E Ink-ийн мэргэжилтнүүд "дижитал цаас" буюу өөрсдийн боловсруулсан тусгай дэлгэцийг ашиглан BMW-ийн шинэ машиныг бүрсэн бөгөөд жолооч хүссэн үедээ тэрхүү дэлгэцийг удирдан хар юм уу цагаан өнгөтэй болгож болох юм байна.
E Ink-ийн архитектур, дизайны зах зээлд зориулан гаргасан бүтээгдэхүүн болох "E Ink Prism" электрофорез хальсыг ашигласны хүчинд ийм үр дүнд хүрчээ.
Энэхүү автомашины өнгөө солих үндсэн зарчим нь электрон бэхний технологи дээр суурилсан юм байна. Хянах самбар эсвэл утасны аппликейшнаар дамжуулан машины өнгийг өөрчлөх боломжтой бөгөөд электрон бэхний технологи бүхий тусгай материал нь олон төрлийн будагч бодисоор машины гадаргууг бүрхдэг.
Чухамдаа энэхүү шинэ технологийн тусламжтай машиныхаа гадаад үзэмжийг нь хүссэнээрээ өөрчлөхөөс гадна эрчим хүчний хэмнэлт хүртэл үүсгэх боломжтой гэнэ. Тодруулбал халуун өдөр нарны тусгалыг ойлгож машиныг сэрүүн байлгах үүднээс өнгийг нь цагаан, харин хүйтэн өдөр нарны дулааныг шингээхийн тулд бараан өнгөөр сольж болох аж.
E Ink дижитал цаас нь зөвхөн өнгө өөрчлөгдөх үед л эрчим хүч зарцуулдаг бөгөөд дэлгэц нь өөрөө гэрэл ялгаруулдаггүй тул машиныг энгийн харагдуулах аж.