалтаан нь болжээ. 

Огата ч өөрөө хэргээ хүлээсэн юм. Тэрээр хамсаатнуудынхаа хамтаар шил ачсан машин дотор мөнгөө нууж, цагдаагийн хяналтын постоор нэвтэрч чадсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Төд удалгүй хэрэгтнүүд Японы нөгөө өнцөг рүү зугтаж, тэндээ суурьшин мөнгөө бага багаар зарцуулж байжээ.

Гэсэн хэдий ч түүний мэдүүлэг үнэн эсэх нь эргэлзээтэй юм. Огатагийн эхнэр нь түүнийг үлгэр зохиож өөрийгөө дөвийлгөх дуртай "мангуу" амьтан гэж мэдэгджээ. Үүний дээр гэр бүлийн зарим гишүүд нь түүнийг "дээрэм хийснийхээ" дараа ч гэсэн бусдаас байнга мөнгө зээлж амьдардаг байсныг дурсжээ. 

Дээр дурдсанчлан 1975 оны 12-р сард хэргийн мөрдөн байцаалт албан ёсоор зогссон бол 1988 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байдаг. Өнөөг хүртэл энэхүү хэргийн жинхэнэ эздийн тухай сураг ч гараагүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()