Хүн төрөлхтний түүхийг цаашид тэмдэглэн үлдээх “Дэлхийн хар хайрцаг”-ийг Австралид байрлуулжээ

2021-12-09, 15:36
12,043

Дэлхийн бөмбөрцгийн хамгийн алслагдмал хэсгүүдийн нэг болох Австралийн Тасманы арал дээр хүн төрөлхтөнд ямар нэгэн зүйл тохиолдсон тохиолдолд чухам юу болж өнгөрсөн талаар ирээдүйд хүргэх зорилготой “Дэлхийн хар хайрцаг” нэртэй төсөл хэрэгжиж эхэлжээ. Тус арал дээр тэд ган төмрөөр нүсэр хэмжээтэй мэдээлэл хадгалах байгууламж бүтээгээд байгаа гэнэ.

Хүн төрөлхтний түүхийг цаашид тэмдэглэн үлдээх “Дэлхийн хар хайрцаг”-ийг Австралид байрлуулжээ

“Хар хайрцаг” нь дэлхий нийтэд өдөр тутамд тохиолдож буй, цаашдын ирээдүйд нөлөө үзүүлж болохуйц бүхий л мэдээллийг тэмдэглэн авах,  цаг уурын өөрчлөлт, орчны бохирдол зэрэг хүн төрөлхтөн, ан амьтанд тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийх үүрэг гүйцэтгэх ажээ. Энэ бүх мэдээлэл “Хар хайрцаг” -ын дотор байх нарны эрчим хүчээр ажилладаг хард дискнүүдэд хадгалагдах бөгөөд бат бөх ган төмрөөр хамгаалагджээ.

“Хүн төрөлхтөн амьдралын хэв маягаа өөрчлөөгүй тохиолдолд хүний нийгэм сүйрэл рүүгээ явж байгаа гэдэг нь гарцаагүй үнэн билээ. Дэлхийн хар хайрцаг хүн төрөлхтний түүхийн алхам нэг бүрийг тэмдэглэн үлдээж, хүн төрөлхтөн үгүй боллоо ч ирээдүйд ямар нэг соёл иргэншил хүмүүст чухам юу тохиолдсон талаар мэдээллийг өгөх зорилготой” хэмээн тус төслийг гүйцэтгэгчид зорилгоо тодорхойлжээ.

Түүнчлэн төслийг хамтран гүйцэтгэгч Clemenger BBDO группын маркетингийн агентлагийн захирал Жим Куртис энэхүү төслийн тухайд “Хэрэв манай гараг дээрх соёл иргэншил цаг уурын өөрчлөлтийн улмаас сүйрлээ гэж үзвэл энэ байгууламж ямар ч эргэлзээгүйгээр тэсч үлдэх болно”  хэмээн мэдэгдээд буй юм.

Гадаад загварын тухайд уг байгууламж нь Норвеги улсад байрлах генийн банк хэмээн нэрлэгддэг 'Doomsday Vault'-ын загвартай төстэй харагдах боловч зорилго, үйл ажиллагааны хувьд эрс ялгарч буй юм. 'Doomsday Vault' нь мөхлийн аюул учирсан тохиолдолд хүн төрөлхтнийг авч үлдэх зорилготой бэхлэлт хэлбэртэй бүтээгдсэн бол дэлхийн хар хайрцаг нь хүн төрөлхтний түүхийг тэмдэглэн үлдээх зорилготой архив билээ.

Clemenger BBDO групп, The Glue Society агентлаг, Тасманы их сургуулийн судлаачдын хамтарсан уг төслийн бүтээн байгуулалт ирэх оны эхний улиралд дуусах төлөвлөгөөтэй байгаа ч туршилтын журмаар үйл ажиллагаагаа хэдийн явуулж эхлээд байгаа ажээ.

Мөн энэхүү төсөл нь зөвхөн хүн төрөлхтний сүйрлийн дараа бидний түүхийг бусад соёл иргэншилд дамжуулах бус хүний нийгмийг сүйрэлд хөтлөх аюулаас хүн төрөлхтнийг ангид байлгаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахад чиглүүлэх эрмэлзэлтэй байгаа юм.

The Glue Society агентлагийн төлөөлөгч Жонатан Нибон Австралийн АВС телевизэд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс өөрсдийнх нь үйл хөдлөл тэмдэглэгдэн үлдэж байгаа гэдгийг мэдсэн цагаас эхлэн хийж буй бүхэндээ анхаарал, болгоомжтой ханддаг нь төрөлхийн араншин билээ. Бид нийгэмд ингэж л нөлөө үзүүлэхийг зорьж байна” хэмээн өөрсдийн үйл хэргийг тодорхойлсон юм.

Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж, туйлын мөсөн давхарга хайлж, хүлэмжийн хийн ялгарал асар хурдан өсч, ундны усны нөөц хомсдолд орж, ан амьтан төрөл зүйлээрээ устан үгүй болсоор буй өнөө цаг үед энэхүү төсөл тун цаг үеэ олсон бүтээн байгуулалт болж байгааг онцлох хэрэгтэй биз ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()