Төгс бус зүйлсээс амьдралын сайхныг мэдрэх Японы "Ваби-Саби" ухаан

Өнгө мөнгө дээр тулгуурласан, стресс ихтэй орчин үеийн нийгэмд яг таарсан Япон арга барил байдаг аж. Түүнийг Ваби-Саби гэдэг бөгөөд товчоор хэлбэл энэ нь хүрээлэн буй орчны төгс бус зүйлстэй зохицож амьдрах урлаг юм. Чухамдаа орчин үед олон хүмүүс энэхүү амьдралын хэв маягийг сонгож байна вэ? Тэгвэл Ваби-Саби гэж чухам юу вэ?

Төгс бус зүйлсээс амьдралын сайхныг мэдрэх Японы "Ваби-Саби" ухаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ваби-Саби бол байгальтай гүн гүнзгий холбоо тогтоож, улмаар дотоод сэтгэлийг амар амгалан бий болгоход тусладаг нэг ёсны философи гэж ойлгож болно.

Чухамдаа үүнийг ойлгож чадсан хүн амьдралыг яг байгаагаар нь хүлээж авч, байгалийн жамыг хүлээн зөвшөөрснөөр амар тайвныг мэдэрч чаддаг байна. Амьдралд өндөг шиг өөгүй төгс зүйл үгүйн дээр өөрөө мөнх биш гэдгийг ухаарах нь Ваби Саби ажээ.

Дэлгэрэнгүй авч үзвэл Ваби ба Саби хоёр тусдаа ойлголт юм.

  • Ваби бол даруухан энгийн зүйлсийн гоо сайхныг таних явдал юм. Энэ нь биднийг зүрх сэтгэлээ нээж, хоосон материаллаг үзлээс ангижрахад тусална. Үгийн утгыг махчлан орчуулбал "даруухан даржин", "тарчиг ядуу" гэж бууна.
  • Саби гэдэг нь цаг хугацааны эрхээр бүх зүйл өөрчлөгдөж аяндаа байхгүй болохыг ойлгох юм. Чухамдаа тухайн зүйлийн жинхэнэ дотоод гоо сайхныг ойлгох юм бол хичнээн цаг хугацаа өнгөрч, тухайн зүйл эвдэрч бутарсан ч үнэ цэнээ хэзээд алдахгүй гэсэн санааг илэрхийлдэг.

Эдгээр хоёр ойлголт хамтдаа амьдралыг таних үзлийг бий болгодог. Бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, одоо цагтаа сэтгэл хангалуун байж, энгийн зүйлсийг үнэлж сурах нь гол зарчим.

Ингээд та бүхэнд Ваби Саби-г амьдралдаа хэрэгжүүлэхэд тус болох зөвлөгөөнүүдээс хүргэе. 

1 Аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурснаар та эрх чөлөөг мэдрэх болно

Японы хойд нутагт Дэва Санзан нэртэй уул бий. Тэнд Ямабүши хэмээх даяанч лам нар 8-р зуунаас хойш цугларч, гэгээрэлд хүрэх Укэтамо хэмээх бясалгал хийж ирсэн байна. Укэтамо гэдэг нь "Би бүх зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрч байна" гэсэн утгатай юм. 

Үндсэндээ Укэтамо нь бүрэн хүлээн зөвшөөрөхийн нэр юм. Ямабүши нар аль эрт амьдралын сайн муу бүх зүйлийг хэдий чинээ хурдан хүлээн зөвшөөрч чадна, төдий чинээ сэтгэл санаа хоосорч амар амгаланг олно гэдгийг ойлгосон аж. 

Тэгвэл Ваби-Саби ч бүх зүйлийг хүлээн зөвшөөрхийг заадаг юм. Энэ нь бууж өгнө гэсэн үг огт биш. Харин тухайн нөхцөл байдлыг яг байгаагаар нь ойлгон хүлээн зөвшөөрөөд, эрүүл ухаанаар дараагийн шийдвэрээ гаргах ёстойг эндээс та ойлгож аваарай. 

Аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурснаар та эрх чөлөөг мэдрэх болно

2 Амьдралд төгс зүйл гэж байхгүй, тиймээс төгс төгөлдөрийн араас бус сайн сайхны төлөө хичээх хэрэгтэй

Байгаль дээрх бүх зүйл үргэлж өөрчлөгдөж байдаг тул юу ч хэзээ ч бүрэн гүйцэд боловсорч чадахгүй. Тиймээс төгс зүйл гэж байх үндэсгүй.

Ваби-Саби нь үүний дагуу амьдрал өөрөө мөнх учраас өөгүй төгс зүйл оршин байх ёсгүй хэмээн заадаг. 

Харамсалтай нь орчин үед хүмүүс бүх зүйлийг, ялангуяа өөрсдийгөө байнга гоочилж, тэрийг ч сайжруулж, үүнийг ч сэргээвэл яг болох мэтээр сэтгэж явдаг болжээ. Үүнээс болоод хүн болгон огт хүрч чадахгүй төгс төгөлдөр гэж зүйлийн араас шуурах нь энгийн үзэгдэл болон тогтжээ. 

Хамгийн гол нь нийгэм даяараа хэн нэгний тогтоосон хэм хэмжээнд баригдаж өөрийн биш бусдын нүдээр дэлхийг өөрчлөхийг оролддог аж. Үүнээс болоод бусдад таалагдаж байвал төгс төгөлдөр байна хэмээн эндүүрэх нь хэвийн үзэгдэл болов. 

Тиймээс энэхүү үзлээс салахын тулд байгаль өөрөө төгс бус гэдгийг ойлгох нь чухал юм.

Харин төгс байхын оронд сайн сайхны араас тэмүүлэх хэрэгтэй.

Жишээлбэл шалгалт өгөх бол чадахаараа хичээгээд сайн дүн авах, хайртай хүмүүсээ халамжилж сурах гэх мэтээр төгс байдлын төлөө биш харин өөрийн амьдралаа сайн сайхан байлгахын төлөө зүтгээрэй. 

Амьдралд төгс зүйл гэж байхгүй, тиймээс төгс төгөлдөрийн араас бус сайн сайхны төлөө хичээх хэрэгтэй

3 Бүх зүйлийн гоо сайхныг олж сурах

Ваби-Саби-ийн нөлөөгөөр Японд Кинцүги хэмээх урлаг үүссэн байдаг. Энэ нь хагарсан зүйлсийг алтаар бэхэлж засах урлаг юм. 

Таны аяга эсвэл цайны гүц хагарч хэдэн хэсэг болсон бол яах вэ? Ихэнх хүмүүс бол зүгээр л хаях биз. Харин Кинцуги-ийн хувьд бол өөр хэрэг. Тэрхүү хагарсан аяганы хэлтэрхийнүүдийг цуглуулж алтыг цавуу болгон наасны дараа өмнөхөөсөө илүү үнэ цэнэтэй болно. 

Кинцүги урлагийн ачаар тухайн аяга харваас төгс бус хэрнээ илүү үзэсгэлэнтэй зүйл болж байгаа аж.

Кинцүги бидэнд цаг хугацааны эрхээр хүн бүр хөгширдөгч түүний хажуугаар хүч чадал, мэргэн ухаан, тэсвэр тэвчээрийг олж авна гэсэн санааг заадаг юм. 

Тиймээс хүн ч гэсэн хүнд хэцүү зүйлтэй тулгараад сэтгэл санаа болоод бие цогцосоороо хохирч болно. Харин тэр үед нь өөрийгөө гаргуунд нь гаргаж хаяхын оронд "алтаар" шархаа нөхөөд өмнөхөөсөө илүү бат бөх, үзэсгэлэнтэй болох боломжтой юм. 

Бүх зүйлийн гоо сайхныг олж сурах

4 Амьдралыг удаан болоод энгийнээр хүлээн авч байж мэдэрч чадна

Бүх зүйлийн гоо сайхныг хэрхэн олох вэ гэж та бодож байж магадгүй.

