Тайландыг өдий зэрэгтэй улс болгоход гол нөлөөг үзүүлсэн 5-р Рама хааны түүх

Ханхүү Чулалонгкрон 1853 оны 9-р сарын 20-нд Сиамын (одоогийн Тайланд) хаан 4-р Рамагийн найм дахь хүүхэд болж мэндэлсэн юм. Ард түмэндээ хүндлэгдсэн удирдагч 4-р Рама хатад, татвар эмс нийлсэн 32 бүсгүйгээс нийт 82 хүүхэдтэй болсон байна. Гэхдээ тэрээр хүүхдүүдээ ялгалгүй өндөр боловсролтой болгохын тулд гадаадаас, тэр дундаа Европоос багш нар урьж авчирдаг байжээ. Багш нар ч тоолж барамгүй олон ханхүү, гүнж нарт сайн боловсрол эзэмшүүлж чаджээ.

Тайландыг өдий зэрэгтэй улс болгоход гол нөлөөг үзүүлсэн 5-р Рама хааны түүх

Ханхүү Чулалонгкрон 13 настайдаа гэр бүлийн уламжлалын дагуу зургаан сарын турш хийдэд шавилан сууж Буддын шашныг судалжээ.

Хүүгээ хийдээс буцаж ирмэгч аав нь чухал даалгавар өгчээ. Үүний дагуу Чулалонгкрон 1868 оны 8-р сарын 18-ны өдөр нарны бүтэн хиртэлтийг ажиглахын тулд Малайзын хойг руу эцгийн хамт аялахаар болов. Чухамдаа 4-р Рама хааннар хиртэлт болно гэдгийг өөрөө тооцоолсон бөгөөд хугацааг нь хүртэл хоёр секундын нарийвчлалтайгаар гаргаж ирсэн аж. Энэ бүхэнд гайхширсан Европын одон орон судлаачид тус нар хиртэлтийг "Сиамын хааны хиртэлт" хэмээн нэрлэсэн байдаг.

Харамсалтай нь хаан, ханхүү хоёр аяллаас буцаж ирэхдээ хумхаа өвчин туссан байв. Өндөр настай хаан тийм хүнд өвчнийг дааж чадсангүй таалал төгсөв. Ханхүү ч гэсэн найдваргүй болсон гэж эмч нар үзэж байсан ч залуу бие махбодынхоо ачаар Чулалонгкрон эдгэрч чадсан байна. 

4-р Рама гэрээслэлдээ "манай улсыг аварч чадах нэгэнд хаан ширээг өг" гэсэн туйлын учир битүүлэг захиас үлдээснээс болоод олон хүүхдүүдийн хэн нь хаан болох нь нэг хэсэгтээ тодорхойгүй байсан аж. Тэгтэл ордны түшмэл Си Суриявонг уран арга сэдэж, талийгаач хааны захиасыг "тайлан" Чулалонгкрон хаан болох ёстой хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ яриандаа олныг итгүүлж чаджээ. Ийнхүү 1868 оны 11-р сарын 11-нд залуу ханхүү хааны сэнтийд заларч 5-р Рама болсон бөгөөд Си Суриявонг түүнийг нас бие гүйцэх хүртэл өмнөөс нь төр барьсан гэнэ. 

Залуу хаан анхны жилүүддээ өөрөө шууд төр барих шаардлагагүй байсны давуу талыг ашиглахаар шийджээ. Тэрээр Азийн олон орноор аялж, янз бүрийн улс орнуудын засаглалын тогтолцоог, ялангуяа Британийн колониудыг судалжээ. Гэхдээ 5-р Рама зүгээр нэг аялсангүй, өөрөө төрийн бүрэн эрхтэй болсныхоо дараа авч хэрэгжүүлэх бодлогоо боловсруулж явсан байна. 

1873 оны арваннэгдүгээр сарын 16-нд 20 настай 5-р Рама эрийн цээнд хүрч, албан ёсоор бүрэн эрхт хаан болсон байна. Юуны өмнө тэрээр дөрвөн эмэгтэй дүүгээ эхнэр болгон авч, улсаа шинэчлэх ажлаа эхлүүлэв. 

Тэрээр татвар улсын үндэс гэдгийг ойлгосон учраас төвлөрсөн татварын системийг нэвтрүүлэв. Үүнээс өмнө Тайландад орон нутгийн захирагч нар хувийн үзэмжээр нутгийн иргэдээс алба гувчуур цуглуулж, улсдаа бага хувийг тушаадаг байсан аж. Өөрсдийн орлогын эх үүсвэрээс салсан язгууртнууд хааныхаа эсрэг сэм хуйвалдаж эхэлсэн бөгөөд тэднийг 5-р Рамагийн үеэл болох Сиамын Ван толгойлдог байв. Үүний дээр хаан язгууртнууд бус өөрөө шалгаруулж дэвшүүлсэн ордны сайдуудтайгаа улсын хэргийг зөвшөлцдөг болсон нь сөрөг хүчнийхний дургүйг дахин хүргэв. Энэ бүхний эцэст Хааны болон Вангийн талынхан мөргөлдсөн байна. 

1874 оны 12-р сарын 28-нд хааны ордонд гал гарчээ. Хэрэв түймэр дарьны агуулахад хүрэх юм бол дэлбэрэлт үүсэж, ордон тэр чигтээ үнсэн товрог болох байв. Хааны харуулууд болон гал сөнөөгчид даруй хөдөлсөн боловч ордны үүдэн дээр бүрэн зэвсэглэсэн Вангийн цэргүүд цугларсан байх нь тэр.

