Амьтан хамгаалах PETA байгууллагын 2018 оны судалгаанаас үзвэл АНУ-ын хэмжээнд эзэндээ хамгийн их тоогоор хаягдсан цэвэр цусны ноход бол хаски байжээ. Мөн тус улс дахь амьтан хамгаалах төвүүдэд үрчилсэн нохойгоо буцаах тохиолдлуудын хамгийн их буюу 13 хувийг хаски үүлдэр эзэлсэн байна. Яагаад тэр вэ?
Генийн хувьд чонотой хамгийн ойролцоо, мөн хамгийн хурданд тооцогдох үүлдрүүдийн нэг болох хаскиг анх туйлын бүс нутагт зөвхөн тээврийн зорилгоор үржүүлжээ. Алс Дорнод болон Зүүн Сибирийн нутгаас гаралтай тэрхүү нохдыг хатуу ширүүн нөхцөлтэй, зам харгуй муутай газарт чарганд хөллөхөд хамгийн тохиромжтой байв. Учир нь дээр дурдсанчлан хурдан шалмаг хөдөлгөөнтэй, тэвчээр сайтай болохоор тэр. Мөн хаски нохой зузаан үслэг арьстай, алдсан илчлэгээ хурдан нөхдөг, хоол шингээлтийнхээ явцад дулаан ихээр ялгаруулдаг учир асар хүйтэн цаг агаарт эскимо, иниут, чукча хүмүүс сүрэг нохдынхоо дэргэд суун дулаацдаг байжээ.
Гэхдээ хаски барагтай л бол хуцдаггүй учраас тэднийг гэр бараа хамгаалуулах зорилгоор хэзээ ч тэжээдэггүй байв.
Гэвч хаски нохдын цэнхэр нүд, царайлаг төрх хотын иргэдийн анхаарлыг татаж эхэлснээр бүх зүйл өөрчлөгдсөн байна. Дулаахан, тохилог байранд ирсэн хаскинууд боломж л олдвол эзнийхээ гэрийг сүйтгэх болов. Хамгийн эхэнд гардаг асуудал гэвэл тэд хүйтэн уур амьсгалд зохицсон, халуунд тэсвэргүй ноход учраас байнга гуужиж, цагаан хялгасаар гэрийг дүүргэнэ.
Тэдний эрч хүч юунд л бол юунд хангалттай хүрнэ. Гэрийн шаахай, буйдан, хаалга гээд л бүхий л боломжит зүйлийг тэд хазаж мэрнэ. Мөн хаски нь орголтын жинхэнэ мастер учир хашаан дээгүүр амархан үсэрч, эсвэл доогуур нь нүх ухан гарч чаддаг.
Дээр дурдсанчлан тэд хуцаж чадахгүй учир байнга чоно шиг ульж, хөршүүдэд чинь "концерт" толилуулах болно.
Хэрэв тэднийг гэрээс гаргавал орчин тойрондоо ч хангалттай төвөг учруулж эхэлдэг. Ан хийх байгалийн зөнгөө алдаагүй тул хэрэм, тагтаа, муур, тахиа гээд жижиг амьтад руу дайрахын зэрэгцээ олзоо гэртээ авчран нөөцөлж, эзнээ цочирдуулах нь бий. Энэ зан чанар нь хойд нутагт тэднийг зөвхөн өвлийн улиралд бөөнөөр нь тэжээж, харин зун сул тавьдаг тул хоолоо өөрсдөө олж иддэг байсантай холбоотой.
Сибирийн хаскигийн хувьд маш ажилсаг, идэвхтэй, эрч хүчтэй нохой. Тэдний өвөг дээдэс өвлийн хүйтэнд хэдэн зуун километр чарга чирч давхидаг байсныг санах хэрэгтэй. Тиймээс тэдэнд хотын амьдрал зохихгүй. Хаскигийн энэ их эрч хүчийг гадагш гаргахгүй бол тэд жинхэнэ чөтгөр болж хувирна.
Иймд тэднийг тэжээсэн шиг тэжээе гэвэл зөвхөн салхилуулах нь хангалттай биш бөгөөд харин өдөр бүр дагуулж гүйх, ууланд алхах маягаар "дасгал хийлгэх" хэрэгтэй аж. Ерөнхийдөө анх удаа нохой тэжээж буй хүнд энэ үүлдэр нь тун буруу сонголт байх болно.
Гэхдээ хаски маш сайхан ааштай, уурлаж архирах нь ховор үүлдэр. Танай хөрш, гадаа таарсан хүүхэд, тэр ч байтугай орон гэрийн хулгайч байсан ч тэд хүн хараад ихээр баярладаг.
Хэрвээ хайртай нохойныхоо эрч хүчийг сайн гаргаж чадаж байвал эдгээр ноход хамгийн гайхалтай амьтад шүү. Зөвхөн зарим эзэд нь уг нохойг маш их анхаарал шаарддаг болохыг ойлгодоггүй бололтой. Тиймээс л хөөрхий хаски гудамжинд хаягдах нь элбэг аж.