Бетти Лу нь 1937 онд Америкийн Хойд Каролина мужид төржээ. Угаасаа ядуу тарчиг амьдралтай байсан гэр бүл нь Америкийн Их хямралын үеэр бүр ч зовсон аж. Бетти гурван настай байхдаа улаан бурхан өвчин тусч, сонсголоо бараг алдсан байна.
Үүнээс гадна эцэг эх нь харгис хэрцгий зантай, хүүхдүүдээ байнга зовоож дарамталдаг байв. Улмаар Беттиг 5 настай байхад эцэг нь болон хамаатнуудын нэг нь түүнийг хүчирхийлснээр охины ирээдүйн амьдралыг хүлээж авах хандлага өөрчлөгдсөн аж.
Хэдийгээр Бетти боловсролтой хүн болохыг хүсэж байсан ч сонсгол, хэл ярианы бэрхшээл нь томоохон саад болж байсан юм. Тэрээр багадаа амны хайрцгаар л бусадтай ойлголцож чаддаг байжээ.
Охиныг 12 нас хүрэхэд ээжийг нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхийн тулд тэдний гэр бүл Виржиния муж руу нүүсэн байна. Архичин аав нь хүүхдүүддээ анхаарал хандуулдаггүй байсан учир Беттид дүү нараа харж хандах ажил оногдож, тэрээр сургуулиа орхихоос өөр аргагүй болжээ..
Зөвхөн анхны нөхрөө л хороохыг хүсээгүй
Бетти дөнгөж 15 настайдаа Роберт Франклин Бренсон хэмээх залуутай гэрлэж, жилийн дараа анхны охиноо өлгийдөн авсан байна. Энэ үедээ тэрээр дэндүү балчир байсан тул сэтгэл санааны гүн хямралд орж, амиа хорлох оролдлого хүртэл хийсэн тул нөхөр нь түүнээс салжээ.
Хагас жилийн дараа Бетти Роберттой дахин нийлж, 1954 онд дахин нэг охинтой болоод Техас муж руу нүүжээ. Ийнхүү дараах жилүүдэд хосууд дахиад 4 хүүхэдтэй болжээ. Гэхдээ 29 насандаа 6 хүүхдийн ээж болсон Беттм залуу насаа хүүхэд харж өнгөрүүлж байгаадаа их л сэтгэл дундуур байсан гэнэ.
Амьдралаас өөр зүйлийг хайхаар шийдсэн Бетти цэнгээний газруудаар орж, анх удаа согтууруулах ундаа амсаж үзсэн байна. Ингээд тэр шинэ танилууд, нууц амрагуудтай болж эхэлсэн тул 1969 онд Роберт түүнээс бүр мөсөн салжээ. Хэдийгээр бүсгүй "Хар бэлэвсэн эм" гэж хожим алдаршсан ч ганцхан Робертийг хөнөөх гэж оролдоогүй байна. Тиймээс магадгүй зөвхөн Робертод тэрээр хайртай байсан болов уу.
Үүнээс хойш Беттигийн амьдрал замаа алдсан гэхэд болно. Бүсгүй хэдий олон хүүхэд гаргасан ч галбираа хадгалж чадсан бөгөөд зан ааш нь өсвөр насны хүүхэд мэт л байжээ. Беттигийн араас гүйх залуус их байсан ч энэ бүх харилцаа төдийлөн удаан үргэлжилдэггүй байсан аж. Боловсрол эзэмшиж чадаагүй тэрээр энэ үед өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх нэгэн хялбар арга олсон нь баян эртэй болзох явдал байв.
Хоёр дахь нөхрийнхөө нуруу руу буудсан
Жилийн дараа тэрээр Билли Йорк Лейн хэмээх эртэй гэрлэсэн ч тэдний хамтын амьдрал 4 сар л үргэлжилжээ. Тухайн үед хосуудын гэр бүлийн харилцаа нь яг л муур, нохой хоёр шиг байсан гэхэд болно. Ингээд бүх зүйл шүүх хурлаар төгсөж, Биллиг Беттитэй дахиж уулзахыг хориглосон байна. Гэвч тэр хоёр хагацаж чадсангүй, 1971 онд дахин уулзсан ч тэр үед Билли түүнийг зодож хамрыг нь гэмтээсэн аж.