Өмнө нь хэлсэнчлэн бүх зүйл маш энгийн, амьдралын хэмнэлээ удаашруулж, хялбарчлахад л хангалттай. 

Үүний цаад шалтгаан нь:

  • Бүх зүйлийг удаанаар хүлээж авснаар та аливааг илүү сайн анзаарч чаддаг болно. Ингэснээр хэн ч гэсэн өөрийгөө илүү ойлгох юм. Хэт хурдан хэмнэлээс салснаар та илүү сайн эргэцүүлж, түүндээ тохирсон хариулт олох боломжийг олно гэсэн үг. Хүмүүс хэтэрхий үрэлгэн, түргэн хэмнэлд амьдарч дассан учраас аяндаа түүнийхээ ачааллыг дийлэлгүй шатаад дуусдаг.
  • Амьдралаа хялбарчлах нь нарийн төвөгтэй асуудал үүсэхээс сэргийлнэ. Тиймээс өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн хүмүүс амьдралд нь юу дутагдаж байгааг бус юунаас салах хэрэгтэй болохоо бодож олох хэрэгтэй. Үүний ачаар хэрэггүй зуршил, найз нөхөд, хогшил зэргээсээ салах боломжтой болно. Дараа нь харин жинхэнэ өөрт хэрэгтэй зүйлийг олж авахад илүү амар юм. 

Амьдралыг удаан болоод энгийнээр хүлээн авч байж мэдэрч чадна

5 Одоо байгаадаа сэтгэл хангалуун байна гэдэг нь аз жаргал юм

Илүү цалинтай ажилд орох, шинэ стартап эхлүүлэх, сайн сургуульд орох гэх мэт зорилго тавьсан хүмүүс үргэлж байгаагаа голж, түүнээсээ болоод өөрсдийгөө зовж буй мэтээр төсөөлдөг. 

Харамсалтай нь тэрхүү зорилгодоо хүрсэн ч гэсэн аз жаргалтай байна гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Томоохон амжилтанд хүрэнгүүт насан туршын аз жаргалаа олсон хүн ер нь хэр олон байдаг бол?

Ингээд харвал зорилгоо биелүүлэх нь аз жаргал авч ирнэ гэсэн төөрөгдөл ихэнх хүмүүст суусан байна. Чухамдаа энэхүү төөрөгдөл нь аз жаргал гэдэг зүгээр л энгийн сэтгэл хөдлөл юм гэдгийг мартагдахад хүргэжээ. 

Та үргэлж аз жаргалтай байгаад байж чадахгүй. 

Тэгвэл зорилгын араас хөцөөлдөх нь буруу юм гэж үү? Хэтэрхий том зорилго бол таныг сүйтгээд л дуусна гэдгийг сана. Дээрээс нь аз жаргал гэдэг хааяа л гарч ирдэг сэтгэл хөдлөл гэдгийг ойлго.

Чухам энд л Ваби-Саби тус болох юм.

Киото хот дахь Рёанжи хэмээх сүмд байрлах нэгэн чулуун дээр 17-р зууны үед эртний хятад ханзаар “Би зөвхөн сэтгэл ханамжийг л мэдэрдэг” гэж бичсэн байдаг.

Аз жаргал бус сэтгэл хангалуун байхад л хангалттай юм. Ингэсэн тохиолдолд та хэзээ ч зовлон гэх зүйлийг мэдрэхгүй. Зовлонгийн эх нь сэтгэл хангалуун бус байдал юм. Тэгээд л гүйцээ. 

Өөрт байгаа зүйлдээ, байгаа байгалдаа сэтгэл хангалуун байх нь талархаж сурахаас эхэлнэ. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, хүссэн зүйлийнхээ төлөө зүтгэж, түүнийхээ араас улайран бус харин өөртөө итгэлтэйгээр явах хэрэгтэй. Ингэсэн цагт танд жинхэнэ аз жаргал ирэх болно. 

Одоо байгаадаа сэтгэл хангалуун байна гэдэг нь аз жаргал юм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()