Сансрын эрин үеийн эхлэл болсон 1960-аад онд АНУ Уэстфорт нэртэй төсөл хэрэгжүүлж, зэс зүүгээр дүүргэсэн хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулахаар хөөргөж байв.
Хэдийгээр зүү хэмээн нэрлэсэн боловч тэдгээр нь хүний үсний хэмжээнд хүртэл нарийн зүсч бэлтгэсэн зэс утаснууд байсаэ бөгөөд тус төсөлд тусгайлан зориулж бүтээсэн хиймэл дагуул нь зэс утасны ширхэг бүрийг дэлхийн тойрог замд тараан цацах үүрэгтэй байсан аж. Америкчуудын эхний хоёр оролдлого бүтэлгүйтсэн боловч гурав дахь оролдлогоороо сансарт 480 сая ширхэг зэс утасыг тарааж чадсан гэдэг.
АНУ-ын Батлан хамгаалах яамны зааварчилгаагаар нууцлалын зэрэглэлд оруулж гүйцэтгэсэн Уэстфорд төслийг дэлхий нийт мэдэх ёсгүй байсан ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ил болж, 350 сая зүүг сансарт гаргасан хэмээн мэдээлж эхэлсэн байдаг. Америкчуудын энэ сэжигтэй, учир битүүлэг туршилт ЗХУ-д таалагдаагүй нь мэдээж. Хүйтэн дайны таагүй уур амьсгал дунд ийм туршилт хийснийг ЗХУ эрс буруушааж, тойрог зам дахь хиймэл дагуулууд болон дэлхий дээрх хүн, амьтанд заналхийлж байна хэмээн шүүмжилсэн юм.
Оросын ТАСС мэдээллийн агентлаг энэ тухай мэдээлэх үед дэлхий нийтээрээ АНУ атомын бөмбөгөөс хүчтэй сансрын зэвсэг бүтээх туршилт хийж байна хэмээн таамаглал дэвшүүлж байв. Үнэхээр ч 1960-аад онд сансрын тухай мэдлэг мэдээлэл хомс байсан үед асар их хэмжээний зэс утас тойрог замд оруулах нь тэнэглэл мэт байсан нь ойлгомжтой биз ээ.
Дэлхий даяар олон улс орны эгдүүцлийг хүргэсэн энэ туршилтынхаа тухай албан ёсоор тайлбар тавилгүй хэсэг байсны эцэст АНУ-ын төлөөлөгч Адлай Стивенсон НҮБ-ийн чуулган дээр мэдэгдэл хийсэн юм.
Тэрээр сансарт зүү хэмээн нэрлэсэн зэс утаснуудыг гаргасан явдал нь холын зайд цэргийн харилцаа холбоог сайжруулах зорилготой байсан хэмээн тайлбарласан бөгөөд хэрэв дэлхийн тойрог замд ямар нэгэн дохио ойлгогч байхгүй бол ионосферт очсон дохио замхран үгүй болох явдал их байсан хэмээсэн байдаг. Ийнхүү зэс зүү дэлхийн тойрог замд оруулснаар хиймэл ионосфер үүсгэж% дохиог илүү найдвартай дамжуулах боломжийг олгох зорилготой хэмээжээ.
Олон улсын харилцаа хурцдаж, дэлхийн гуравдугаар дайн эхлэх аюултай байсан тухайн цаг үед цэрэг зэвсгийн харилцаа холбоонд нөлөө үзүүлэх ийм туршилт хийсэн нь тухайн үеийн социалист орнуудын эсэргүүцлийг ихэд дагуулжээ. Гэсэн ч нэгэнт дэлхийн тойрог замд гаргаж тараасан өчүүхэн жижиг хэмжээтэй олон сая зэс зүүнд хариу арга хэмжээ авахад нэгэнт оройтсон байсан гэдэг.
Дэлхийн ионосферийг тэнцвэржүүлж, зэс зүүгээр дамжуулан дэлхийгээс илгээсэн дохио сарних явдлыг багасгах төлөвлөгөө нь бүтэлгүйтэжУэстфорд төсөл хаагдсан бөгөөд тэдгээр зүүний зарим хэсэг нь дэлхийн агаар мандал руу унасаар байгаа юм. Гэсэн хэдий ч газрын гадаргад хүрэхээсээ өмнө шатаж устдаг тул хүн, амьтанд аюул учралгүй өнгөрдөг байна.
Харин бусад зэс зүүнүүд дэлхийн тойрог замд байгаа асар их хог хаягдлын өчүүхэн нэг хэсэг нь болон үлдсэн билээ. Хэдий жижиг боловч асар хурдтай хөвж буй зэс зүү хиймэл дагуулыг оносон тохиолдолд ноцтой гэмтэл үүсгэх аюултай байдаг ажээ.