Буга яагаад өөрийн цусан эврээ иддэг вэ? (Сонирхолтой баримтууд)

Салаа туруутнууд дотроос "жинхэнэ эвэр"-тэй амьтад бол буга, хандгай, цаа буга зэрэг юм. Учир нь үхэр, хонь, ямааны төрлийнхний эвэр нь үс, хумстай адил эдээс тогтсон байдаг бол бугын эвэр кальци, фосфор бүхий жинхэнэ яснаас бүрддэг. Мөн бугын эвэр жил бүр унаж, дахин шинээр ургадаг болохыг бид мэднэ. Ингээд та бүхэнд бугын ясан эвэр, цусан эвэртэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Буга яагаад өөрийн цусан эврээ иддэг вэ? (Сонирхолтой баримтууд)

Эр буга буюу дайр ойролцоогоор нэг нас хүрэх үедээ анхны эврээ ургуулдаг. Эвэр эрүүл, хэвийн ургах гол нөхцлийг хангадаг эрхтэн нь бугын толгой дээрх хоёр товгор суурь юм. Тус суурины орой хэсэгт байдаг эд нь бугын бие дэх дааврын өөрчлөлтөд хариу урвал үзүүлснээр эвэр ургаж, бас унадаг. Сонирхолтой нь тэрхүү эдийг хэрэв мэс заслын аргаар авч, бугын биеийн өөр хэсэгт байрлуулвал тэнд эвэр ургаж эхэлдэг байна. Тиймээс энэ аргын тусламжтай ганц эвэртэй, эсвэл 10 эвэртэй бугыг ч "бүтээж" болох аж.

Бугын эвэр гуужих жилийн мөчлөг хэзээ эхлэх нь өдрийн урт, нарны гэрэлтэй байх хугацаанаас хамаардаг. Эр бугын тархин дахь нэгэн төрлийн "цаг" нь өдөр, шөнийн уртыг хэмжиж, улмаар нөхөн үржихүйн даавар болох тестостероныг ялгаруулах эсэхийг шийддэг. Ийнхүү тестостерон ялгарснаар эвэр ургаж эхлэх бөгөөд хэрэв бугыг байнгын гэрэлтэй орчинд байлгавал хоёр жилд гурван удаа шинэ эвэр ургуулах боломжтой аж. 

Ихэвчлэн дөрөвдүгээр сард шинэ эвэр ургаж эхлэх ба тухайн үедээ өдөрт дунджаар 6 мм уртасдаг тул бугын эвэр нь амьтны ертөнц дэх хамгийн хурдан өсөлттэй эдүүдийн нэг гэж тооцогддог байна. Ингээд дөрвөн сарын дараа бугын олон салаа эвэр ургаж гүйцнэ.

Эвэр нь ургаж байх явцдаа дотроо дүүрэн мэдрэлийн эд, цусны судас бүхий хилэн мэт үсэрхэг зөөлөн арьсаар хучигдсан байдаг. Бугын эврийн ургалтыг яг л барилга барихтай зүйрлэж болно. Эхлээд суурь тавигдаж, гадна хүрээ нь босох бөгөөд эцэст нь цемент цутгахтай адил ясаар "дүүрдэг".

Зуны сүүл үед тестостероны хэмжээ нь нэмэгдэхтэй зэрэгцэн зөөлөн цусан эвэр нь хатуурч эхэлнэ. Эцэст нь цусны судаснуудаас тэжээл авч чадахаа больсон хилэн арьс нь хууларч унадаг. Энэ үед ил гарсан ясан эвэр нь үлдэгдэл цусаар бүрхэгдэж, айдас хүрэм улаан өнгөтэй харагддаг тул "цусан эвэр" хэмээн нэрлэсэн нь аргагүй.

Ихэнх тохиолдолд хилэн арьс нь нэг өдрийн дотор бүрэн хууларна. Унасан арьс нь орооны үед нэн чухал хэрэгтэй уураг, эрдэс бодисыг агуулдаг тул зарим буга түүнийгээ идэх нь бий.

Орооны ид үеийн турш буга ясан эвэртэйгээ байна. Харин өдөр богиносож, ялгаруулах тестостерон нь багасах үед эвэрнийх нь суурь хэсгийн яс нимгэрч, өдөр бүр элэгдсээр бүхлээрээ унана. Ихэвчлэн хоёр эвэр нь зэрэг унадаг бол заримдаа өрөөсөн эвэртэйгээ хэдэн долоо хоног байх нь бий.

Бугын эврийн хэмжээ нь нас, хүнс тэжээл, ген гэсэг гурван хүчин зүйлээс хамаардаг. Энэ нь их энгийн зарчим бөгөөд буга хөгшрөх тусам эсвэл хүнс тэжээл сайтай байх тусам эвэр нь томорсоор байна гэсэн үг.

Нэгэн сонирхолтой үзэгдлийг дурдахад, хэрэв бугын хойд хоёр хөлийн нэгэнд нь гэмтэл учирвал яг эсрэг талын эвэрт нь нөлөөлдөг аж. Жишээлбэл бугын баруун эвэр нь буруу, солиу ургасан байвал зүүн хойд хөлөө гэмтээсэн байх магадлал маш өндөр. Анчдын олж анзаарсан энэхүү үзэгдлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()