Дараа нь Билли боломж олдох л юм бол амийг чинь хорооно хэмээн Беттиг сүрдүүлсэн байна. Харин бүсгүй түүнээс өрсөхөөр шийдэж, тухайн өдрийн маргааш нь Биллигийн нуруу руу нь буудаж орхижээ.
Бүсгүйг тэр даруй баривчилсан ч азаар хөнгөн шархадсан Билли өөрөө маргааныг эхлүүлсэн, гомдолгүй гэх өргөдлийг гаргажээ. 1972 онд Билли болон Бетти нар эвлэрч, дахин гэрлэсэн ч сарын дараа "уламжлал ёсоор" дахиад л салсан бөгөөд энэ удаа бүр мөсөн зам замаа хөөцгөөжээ.
Гурав дахь нөхрөө машинаар дайрах гэж оролдсон.
1973 онд тэрээр Ронни Трекхолмтой танилцаж 4 жил болзсоны эцэст 1978 онд гэрлэжээ. Ингээд төд удалгүй хосуудын харилцаа муудаж эхэлсэн байна.
Ямар асуудал үүссэн нь тодорхойгүй ч гэрлэснээсээ жилийн дараа бүсгүй нөхрөө машинаар дайрах оролдлогыг хийсэн аж. Ронни эхнэрийнхээ эсрэг гомдол гаргаагүй ч Беттитэй цаашид болгоомжтой харьцах болжээ. Энэ зуур бүсгүй орлогын шинэ эх үүсвэр олсон бөгөөд 1979 онд цэнгээний газар тайчих үзүүлбэр үзүүлэх болсон гэнэ. Нэгэн удаа тэрээр олон нийтийн газар нүцгэн явсан хэргээр баривчлагдсан тул тэвчээр нь алдарсан нөхөр нь түүнээс салахаар шийдэв.
Дөрөв дэхь нөхөр нь хэрүүлийн дараа түүнээс зугтжээ
Сар ч хүрэхгүй хугацааны дараа Бетти дахин гэрлэжээ. Энэ удаад тэр Дойл Уэйн Баркер гэх залуутай нийлэв. Мэдээж хосуудын харилцаа эхэлсэн шигээ хурдан төгсөж, 2 сарын дараа салцгаажээ
Гэхдээ тэд салсан ч 1981 онд Дойлыг алга болох хүртэл үе үе уулзсаар байсан аж. Беттигийн өөрийн мэдүүлснээр гэрт нь хэрүүл гарсны дараа Дойл түүнд машинаа үлдээгээд өөрөө зугтан алга болсон гэнэ.
Тавдахь нөхөр нь загасчлахаар яваад эргэж ирээгүй.
Найман сарын дараа Бетти цэнгээний газрынхаа үйлчлүүлэгчтэй гэр бүл болжээ. Жимми Дон Битс хэмээх гал сөнөөгч эр сэтгэл татам тайчигч бүсгүйд дурлаж, Бетти ч өөрөө түүнд талтай байлаа. Ийнхүү хосууд хагас жил орчим болзсоны эцэст хуримаа хийсэн байна. Энэ нь Беттигийн хувьд 5 дахь нөхөр нь байсан юм.
Хэдий Жимми өөрөө байртай байсан ч Беттигийнд амьдрахаар болжээ. Беттигийн байшин нуурын эрэг дээр байсан учир загасчлах хоббитой Жимми хүссэн үедээ дуртай зүйлээ хийх гэж тэр аж.
Ингээд хагас жилийн дараа Бетти цагдаа руу залгаж, загасчлахаар явсан нөхөр нь эргэж ирээгүй болохыг хэлсэн байна. Ингээд эрлийн ажиллагаа эхлэж, 7 хоногийн дараа Жиммигийн завь нуурын эрэг дээр гарч ирснийг олсон байна.
Мотор, сэнс нь эвдэрсэн байсан завин дотроос Жиммигийн загасчлалын лиценз, нарны шил, нитроглицирин гэх мэт эмүүдийг олсон байна. Жиммигийн хувьд туршлагатай механикч байсны дээр авхаалж самбаатай, маш сайн сэлдэг байсныг түүний завийг олсон хүн баталж байв. Мөн Жимми зүрхний асуудалтай байсан тул нитроглицирин эм авч явсан бололтой.
