1
5 настай хүргэн
1940 онд мэндэлсэн ирээдүйн ерөнхийлөгч маань энгийн казах гэр бүлд өссөн аж. ЗХУ-ын үед ч гэсэн эцэг эх нь хүүхэддээ ирээдүйн ханийг нь сонгож өгдөг бойтгон сүйн уламжлал Казахстаны зарим хэсэгт амь бөхтэй оршсон хэвээр байв. Нурсултан Назарбаевыг дөнгөж таван настай байхад сонгосон сүйт бүсгүй нь өлгийтэй хэвээр байсан юм.
Хүүхдүүдийн эцэг эхчүүд найзууд байсан бөгөөд Астай охин төрсөн даруйд нь сүй тавьсан байна. Тиймээс Астай, Нурсултан нар том болоод гэрлэнэ гэдгээ мэдээ орсон цагаасаа эхлээд ойлгосон байдаг. Тэр үед эцэг эхийн үгнээс хүүхдүүд нь гарна гэсэн ойлголт байгаагүй юм. Бага наснаас нь эхлэн Астайг нөхөрт нь дасгах үүднээс Нурсултаны гэр бүлийн хамт амьдруулах болжээ. Гэвч цаг үе өөрчлөгдөж эхэлсэн гэдгийг хоёр талын гэр бүл ойлгоогүй байв.
Сүйт бүсгүйтэй гэдгийг нь мэдсэн ангийнх нь хүүхдүүд Нурсултаныг шоолж эхэлсэн байдаг. Үүнээс болоод хүү Астайгаас зайгаа барьж эхэлсэн бөгөөд насанд хүрсэн хойноо гэрлэх, гэрлэхгүй дээрээ тулсан аж. Астай ч Нурсултанаас хурим хийх өдөр судраа товлох эсвэл хувь хувийн амьдралаа хөөх эсэхээ шийдэхийг тулгасан байна. Удаан хугацаанд эргэцүүлсний эцэст Нурсултан сүйгээ цуцалсан юм.
2
Анхны хайр
1950-иад оны сүүлээр Нурсултан Назарбаев Днепродзержинск (Өнөөгийн Камьянське хот) дэх Днепровскийн төмөрлөгийн үйлдвэрийн дэргэдэх мэргэжлийн сургуульд суралцаж, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Биеийн тамирын зааланд байхдаа тэрээр оёдлын ангийн оюутан, уран сайхны гимнастикаар хичээллэдэг Людмила Калныш хэмээх орос бүсгүйтэй танилцжээ. Назарбаев ч түүний араас хөл алдан гүйж эхэлсэн аж. Нэг удаа Людмила уушгины хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн бөгөөд Назарбаев ч түүний тасгийнх нь цонхны доор орой бүр хүлээн зогсдог байжээ.
Үүний дараа Назарбаев Людмила нар болзож эхэлсэн гэнэ. Харамсалтай нь орос бүсгүй доод курсийнх нь оюутан байсан бол ирээдүйн ерөнхийлөгч маань аль хэдийн төгсөх дөхсөн байв. Назарбаев хайртай бүсгүйгээ орхихыг хүсээгүй учраас ээжээс нь гэрлэх зөвшөөрөл гуйхаар шийджээ. Людмила аавгүй байсан бөгөөд Казахстан руу удахгүй буцах гэж байгаа хүнд ээж нь охиноо өгөх болов уу хэмээн ихэд санаа зовсон байна. Тэгтэл Людмила өөрөө гэнэт татгалзав.
Дөнгөж 19 настай байсан тэрээр эхлээд сургуулиа төгсөхөөр шийдсэний дээр гэр бүл зохиоход бэлэн биш байсан учраас хосууд хоёр тийш болов. Хожим нь Людмила гаргасан шийдвэртээ харамссан байдаг. Гэсэн хэдий ч хожим амин чухал хэрэг гарсны дараа тэрээр Нурсултанаас тусламж хүссэн бөгөөд анхны хайрын дурсамжаа мартаагүй ерөнхийлөгч ч чадах чинээгээрээ дэмжсэн байна.
3
Киргиз бэр
Нэгэн зун төрөлх Ушконыр хөндийд нутаглаж байхдаа Нурсултан киргиз гаралтай бүсгүй Турган Абдыкеримоватай танилцжээ. Хэн хэн нь нөгөөдөө татагдсан учраас тэд удаан хугацаанд захидлаар харилцсан байна. Удалгүй тэд хамтын амьдралаа хүртэл зохиох талаар ярилцдаг болов.
