Крис Гарднер 1954 онд Висконсин мужийн Милуоки хотод төрсөн байна. Төрсөн эцэг нь түүнийг бага байхад хаяад явсан учраас Крис хойд эцгийн гар дээр очжээ. Харамсалтай нь хойд эцэг нь архи их ууж, ээж хүү хоёрт байнга гар хүрдэг байв. Үүний хажуугаар ээж нь байнга баривчлагдаж, шоронд ордог байсан тул Крис ерөнхийдөө асрамжийн газарт хүн болсон аж.
Нэг удаа ээж нь хойд эцгийх нь дарамтыг тэсч чадаагүй учраас түүнийг гэртэй нь хамт шатаахыг оролдов. Ийнхүү тэрээр хүний амийг санаатайгаар хөнөөхийг оролдсон хэргээр олон жилийн ял авсан байна.
Ингэсэн ч гэсэн ээж нь хүүдээ хэмжээлшгүй их хайртай хэвээр байжээ. Крис хожим нь ээжийнхээ ачаар өөртөө итгэх итгэлтэй нэгэн болсон тухай дурссан юм.
Ээж нь түүнд "Чи хүссэн юм бүхэндээ хүрч чадна. Харин хэн ч чамд туслахгүй учраас ганцхан өөртөө найд" гэж заадаг байжээ.
Гэхдээ Крисийг илүү хэцүү амьдрал хүлээж байв. Сургуулиа төгсөхөөс өмнөх амьдрал нь хар тамхи, согтууруулах ундаагаар дүүрэн байсан бөгөөд улмаар коллежид орж чадаагүй тул армид алба хаахаар болов. Түүний зарим бичиг баримт дутуу байсан учраас 17 настай хүү тэдгээрийг хуурамчаар бүрдүүлэх шаардлагатай болжээ.
Тэрээр 20 нас хүртлээ армид алба хаагаад Сан Франциско хот руу нүүж иржээ. Тэндээ Крис эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компанийн төлөөлөгчөөр ажилд орсон байна. Нэг ёсондоо тэрээр худалдааны төлөөлөгч болсон гэсэн үг. Цалин нь харьцангуй бага ч (жилд ердөө 8 мянган доллар) гэсэн ажлын байр нь тогтвортой байсан учраас санаа зовох зүйл байсангүй
Үүний дээр Крис толгой сайтай нэгэн байсан бөгөөд 22 настайдаа хэд хэдэн нийтлэл эрүүл мэндийн сэтгүүл дээр хэвлүүлээд амжсан аж.
Гэхдээ тэрээр эмч болох гэж яарсангүй. Учир нь технологи дэндүү хурдан хөгжиж байгаа учраас ойрын ирээдүйд эмчийн хэрэг байхгүй болно гэж тэрээр үзжээ.
23 настайдаа Крис математикийн багш бүсгүйтэй гэрлэсэн байна. Харин Крис дөрвөн жилийн дараа Кристофер Жарред хэмээх хүүтэй болжээ. Гэхдээ тэрээр өөр эмэгтэйтэй нууц амрагийн харилцаатай болсны үр дүнд хүүтэй болсон нь тэр байв. Үүнийг мэдсэн эхнэр нь тэр даруйдаа салсан тул Крис хүүгийнхээ ээжтэй нийлсэн байна.
70-аад он ч гэсэн АНУ-д жилийн 8000 ам.доллараар бүтэн нэг гэр бүлийг тэжээж чадахгүй юм. 1981 онд Крис анх хөрөнгийн брокер Боб Брижстэй танилцсан нь амьдралыг нь өөрчилсан байна. Сайхан хувцасласан, час улаан Феррари унасан Боб түүнд маш өндөр сэтгэгдэл төрүүлжээ.
Крис түүний хаана ажилладgгийг асууж, учрыг мэдсэний дараа хөрөнгийн зах зээлд орохоор шийджээ. Гэхдээ түүнд тус салбарын боловсрол, холбоо сүлбээ, хөрөнгийн биржийн талаар ямар ч ойлголт байгаагүй. Дээрээс нь Крисийн нас явж байсны дээр мөнгөний бололцоо нь хоногийн хоолоо яах вэ гэж санаа зовохоос хэтрээгүй аж.
