Хэргэм зэргээсээ татгалзсан Японы гүнж Мако АНУ-д очоод хэрхэн амьдарч байна вэ?

Японы өмнөх эзэн хаан Акихитогийн ач охин, өдгөө 30 настай гүнж Мако энгийн гэр бүлээс гаралтай залуутай гэрлэхийн тулд өөрийн хэргэм зэрэг, хөрөнгө мөнгөнөөс татгалзсан нь сүүлийн жилүүдэд Японд гэлтгүй дэлхий дахины анхаарлыг татсан билээ. Хайр дурлалынхаа төлөө Японы эзэн хааны ордны нарийн ёс заншлын эсрэг олон жил зүтгэсэн тэрээр саяхан хүссэнээ биелүүлж, сүйт залуутайгаа хамт Америкт очиж амьдрахаар болсон юм. Тэгвэл гүнж далайн чанадад хэрхэн амьдарч байгаа нь хэдхэн хоногийн өмнө папарацийн дуранд буужээ.

Хэргэм зэргээсээ татгалзсан Японы гүнж Мако АНУ-д очоод хэрхэн амьдарч байна вэ?

Ханхүү Акишиногийн ууган охин Мако гүнж 2012 онд Токио дахь Олон улсын Загалмайтны их сургуульд сурч байхдаа ангийн найз Кэй Комүро хэмээх залуутай танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болжээ. 2013 онд Кэй түүнд гэрлэх санал тавьсан боловч үерхээд жил ч болоогүй байгаа гэсэн шалтгаанаар гүнж татгалзсан байна.

Харин 2017 онд хос хоёр сүй тавьснаа олон нийтэд зарласнаар томоохон дуулиан дагуулжээ. Энгийн гаралтай сүйт залуугийн гэр бүлийн санхүүгийн асуудлыг Японы хэвлэл онцолж байсны зэрэгцээ хааны ордны уламжлал бас саад болж байлаа. 

Тодруулбал эзэн хааны гэр бүлийн гишүүн эмэгтэй жирийн эрэгтэйтэй гэрлэвэл язгуур хэргэмээсээ татгалздаг хуультай ч Мако гүнж хайр дурлалаа тэргүүнд тавьсан байна. 

Ийнхүү гүнж өнгөрсөн есдүгээр сард хайртай хүнтэйгээ хуримаа хийж, төрж өссөн хааны ордноо бүр мөсөн орхисон юм. Тэрээр зөвхөн ордноос яваад зогсохгүй Японы төрөөс олгох 1,300,000 гаруй ам.долларын тэтгэмжээс татгалзжээ. Хэргэм зэргээ өгсөн язгууртныг энгийн амьдралд хөлөө олоход нь туслах зорилготой нэг удаагийн энэхүү тэтгэмжийг авалгүйгээр хос хоёр цэвэр өөрсдийн хүчээр амьдралаа төвхнүүлэх сонголт хийсэн нь энэ аж.

Дээр дурдагдсан сүйт залуугийн санхүүгийн асуудал болон цар тахал, байгалийн гамшгийн нөлөөгөөр тэр хоёрын хурим гурван ч удаа хойшлогдсоноос болж Мако гүнж сэтгэцийн хямралд ороод байсан юм. Ийнхүү энэ жил хүслээ биелүүлж, Японы эзэн хааны гэр бүлд урьд байгаагүй даруухан хуримын ёслолыг хийгээд, нөхрийнхөө хамт ордноос явсан байна.

Түүний нөхөр Кэй Комүро нь Нью-Йорк хотноо хуулийн фирмд ажилладаг. Тийм ч учраас гүнж ордноо орхиод удалгүй АНУ руу нисч, өдгөө тэнд нөхрийн хамт амьдарч байгаа билээ. 

Тэгвэл америк сэтгүүлчид чимээгүйхэн амьдарч буй хоёрыг тэр даруй "илрүүлж", Нью-Йорк хотын гудамжаар алхаж явахад нь папарацийн дуранд буулгажээ. Албаны эрхэмсэг хувцасаа биед эвтэйхэн хувцасаар сольсон гүнж жирийн оюутнаас ялгарахааргүй харагдаж байгааг тэд онцолжээ.

BBC-ийн мэдээлснээр хос хоёр Нью-Йорк хотод байр түрээслэн амьдарч байгаа гэнэ. Комүрогийн хувьд саяхан өмгөөлөгчийн эрх олгох шалгалт өгөөд бүдэрсэн тул дахин өгөхөөр бэлдэж байгаа аж. Харин Мако гүнж одоогоор тодорхой ажил эрхлээгүй байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()