Хойд Солонгосыг өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй өнцгөөс буулгасан гэрэл зургууд

Хойд Солонгос бол дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг юм. Гадаадын иргэдийн хувьд энэхүү оронд хөл тавих туйлын хэцүү бөгөөд ирсэн хойноо энгийн иргэдийн амьдралыг яг байгаагаар нь олж харах нь бараг л боломжгүй юм. Учир нь Хойд Солонгост ирсэн жуулчид зөвхөн гадныханд зориулж байгуулсан элдэв гоёл чимэглэл бүхий газраар хөтөчийн байнгын хяналттайгаар л явах ёстой байдаг аж. Тийм учраас ганцхан Америк гэрэл зурагчин тус улсын эгэл жирийн амьдралыг гэрэл зургийн хальсанд буулгаж чадсан байдаг байна. 

Хойд Солонгосыг өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй өнцгөөс буулгасан гэрэл зургууд

Associated Press агентлаг 2011 онд Хойд Солонгосит салбараа албан ёсоор нээсэн юм. Пулитцерийн шагналд удаа дараа нэр дэвшиж байсан Америк гэрэл зурагчин Дэвид Гуттенфельд тус салбарыг байгуулахад гар бие оролцсон бөгөөд ингэх зуураа тус улсын энгийни ргэдийн аж байдлыг харуулсан цуврал зургуудыг дарсан байна. TIME сэтгүүл түүний зүтгэлийг үнэлэн оны шилдэг зурагчнаар шалгаруулсан байдаг. 

Пёньян хотын цэцэрлэгт хүрээлэнд Ким Ир Сений мэндэлсний 99 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үзүүлбэрт бэлдэж буй хүүхдүүд. 2011 оны 4-р сарын 15.

БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийг "Үндэсний нар" хэмээн нэрлэдэг бөгөөд түүний төрсөн өдрийг Хойд Солонгост "Нарны өдөр" хэмээж бүх нийтийн амралтын өдөр болгожээ.

Мэдээж түүнийг тус улсад байрлах үед хөтөч төдийгүй бусад засгийн газрын ажилчид байнгын ажиглалтандаа байлгаж байсан юм. Гэсэн хэдий ч зурагчны өөрийнх нь хэлснээр "хориотой хэсгийг цонхны завсраараа харж" чадсан гэжээ.

Гуттенфельдийн тухайд Хойд Солонгосын эрх баригчдын булайг илчлэх мэтийн санаа өвөрлөөгүй зөвхөн тус улсын иргэдийн аж байдал, хот суурин, байгалийн үзэсгэлэнг нь буулгаж авахын хүссэн гэжээ. 

Пёньяны метроны буудал дээр зорчигчид сонин уншиж байгаа нь. 2011 оны 3-р сарын 10.

Түүнчлэн БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ир нас барж, түүний орыг залгамжлагч Ким Чен Ун дөнгөж залгаад байсан үед Гуттенфельд тус улсад амьдарч байсан аж.

Пёньян дахь Масудэ чуулганы танхимд 2013 оны 4-р сарын 10-нд. Хойд Солонгосын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай Гуттенфельд уулзахаар очих үед энэ хоёр эмэгтэй хүлээж байжээ.

Хамгёнг мужийн энгийн ажилчид хоолоо идэж байгаа нь. Энэ шилтэй нь нутгийн шар айраг юм. 

Пёньян дахь уран сайхны сэлэлтийн үзүүлбэр, 2013 он

Гуттенфельд Хойд Солонгосоор нилээд удаан дугуйтай аялжээ.

Вонсан мужийн нэгэн жижиг тосгон.

Самсу хотын урд замын хажууд босгосон амьтдын барималууд.

Самижон хотын ухуулах хуудастай ханын дэргэд борооноос хорогдож буй эр. 

Янганг мужид нэгэн солонгос эр гал дээр төмс, тахиа шарж байгаа нь. 

Кимчаек хотын голын дагуу алхаж байгаа иргэд.

Тус улсын зүүн эрэг дагуу байрладаг аж үйлдвэрийн хотууд, тухайлбал нүүрс олборлогч Кильжу болон түүний хөрш Гимчаек зэрэг нь өлгөө ажиллахаа больсон төмөр цутгах үйлдвэрүүдийн эргэн тойронд баригдсан юм. Энэхүү бүс нутаг нь өдгөө байгаль орчинд багагүй бохирдол үүсгэх болсон байна. 

Чонжин дахь зочид буудал. Ресепшн тун муугүй хувцасласан байна.

Вонсан хотын далайн эрэг дээрх зугаалга.

Хэсан хот. Хүүхдүүд хаа олдсон газраа тоголж чаддаг аж. 

Хамгёнг мужид амьдардаг сургуулийн насны хүүхдүүд багаасаа эхлээд олон нийтийн ажилд оролцдог. Зураг дээрх хүүхдүүд зам тавих ажилд тусалж байгаа аж. 

Пёньян дахь цэцгийн үзэсгэлэн.

Солонгосын дайнд оролцсон ахмад дайчид нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэн оршуулгын газарт цугларсан байгаа нь. 

Хамгёнг мужийн галт тэрэгний буудал. Нутгийн иргэд галт тэргээ хүлээж байна.