Түүний эрэн хайх ажиллагаанд хуучин найзууд нь болон Жиммиг хүндэлдэг байсан нутгийнхан нь нэгджээ. Ийнхүү олон тооны завь, нисдэг тэрэгтэйгээр Жиммиг самнан хайсан ч үр дүнд хүрсэнгүй, 2 долоо хоногийн дараа эрлийн ажлыг зогсоосон байна. Эрэлчдийн зарим нь Жимми үнэндээ нууранд живээгүй, учир нь цаг агаар тогтуун байгаа тул түүний цогцос удалгүй хөвж гарч ирэх байсан гэж үзэж байлаа.
Тэр ч байтугай зарим нь Жиммиг амьд байгаа гэж таамаглаж байсан ч ганцхан Бетти оршуулгын ёслолд бэлдэж байсан нь хачирхалтай байв.
Ийнхүү Жиммиг нэгэнт нас барсан хэмээн үзэж, түүний амь насны нөхөн төлбөрийн асуудал яригдаж, даатгалын байгууллага судалгаа хийсэн аж. Гэтэл хэрэг явдал дуусахын өмнө нэгэн үл мэдэгдэх хүн цагдаа руу залгаж, Жиммигийн үхэл санаандгүй зүйл биш гэдгийг хэлсэн байна. Ингээд даатгалын мөнгө авахаасаа 3 хоногийн өмнө Беттиг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилжээ.
Мөрдөн байцаалтын явцад түүний гэрт хийсэн нэгжлэгээр итгэмээргүй зүйлийг илрүүлжээ. Мөрдөгчид зөвхөн Жиммигийн цогцсыг олоод зогсохгүй бүсгүйн дөрөв дэх нөхөр Дойл Баркер үнэндээ түүнд алуулсан болохыг мэджээ.
Беттигийн хашаан дахь цэцэрлэгт Жиммигийн түүнд зориулан хийж өгсөн "Хүслийн худаг" байдаг байв. Уг худаг дотор, цэцэгсийн доор Жиммигийн цогцсыг нуусан байжээ. Мөн өөр нэгэн цогцсын үлдэгдэл олоод шинжилж үзэхэд Дойлынх мөн байжээ. Бетти тэр хоёрыг унтаж байхад нь 38 мм-ийн гар буугаар буудаж хөнөөжээ.
Яваандаа түүний гэмт хэргийн нарийн ширийн бага багаар илэрч, уг хэрэгт Беттигийн хүүхдүүд оролцсон болох нь мөн тогтоогджээ. Ялангуяа цагдаад нууц мэдээлэл өгсөн хүн түүний хүүхэд байх магадлалтай гэнэ. Жишээлбэл, 1983 онд Бетти Жиммиг хөнөөх гэж байгаа тул хүүгээ хэдэн цаг гадуур явж байгаад ир хэмээн гаргасан байжээ. Хүү нь эргэж ирээд хойд эцгийнхээ цогцсыг ээжтэйгээ хамтран булсны зэрэгцээ түүнийг алга болсон мэт харагдуулах төлөвлөгөө гаргахад туслалцсан байна. Харин охидынх нт нэг нь 1981 онд Дойлийн цогцсыг нуухад ээждээ тусалжээ.
Шүүх хурал дээр Бетти өөрийгөө буруугүй гэж үзсэн ч хөвгүүд, охид нь түүний эсрэг мэдүүлэг өгчээ. Сүүлдээ тэрээр хүүхдүүддээ буруугаа чихэж эхэлсэн боловч үнэнд гүйцэгдэж, даатгалын нөхөн төлбөр болох 100 мянган доллар авахын тулд нөхрийнхөө амь насыг хороосон болохоо хүлээжээ. Беттигийн хүүхэд нас тийм ч таатай байгаагүй, үргэлж хүчирхийлэл доромжлол амсдаг байсан учир энэ нь бүсгүйн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн хэмээн шинжээчид үзсэн байна. Үүнээс гадна Беттигийн нөхрүүд ч түүнд байнга хүчирхийлэл үзүүлдэг байсан гэх мэдээлэл байсан ч нотлох баримт байгаагүй аж.
Шүүхээс Беттиг Жимми Дон Битс болон Дойл Уэйн Баркер нарын амь насыг хороосон хэрэгт буруутгаж, үхлийн тарилга ашиглан цаазаар авах ялыг ноноосон байна. Ийнхүү Беттиг 62 настай байхад буюу 2000 онд цаазын ялыг гүйцэтгэжээ. Давж заалдах шүүх хурал 10 гаруй жилийн турш үргэлжилсэн учир ийнхүү цаазын ялыг хойшлуулсаар байсан гэнэ.