Тэд “Гал унтраахад туслахаар ирсэн” гэж хэлээд хааны талынхныг ордны хашаанд оруулалгүй, өөрсдөө галыг унтраажээ. Мэдээж хэрэг энэ явдал нь Ван болон язгууртнууд ямар хүчтэй байгааг харуулах зорилготой явуулга байсан нь ойлгомжтой. 5-р Рама язгууртнуудын эрх мэдлийн хэмжээг яаралтай хязгаарлах шаардлагатайг ойлгосон боловч ямар ч шалтгаангүйгээр хөдөлбөл төрийн эргэлт эсвэл бүр иргэний дайн гарах байв. Тиймээс тэрээр тохиромжтой үеийг хүлээхээр болов. 

Аз болоход язгууртнуудыг түр ч болов сатааруулах боломж гарч иржээ. Манжаас салан тусгаарлах зорилготойгоор байгуулагдсан Тайпин хэмээх улс ялагдаж эзлэгдсэн бөгөөд түүний үлдэгдэл болсон олон тооны Хятад цэргүүд Сиам руу дүрвэсэн юм. Тэд Тайландын эрх баригчид нартай мөн харгалдаж, тус улсын хойд хэсгийг тонон дээрэмдэх болжээ. Шинээр гарч ирсэн дайснаа дарахын тулд 5-р Рама Европын загварыг ашиглан цэргийн шинэчлэл хийсэн бөгөөд тэрхүү орчин үеийн зэвсэг, аргачлалтай арми дээрэмчдийг ядах юмгүй бут цохижээ. 

Энэ зуур буюу 1885 онд Ван нас барсан бөгөөд 5-р Рама ч боломжийг алдалгүй түүний суудлыг хуулийн дагуу татан буулгажээ. Үүний оронд Сиамын угсаа залгамжлах ханхүү улсын хэмжээнд Вангийн үүргийг гүйцэтгэх болсон байна. Удирдагчаа алдсан язгууртнууд ч хааныг эсэргүүцэх хүчгүй болов. 

Ийнхүү саадгүй болсон 5-р Рама эрс шинэчлэлтийг эхлүүлэв. Тэрээр 1880-аад онд барууны маягийн хааны нэрэмжит цэргийн академийг байгуулж, 15-р зуунаас хойш өөрчлөгдөөгүй засаглалын нүсэр тогтолцоог орлох засгийн газрын кабинетийг байгуулж, зөвхөн хааны бүх шийдвэрийг дагах зорилготой Төрийн зөвлөлийг татан буулгаж, эрүү шүүлтийг хориглох замаар шүүхийн тогтолцоог шинэчилсэн юм. Мөн тэрээр хүүхдүүдээ шууд Европт сургахаар явуулжээ. Орчин үеийн түүхчдийн үзэж байгаагаар 5-р Рама шинэчлэлээ хийж дууссаны дараа Сиамыг үндсэн хуульт хаант засаглалтай орон болгохыг хүсч байсан аж. 

Харамсалтай нь улсаа хөгжүүлэх төлөвлөгөөнд нь Францчууд том саад болов. 1887 онд Францчууд өнөөгийн Вьетнам дахь колонио тэлэх үүднээс тухайн үед Сиамын эзэмшилд байсан Лаосыг эзлэн авчээ. Хэдийгээр эрс шинэчлэлт хийсэн ч гэсэн жинхэнэ Европын армитай Сиамын цэргүүд яагаад ч эн цэрэгцэж чадсангүй ялагджээ. 

Энэ бүхнээс сургамж авсан 5-р Рама улс орноо жинхэнэ бие даасан тусгаар орон болгохын тулд илүү том өөрчлөлтүүдийг хийх ёстойгоо ойлгосон байна. Тиймээс 1897 онд Тайландын түүхэнд анх удаа Европын орнуудад албан ёсны айлчлалт хийсэн аж. Рама олон орны удирдагчид, тэр дундаа Хаант Оросын 2-р Николай хаантай уулзсан байна. 

Богинохон хугацаанд тэрээр илүү их зүйлийг сурч авсан тул эргэж ирмэгцээ ажлаа шуурхайлан эхлүүлэв. Рама Хааны Тэнгисийн цэргийн академийг байгуулж, язгууртнуудын эрт цагаас захирч ирсэн нутгуудыг тусдаа захиргаатай муж болгон хувааж, тариачдын хүлээдэг байсан олон шаардлагагүй үүргийг цуцалж, АНУ-ын түүхийг судалсны дараа Сиам дахь боолчлолыг халсан байна. 

Рамагийн сүүлд хийгдсэн шинэчлэлүүд дотроос мөргөх ёсыг халсан явдлыг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өмнө нь Сиамын бүх иргэд дээд зиндааны хүнтэй таарвал даруй толгойгоо газар хүргэж мөргөөд, яван явтал нь босох эрхгүй байв. Рама энэхүү ёсыг "биед хүртэл тээртэй эртний доромжлол" гэж нэрлээд ганцхан удаа мэхийн ёслох нь тухайн хүнийг хүндэлж буйг илэрхийлэхэд хангалттай хэмээн үзсэн аж. 

5-р Рама Европчуудын тусламжтайгаар Сиамыг төмөр замтай болгож, Бангкок хотыг цахилгаан станц, бохирын систем, Английн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээтэй болгожээ. 

1910 оны аравдугаар сарын 23-нд 57 насандаа тэрээр бөөрний өвчнөөр нас барсан юм. 5-р Рама улс орноо танигдахын аргагүй болтол нь өөрчилж чадсан бөгөөд насан эцэслэх үед нь Сиам Зүүн Азийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болжээ. Тиймээс өнөөг хүртэл Тайландчууд түүнийг өндрөөр үнэлж хүндэлдэг байна. Олон гудамж, их дээд сургуулиуд түүний нэрээр нэрлэгдсэн бөгөөд 100 батын мөнгөн дэвсгэрт дээр зургийг нь тавьсан байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()