Өдгөө 32 настай дуучин эрийн энэхүү зодооны бичлэг цахим орчинд шуугиан тариад байна. Өнгөрсөн 1-р сарын 4-ний шөнийн 2 цагийн үед Жэйсон "Aria Resort"-ын шөнийн клубээс гараад урсдаг шатны дэргэдүүр өнгөрч байтал тэнд байсан хүмүүсийн нэг нь "Hey, Usher! Fuck you, bitch!" хэмээн хашхирсан байна.
Ингээд дуучин эр биеэ барьж чадсангүй, асуудал үүсгэгчид руу шууд дайрч, нэгийг нь цохиж унагасан нь бичлэг дээрээс харагджээ. Тэнд цугларсан хүмүүс, дуучны бие хамгаалагч, зочид буудлын хамгаалалтын албаныхан зодооныг арай хийн салгасан аж.
Удалгүй цагдаа нар ирж Жэйсон Дерулог түр саатуулсан боловч баривчлаагүй аж. Учир нь хохирогч хоёр эр түүний эсрэг гомдолгүй болохоо мэдэгджээ. Харин амралтын газраас түүнийг үймээн гаргасан шалтгаанаар хөөсөн байна.
Хэдий нэг хохирогчийн нүүрнээс цус гарсан нь бичлэг дээрээс харагдсан боловч Лас Вегасын цагдаа нар зодооны улмаас хэн нэгэнд гэмтэл учраагүй гэжээ.
Өдөөн хатгаж, тоглоом хийх зорилгоор түүнийг өөр нэг R&B од болох Ашерын нэрээр дуудсан хоёр эр дуучны эсрэг шүүхэд зарга мэдүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
2009 оноос хойш дэлхийн хөгжмийн ертөнцөд томоохон байр суурийг эзлэх болсон Жэйсон Дерулогийн "Wiggle", "Talk Dirty", "Whatcha Say" зэрэг 11 дуу нь 2 саяас дээш хувь зарагдаж, Платинум сингл хэмээх амжилтыг авчирсан билээ. Сүүлийн үед тэрээр кинонд тоглохын зэрэгцээ "ТикТок" сүлжээнд анхаарал хандуулж, 51 сая дагагчтай болоод байгаа юм.
Хувийн амьдралын тухайд тэрээр Жена Фрюмес хэмээх бүсгүйтэй удаан хугацаанд үерхэж, өнгөрсөн оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан ч харамсалтай нь хос хоёр удалгүй салж буйгаа зарласан билээ. Түүний хүү Жэйсон Кинг нь өдгөө 8 сартай аж.