Гэвч Бобын компани нь дадлагын хөтөлбөрт хүмүүс элсүүлж байгаа тухай түүнд хэлжээ. Чухамдаа үүнийг Крис амьдралынх нь боломж гэдгийг ойлгож дараагийн саруудад тэрээр үндсэн ажлынхаа ачааллыг аль болох багасгасан байна. Тэрээр уулзалт, семинарт бэлтгэхээр удаа дараа оройтсоноос болж 1200 ам.долларын зогсоолын төлбөрт унасан гэнэ. Үүний зэрэгцээ Боб Брижс хөрөнгийн зах зээлийн тал дээр Крист тал бүр дээр зааварчилж бусад томоохон компаниудын төлөөлөгчидтэй танилцуулав. Харамсалтай нь Крисийн найз бүсгүй түүний хичээл зүтгэлийг дэмжсэнгүй, хүүгээ аваад тусдаа амьдрал зохиохоор явсан байна.
Дээрээс нь Крис өнөөх 1200 ам.долларын торгуулиас болж цагдан хоригдсон юм. Энэ явдал түүний орохыг хүсч байсан компанийн ажлын ярилцлагаас хэдхэн өдрийн өмнө болжээ. Азаар тэрээр суллагдмагцаа ярилцлага руугаа шууд очиж чаджээ. Мэдээж хэрэг хэд хоног шоронд байсан хүний хувцас хунар, үс зүс авах юмгүй байсан нь мэдээж. Гэхдээ Крисийн чадвар болоод хичээл зүтгэлийг үнэлсэн учраас тэд ажилд авахаар болжээ.
Энэ зуур өнөөх найз Боб нь ажлаасаа халагдсан учраас Крис ганцаардаж эхлэв. Гэхдээ тэрээр бууж өгөлгүй өөр нэг дадлагын хөтөлбөр зарласан газрыг олж чадсан бөгөөд энэ удаад ч гэсэн тус компанидаа ажилд орж чаджээ.
6 сарын дадлага цалин багатай байсан нь мэдээж. Үүний зэрэгцээ найз бүсгүй нь хүүг нь тэжээж чадахгүй болсон учраас буцааж явуулсан байна. Гэхдээ Крис бууж өгөлгүй хүүгээ халамжлангаа дадлагатаа анхаарлаа хандуулсаар байв.
Бусад дадлагажигчид дээд тал нь 30 дуудлага хийж байхад тэрээр өдөрт 200 дуудлага хийдэг байсан аж. Орой хариад орох орон байгаагүй учраас хүүтэйгээ хамт сүм хийд, нисэх онгоцны буудлын терминал, хүлээлгийн танхим зэрэг янз бүрийн газарт хоноглох бөгөөд өдрийн цагаар завгүй үедээ тэрээр буяны өдөр өнжүүлэхэд хүүгээ үлдээдэг байв.
Ердөө сарын 300 ам.долларын орлоготой тэрээр ингэж хоолны мөнгөө хэмнэдэг байжээ. Үүний хажуугаар хувьцааны брокерийн шалгалтандаа бэлдэх хэрэгтэй болов. 1982 онд тэрээр шалгалтаа амжилттай өгч, мөрөөдөж байсан албан тушаалдаа очжээ. Дараагийн таван жилд Крисийн хувь тавилан нь 180 хэм эргэж, тэрээр маш амжилттай брокер болжээ.
Таван жилийн дараа Крис Чикагод өөрийн Gardner Rich & Co брокерийн компанийг үүсгэн байгуулжээ. Түүний компани ердөө 10 мянган ам.долларын хөрөнгөтэй байсны дээр оффист нь ширээнээс өөр зүйл байсангүй. Эхэндээ хувьцаа, үнэт цаас зарах мэтээр энгийн зүйлсээс эхэлсэн бол дөрвөн жилийн дараа тус компани анхны сая ам.долларын гүйлгээгээ хийж, 10 жилийн дараа дэлхий дахинд нэр хүндтэй байгууллага болжээ.
2006 онд Крис Гарднер "Gardner Rich & Co"-г хэдэн арван сая доллараар зараад "Christopher Gardner International Holdings" хэмээх шинэ компаниа байгуулжээ.
Мөн онд түүний намтраас сэдэвлэсэн “The Pursuit of Happyness” уран сайхны кино нээлтээ хийсэн юм. Уг киноны гол дүрд Уилл Смит, хүүгийнх нь дүрд Смитийн хүү Жаден тоглосон байна. Кристофер өөрөө киноны төгсгөлд гудамжаар алхаж байгаагаар гардаг байна.
Одоо Крис АНУ болон бусад орнуудаар аялж лекц унших болжээ. Гарднер тухайн хүн ямар ч гарал үүсэлтэй бай хамаагүй зүтгэж чадвал амьдралаа эрс өөрчилж чадна гэдэгт итгэдэг нэгэн юм. Тэрээр өөрөө үүний амьд жишээ учраас арга ч үгүй биз.