1
Эрл Симмонс буюу DMX
DMX хэмээх нэрээрээ танигдсан реппер Эрл Симмонс 90-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үед дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болж чадсан юм.
Харамсалтай нь 2021 оны 4-р сард DMX кокайн хэтрүүлж хэрэглэснээс болоод зүрхний шигдээс болсон учраас шууд эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэрээр ухаан оролгүй долоо хоног болсны дараа 51 насандаа амьсгал хураасан байна.
2
Ларри Кинг
Сэтгүүлч, телевизийн хөтлөгч Ларри Кинг 88 насандаа коронавирусын улмаас нас баржээ. Сэтгүүл зүйн салбарт 50 гаруй жилийн турш зүтгэсэн Кинг алдартай улс төрчид, уран бүтээлчид, зохиолчид гэх мэт дэлхийн ододтой 50 мянган удаагийн ярилцлага хийсэн байна. Ларри Кингийн хувийн амьдрал ч гэсэн адал явдлаар дүүрэн байсан гэдгийг 8 удаа гэрлэж байснаас нь харж болно.
3
Хунтайж Филипп
Их Британийн хатан хаан 2-р Элизабетийн нөхөр Хунтайж Филлип 100 нас хүрэхээсээ хэдхэн сарын өмнө таалал төгссөн байна. Түүний үхлийн албан ёсны шалтгааныг "байгалийн жамаар" гэж тайлбарладаг ч тэрээр нас барахаасаа хэдхэн сарын өмнө зүрхний мэс засал хийлгэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Эдинбургийн гүн Филипп, 2-р Элизабет нар 1947 онд гэрлэж 74 жилийг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд Чарльз, Анна, Эндрю, Эдвард гэсэн дөрвөн хүүхэдтэй болжээ.
4
Владимир Меньшов
Оскарын шагналт кино найруулагч, хойд хөршийн домогт жүжигчин Владимир Меньшов 82 насандаа коронавирусын улмаас нас барсан юм. Түүний найруулсан "Москва нулимсанд дургүй", "Тагтаа ба дурлал", "Ширли-Мирли" кинонууд нь өнөөг хүртэл олон орны үзэгчдийн дунд алдартай хэвээр байгаа билээ.
5
Жан-Поль Бельмондо
1960-аад онд "À bout de souffle" киногоор дэлхийн хэмжээнд танигдсан Жан-Поль Бельмондо нь 1980-аад оны сүүл үед хүртэл Францын хамгийн алдартай жүжигчдийн нэгт тооцогддог байсан юм.
2001 онд Бельмондо цус харвалтаас болж эрүүл мэндийн рувьд доройтсон байдаг. Тэрээр 2015 онд зодог тайлсан бөгөөд тэр цагаас хойш нэг ч тайз, дэлгэцийн бүтээл дээр гараагүй байна. Ийнхүү Жан-Поль Бельмондо 88 насандаа энэ оны 9-р сард Парис дахь гэртээ таалал төгссөн билээ. Түүнийг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон "Үндэсний баатар" хэмээн нэрлэж, дурсгалыг нь хүндэтгэсэн байдаг.
6
Жеймс Майкл Тайлер
Алдарт телевизийн цуврал "Friends"-ийн Гантерийн дүрээр танигдсан Жеймс Майкл Тайлер олон жилийн турш түрүү булчирхайн хавдраар шаналсны эцэст энэ жил 55 насандаа өөд болжээ. 2018 онд тэрээр ийм өвчтэй хэмээн оношлогдсон боловч хавдар нь нилээд хожуу үедээ орж, ясандаа хүртэл тархсан байсан аж.
7
Э.Балжинням
Гайхалтай мэдлэг, уран цэцэгс үгс, хөгжилтэй яриагаараа үзэгч олны хүндэтгэлийг хүлээж, Монгол дахь хөлбөмбөгийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болсон алдарт тайлбарлагч Эрдэнэбатын Балжинням хэдхэн хоногийн өмнө 53 насандаа таалал төгссөн билээ. 1968 онд Сэлэнгэ аймагт мэндэлсэн тэрээр 2007 он хүртэл Орос хэлний багшаар ажиллаж байгаад өөрийн хүүхэд насны мөрөөдлийг биелүүлж, цуглуулсан арвин мэдлэг туршлагаа ашиглах боломжийг TV9 телевизэд хөлбөмбөгийн тайлбарлагч болсноор эхлүүлсэн байна.
Ийнхүү тэрээр телевизийн салбарт 16 жилийн турш тасралтгүй ажиллахдаа нийт 2000 гаруй тоглолтыг шууд тайлбарлан хүргэж, олон шөнийн нойроо хугаслан мянга мянган залуусыг дуртай спорттой нь хамт байлгаж, олон олон хүүхэд багачуудад хөлбөмбөгийн спортын гайхамшгийг таниулж, мэдрүүлж, түүнд дурлуулсан гавъяатай нэгэн билээ.