Хойд Солонгос 2021 оны байдлаар 25.9 сая хүн амтай хэмээн тоологдсон бөгөөд тэдний бараг 25 хувь нь нийслэл Пёньян хотод амьдардсаг байна. Барилгуудын ерөнхий хэв загвар нь ЗХУ-ын үеийнхтэй тун төстэй юм. 

Цөмийн хөтөлбөрийн улмаас БНАСАУ-д тавьсан хоригийн дагуу тус улс бараг бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хоригложээ. Тиймээс эрх баригчид өөрсдийн нөөц бололцоог ашиглан дотооддоо трамвай, троллейбус үйлдвэрлэж эхэлсэн байна. Мэдээж тэдгээр нь хуучин Зөвлөлтийн загвар дээр тулгуурлан бүтээгджээ. 

Пёньян дахь троллейбус. 2011 оны 4-р сарын 15

Пёньян дахь Кумсусан нарны ордон. 2011 оны 4-р сарын 15.

1994 он хүртэл Кумсусан нарны ордон нь Ким Ир Сений албан ёсны оршин суудаг газар байв. Харин улсынхаа үүсгэн байгуулагчийг нас барсны дараа тус барилгыг бунхан болгожээ. 2011 оны 12-р сард түүний хүү Ким Чен Ирийг мөн Кумсусанд оршуулсан байна. 

Нампо боомт хотын ойролцоо гүймэл тэргээр явж буй иргэд. 2011 оны 4-р сарын 21.

Хойд Солонгос нь дотооддоо төмөр замын сүлжээг өргөнөөр байгуулж чадсан бөгөөд тус улсын удирдагчид гадаадад айлчлахдаа хувийн галт тэргээр аялахыг илүүд үздэг.

Тухайлбал Ким Чен Ир өөрийн галт тэргээр Орост гурван удаа айлчилсан байдаг. Түүний залгамжлагч Ким Чен Ун мөн энэ уламжлалыг үргэлжлүүлж байгаа юм. 

Вонсан хотын орчимд ургац хурааж байгаа нь. 2011 оны 10-р сарын 8

1995-1999 онд Хойд Солонгос өлсгөлөн, эдийн засгийн хямралд өртөж байсан юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гурван сая орчим хүн энэ хугацаанд нас баржээ.

Эрх баригчид өлсөглсөн болсныг хүлээн зөвшөөрдөг ч сайндаа биш улсынх нь эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээнээс болж ийм шийдвэр гаргасан гэдэг аж. 

Пёньян хотын метро. 2010 оны 3-р сарын 10.

Жуулчид 1970, 1980-аад онд баригдсан хэдхэн метроны буудалд орох эрхтэй байсан юм. Харин 2014 онд журмыг өөрчилж жуулчид чөлөөтэй метрогоор аялах эрхтэй болжээ. 

Хойд Солонгос эр Кымгансан амралтын газарт караоке дуулж байна. 2011 оны 10-р сарын 7.

Кымгансан аялал жуулчлалын бүсийг ижил нэртэй уулын бэлд  2002 онд байгуулжээ. Тус уулыг "Очир эрдэнийн уулс" гэж нэрлэх нь бас бий. Энэхүү амралтын газрыг Өмнөд Солонгосын дэмжлэгтэйгээр барьсан бөгөөд тус улсаас ирэх жуулчлыг голчлон байрлуулна хэмээн төлөвлөж байжээ. 

Харамсалтай нь 2008 онд Өмнөд Солонгосын нэгэн жуулчин амралтын газрын хориотой бүсэд нэвтэрч, албаар дүрэм зөрчиж байгаагаа мэдэгдсэний дараа Хойд Солонгосын цэргийнхэнд буудуулж амиа алдсан юм. Эцэст нь 2010 онд Хойд Солонгос энэ амралтын газрыг хуваан эзэмшдэг Өмнөд Солонгосын компаниудыг хөөн гаргасан юм. Үүний улмаас Өмнөд Солонгосоос жуулчид Кымгансанд ирэхээ больсон байна. 

2010 онд Хойд Солонгос 1966 оноос хойш анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон юм. Харамсалтай нь улсын шигшээ баг нь хэсэгтээ сүүл мушгиж хасагдсан юм. Дараагийн хоёр ДАШТ-д Хойд Солонгосын баг шалгарч чадаагүй аж.

Доорх зураг дээр 2011 оны 10-р сарын 11-нд Пёньянд болсон БНАСАУ-Узбекистаны тоглолтын үзэгчдийн харуулжээ. Хойд Солонгос энэхүү тоглолтонд 0:1-ээр хожигдсон юм. 

Пёньян дахь Рюген зочид буудал. 2011 оны 10-р сарын 24.

Нийт 105 давхар энэхүү барилга нь Хойд Солонгостоо хамгийн өндөр нь юм. 2022 оны байдлаар тус зочид буудал нээгдээгүй хэвээр байгаа аж. 

Пёньян дахь Кэсон залуучуудын цэцэрлэгт хүрээлэн. 2011 оны 10-р сарын 26.

Нийт 10 тоглоомжой тус цэцэрлэгт хүрээлэнг 1984 онд ашиглалтад оруулж, 2010 онд сэргээн засварласан бөгөөд засварын дараа Ким Чен Ир өөрийн биеэр зочилсон байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()