90-ээд онд охидын "мөрөөдлийн залуу" байсан Такеши Канеширогийн амьдрал, урлагийн замнал

"Fallen Angels" болон "Hero" кинонуудаараа бидний танил болсон тайвань-япон гаралтай жүжигчин Такеши Канеширо урлагийн замналаа дуучны мэргэжлээр эхлүүлж байжээ. 90-ээд онд Ази тивд жинхэнэ од болж, охидыг байлдан дагуулж байсан царайлаг эр сүүлийн жилүүдэд тун чимээгүй амьдарч ирсэн. Тэр ч байтугай түүнийг нас барсан гэх мэдээ энэ жил гэнэт цацагдаж, цахим орчинд гэрлийн хурдаар тархсан ч азаар худал мэдээлэл байсан нь ил болсон билээ. Тэгвэл тэрээр өдгөө хаана, юу хийж байгааг, мөн амьдрал, урлагийн замналыг нь ховор зургуудтай нь хамт хүргэж байна.

90-ээд онд охидын "мөрөөдлийн залуу" байсан Такеши Канеширогийн амьдрал, урлагийн замнал

Ази бүсгүйчүүдийн хүсэмжит залуу хэмээн нэрлэгдэж асан жүжигчин Такеши Канеширо 1973 оны 10-р сарын 11-ний өдөр Тайванийн Тайпей хотын Ванхуа дүүрэгт амжилттай бизнес эрхлэгчийн гэр бүл төржээ. Түүний ээж тайвань, аав нь япон гаралтай хүн байв.

Иймээс ч тэрээр япон иргэншил авсан бөгөөд хүүхэд насандаа ах нарын хамт кино үзэх туйлын дуртай нэгэн байсан гэдэг.

Тэрээр Тайпей хотын япон бага сургуульд элсэж, хожим Тайпей хотын америк сургуульд шилжин суралцсан байдаг. Тус сургуульд суралцаж байх хугацаандаа Такеши Канеширо англи хэлийг төгс эзэмшиж, Холливуд гэх мөрөөдлийг олж авсан түүхтэй.

Бага наснаасаа кино урлагт элэгтэй өссөн тэрээр ахлах ангиасаа эхлэн кинонд дуу оруулахын хажуугаар дуу дуулж, гитар тоглож сурахаар ихэд шамдан хичээллэдэг байжээ.

Улмаар царайлаг залууд телевизийн сурталчилгаанд дүр бүтээх, дуу дуулах санал ихээр ирэх болж төд удалгүй томоохон дуу бичлэгийн студиудтэй хамтран ажиллаж эхэлсэн байна.

1992 онд тэрээр "Аники" буюу "ах" гэсэн утгатай нэрийг өөрийн тайзны нэр болгон хэрэглэж, "Heartbreaking Night" нэртэй анхны цомгоо гаргасан юм. Тус цомогт багтсан дуунууд зөвхөн япон хэл дээр байсан ба хожим хятад дахь сонсогчдыг өөртөө татахын тулд кантон болон мандарин хятад хэлээр цомгоо гаргаж байв. Ийнхүү тэрээр 1992-1998 оны хооронд есөн цомог гаргасан байдаг.

Улмаар БНХАУ-д алдар нэрийг олсон залуу дуучинд Хонконгийн кино уран бүтээлчид кинонд тоглох санал тавьж эхэлснээр Такеши Канеширо жүжигчний замнал хөөх болсон байна.

Нэгэнт нэрд гарсан байсан дуучин Такеши Канеширо 1993 онд "Executioners" нэртэй киногоор жүжигчний замналаа эхлүүлж, 1994 онд түүнийг чадварлаг жүжигчин гэдгийг батлан харуулсан "Mermaid Got Married" болон "The Wrath of Silence" кинонуудад дүр бүтээжээ.

Улмаар Такеши Канеширо нэрт найруулагч Вон Кар Вайн анхааралд өртөж, тэр жилдээ өнөө цагт классикт тооцогддог "Chungking Express" кинонд тоглох санал авч байв. Хонконгод аз жаргалтай амьдрал хайж яваа хоёр залуугийн тухай түүхийг өгүүлэх уг кино асар их амжилт дагуулж, Холливудын алдартай найруулагч Квентин Тарантино уг киног АНУ-д гаргах саналыг тавьж байсан гэдэг.

Ийнхүү алдар нэрийн оргилд хүрсэн Такеши "Fallen Angels" (1995), "Trouble Maker" (1995), "Hero" (1997), "The Warlords" (2007), "Wu Xia" (2011) зэрэг кино ертөнцийн түүхэнд үлдсэн олон шилдэг бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ.

Тэрээр дан ганц бүрэн хэмжээний кинонд дүр бүтээхээс гадна "Grass Scholar" (1991), "Colour of Amour" (1995), "The Miracle on a Christmas Night" (1995) зэрэг телевизийн шоу, цуврал кинонуудад дүр бүтээж байв.

Түүний хувьд 1998 онд 18 дахь удаагийн "The Television Drama Academy" шагнал гардуулах ёслолоос шилдэг жүжигчин, 2006 онд 43 дахь удаагийн "Golden Horse" шагнал гардуулах ёслолоос шилдэг киноны дуу, 2017 онд хоёр дахь удаагийн "Golden Screen" шагнал гардуулах ёслолоос шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг, "Green Planet Film" шагнал гардуулах ёслолоос Азийн шилдэг жүжигчин шагналыг тус тус хүртэж байжээ.

Бусад алдартай жүжигчдээс ялгаатай нь түүний амьдрал олны нүдний өмнө нээлттэй байсангүй. Тэрээр нэгэнтээ гэр бүл зохиох үедээ урлагийн замналаа орхиж, хайртай хүмүүстээ илүү цаг заваа гаргахыг хүсдэг тухайгаа дурдаж байсан нь өдгөө биелэлээ олж урлагийн салбараас хөндийрөөд байгаа билээ.

Бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу, эрчүүдийн дуртай жүжигчин тэрээр өөрийн мэдрэмж, хувийн амьдралаа олны нүднээс маш сайн далдалж чаддаг жинхэнэ "нууц ноёнтон" гэхэд болно. Түүнийг ямар бүсгүйтэй үерхэж байсан, ямар харилцаатай байсан тухай мэдээлэл үнэхээр хомс тул өдгөө ямартаа ч Японы модель бүсгүйтэй гэрлэсэн гэдэг л таамаглал бий ажээ.

Карьерынхаа туршид ямар ч дуулиан шуугианд орооцолдож байгаагүй, сошиал сүлжээ ашигладаггүй тэрээр жүжигчний мэргэжилдээ үнэхээр "яс" ханддаг. Олны өмнө зөвхөн ажлаа л ярих бөгөөд бусдад таалагдах, рейтингээ өсгөх зорилготой хувийн бодол, мэдрэмжээ огтхон ч дурсахгүй.

Чухам ийм дүр төрхийг бүрдүүлж чадсан учраас үзэгчид түүнд хайртай байдаг биз ээ.

Өдгөө 48 нас хүрч буй тэрээр өөрийн хувийн амьдралаас гадна авдаг цалингийнхаа хэмжээг олон нийтээс нууцалдаг боловч "Сelebritynetworth" сайтын мэдээллэснээр Такеши Канеширо нийт 20 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээжээ.

Ингээд түүний ид үеийн сэтгэл татам зургуудаас хүргэж байна

Ингээд түүний ид үеийн сэтгэл татам зургуудаас хүргэж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()