8
Л.Дэмидбаатар
Монголын тайз дэлгэцийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан авъяаслаг жүжигчин, найруулагч, МУГЖ Лхагвын Дэмидбаатар энэ оны 6-р сард 55 насандаа өөд болсон юм. Театрын урлаг, кино урлаг, хошин урлаг, сурган хүмүүжүүлэх ажил гээд олон салбарт мэргэшсэн тэрээр 30 гаруй жил урлагт зүтгэхдээ 100 гаруй жүжиг, 10 гаруй сонгодог бүтээл, 30 гаруй уран сайхны кинонд тогложээ. Тэрээр дүр бүтээхдээ он цаг, орчин нөхцөл харилцан адилгүй янз бүрийн хүмүүсийн зан байдлын онцлогийг харгалзан, тухайн дүрдээ сэтгэл зүйн талаас нь нягт нямбай бодож урлан бүтээж “Дэмидбаатарын дүрүүд” гэж овоглох байр суурийг бүтээлүүдээрээ олж чадсан гайхалтай жүжигчин байлаа.
Мөн Соёл урлагийн их сургуульд болон Сити их сургуульд багшилж, хойч үеийн уран бүтээлчдийг бэлтгэж ирсэн билээ. Түүний урлагт оруулсан энэхүү хувь нэмрийг үнэлж, 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнасан юм.
9
Д.Галсантогтох
Ард олондоо “Тогдгор” Галсантогтох хэмээгдэн хүндлэгддэг Монгол Улсын Гавьяат Жүжигчин, алиалагч, нэрт лимбэчин Дашзэгвийн Галсантогтох энэ онд 58 насандаа таалал төгссчээ. Авьяаслаг уран бүтээлч тэрээр Сэлэнгэ аймгийн Соёлын ордноос гараагаа эхэлж, 50 орчим жил Монголын урлагт зүтгэсэн юм. Нэрт лимбэчин М.Доржийн удирдлага дор мэргэжлийн түвшний лимбэчин болсон тэрбээр битүү амьсгаагаар лимбэдэж тоглож чаддаг гарын арван хуруунд багтах цөөн хэдэн хүмүүсийн нэг байв.
10
Н.Чулуунхүү
Монгол түмний хайртай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, ая зохиогч Нанзадын Чулуунхүү энэ онд 75 насандаа өөд болсон билээ. Дунд сургуульд суралцаж, мөн цэргийн алба хааж байхдаа дуулах авъяасаараа гайхагдаж байсан тэрбээр 80-аад оны үед хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Б.Шарав, Л.Мөрдорж нартай дотно найзууд болж, ая зохиож эхэлжээ.
Түүний өөрийн зохиосон “Настан буурал эмээ”, Ардын уран зохиолч, Д.Пүрэвдоржийн “Насны хань”, Б.Дашзэгвийн “Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан” , мөн МУГЖ М.Бямбажавтай хамтран дуулсан “Эр хоёр загал” тэргүүтэй олон сайхан дуу бидний сэтгэлд хоногшиж, дуунд дуртай хүн бүр аялж явдаг болсон билээ.
11
Б.Батзаяа
Монголын хошин урлагийг үндэслэгч хэмээн хүндлэгдсэн гавъяат жүжигчин Б.Батзаяа эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хэдэн жил уран бүтээлээсээ холдож, 2021 онд 63 насандаа таалал төгссөн юм. Өнгөрсөн зууны шилдэг бүтээлүүдийн нэг "Хөдөөгийн баясгалан" кинонд 16 насандаа анх тоглосноос хойш Монголын ард түмнийг хөгжөөж, баясгасаар ирсэн тэрбээр 1978 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино-драмын ангийг төгсөж, улмаар нөхдийн хамт 1989 онд Хошин урлагийн театрыг байгуулж байжээ.
Түүний тайз дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүдийг тоолж баршгүй бөгөөд Монголын хошин урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.
12
С.Дамдин
Монгол түмнээ “Хөх чоно” дүрээр мөнхөрч, тайз дэлгэцийн урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяат жүжигчин С.Дамдин 78 насандаа хүнд өвчний улмаас энэ оны 7-р сард таалал төгсчээ. Булган аймгийн Бугат сумын нутагт мэндэлсэн тэрээр 1967 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсөөд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж, 40 гаруй жилийг урлагт зориулжээ.
Тайз дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхлөн 2010 онд гавьяат жүжигчин цол хүртэж, улмаар Оросын Холбооны Буриад улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан. Түүний тоглосон дүрүүд баатарлаг эр зоригийн гайхамшгийг харуулсан шинжтэй байдаг.
Тэрээр тайзны 140 гаруй уран бүтээлд дүр бүтээсний зэрэгцээ Б.Сумхүүгийн “Их замын эхэнд” киноны Хөх чоно, Г.Жигжидсүрэнгийн “Их хааны удам” киноны Дагвадоной, Р.Доржпаламын “Өндөр ээж” киноны Гомбожав зэрэг дүрээрээ үзэгч түмний сэтгэлд хоногшин үлдсэн билээ.