1961 онд Нурсултан Турганы гэрт ирж охиныг нь гуйжээ. Ээж нь ирээдүйн хүргэндээ дуртай байсан ч аав нь шууд "үгүй" гэж хэлэв. Турган ч эцгийнхээ үгнээс гарч чадаагүй байна. Тиймээс Нурсултан Караганда руу явж, тэнд төмөрлөгийн үйлдвэрт ажилд орсон бол Турган Фрунзе хотод үлдэж, анагаахын дээд сургуульд суралцжээ.
4
Ажил дээрх романс
Карагандын төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байхдаа Назарбаев цахилгаанчин Сара Конакаеватай танилцжээ. Сара өөрөө анхны уулзалтаа тийм ч сайн санадаггүй аж. Харин Назарбаевын хувьд нэгэн бүжгийн үеэр түүнд анхны харцаар дурласан байна. Сарагийн хойноос олон залуу гүйдэг байсан бөгөөд зарим нь ирээдүйн ерөнхийлөгчийг нэг бус удаа сүрдүүлсэн байна. Харин Назарбаев бууж өгөлгүй Саратай ойртохын тулд найрал дуунд хүртэл бүртгүүлсэн гэдэг. Бэлтгэлийн үеэр Сара урд эгнээнд зогсдог байсан бол Нурсултан арын эгнээнд орсон аж.
Ийнхүү Нурсултан дурласан бүсгүйгээ өөрийн болгохоор нэг мөр шийдсэн аж. Найрал дуунаас гадна тэрээр бүжгийн клубт элссэн бөгөөд удалгүй хичээл зүтгэл нь үр дүнгээ өгч, Сара Конакаеватай болзож эхлэв.
1962 оны 8-р сард хосууд ердөө 60 зочинтой даруухан хурим хийжээ. Комсомолын байгууллагаас гэрлэсэн хоёрт бэлэг болгон цоо шинэ орон сууцны түлхүүр гардуулав. Үүний дээр хамт ажиллагсад нь тэдэнд тансаг ор бэлэглэсэн бөгөөд хүргэний эцэг эх нь том дугтуйтай мөнгө өгчээ. Тэд хүүгийнхээ илгээдэг байсан мөнгийг хэдэн жилийн турш цуглуулсан нь тэр байв.
Нурсултан, Сара Назарбаева нар гэрлээд 60 орчим жил болж байна. Тэд гурван сайхан охинтой болсны дээр олон зээгээ өлгийдөн авсан юм. Харин өдгөө Казахстаны анхны тэргүүн хатагтай сүүлийн үед албан ёсны арга хэмжээнд нөхрийнхөө хажууд ховорхон харагддаг болсон аж.
5
Хоёр "нууц" эхнэр
Саяхныг хүртэл Нурсултан Абишевичийн нэр хүнд, хувийн амьдралын талаарх мэдээллийг маш сайн нууцалдаг байсан юм. Харин хэдэн жилийн өмнө Назарбаевын ууган охин Дарьгагийн нөхөр асан Рахат Алиев хадам аавынхаа хувийн нууцыг дэлгэж эхэлсэн байна.
Түүний хэлснээр Нурсултан Назарбаев олон жилийн өмнө ерөнхийлөгчийн онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан Гульнара Ракишева хэмээх эмэгтэйтэй нууцаар гэр бүл зохиосон байна.
Гульнара түүнд хоёр охин төрүүлж өгсөн бөгөөд тэрээр хоёр дахь гэр бүлдээ зориулж Астанад тансаг харш бариулжээ. Гульнара мөн Нурсултаны улс төрийн шийдвэрт нөлөөлдөг байсан гэж Рахат Алиев баталсан юм.
Дараа нь Нурсултан "Казахстаны мисс"-ээр тодорч байсан Асел Исабаева хэмээх бүсгүйтэй учир ургуулсан байна. Тэрээр Гульнара Ракишевагаас харилцаагаа тасалсны дараа Аселтай дотносож эхэлжээ. Батлагдаагүй мэдээллээр Асель нь Нурсултанд Тауман, Байкен гэсэн хоёр хүү төрүүлж өгсөн аж.
Казахстанд олон эхнэр авахыг гэмт хэрэг гэж үздэггүй ч хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Харин олон эхнэртэй байх хуулийн төслийг өмнө нь хэд хэдэн удаа гаргаж ирж байсан ч иргэдийн зүгээс, тэр дундаа эмэгтэйчүүдийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөн буцаагдсан байна.