Ормуз арал нь Ираны эргээс 8 километрийн зайд оршдог. Өмнө нь энэ арал дээр Ормузын хоолойгоор Ираны боомтууд руу нэвтрэх үүд болсон бэхлэлт цайз байдаг байв. Тухайн үед худалдаачид арлыг ачаа бараагаа буулган шилжүүлэх бааз болгон ашиглаж байжээ.
Харин өдгөө Ормуз арал олон хүний хөлд дарагдсан газар байхаа больж, цөөн тооны оршин суугчид л амьдардаг болжээ. Гэхдээ байгалийн ер бусын үзэсгэлэнг нь тольдох гэсэн жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс ирцгээдэг. Харь гаригийн мэт тод улаан, нил ягаан, улбар шар өнгөөр хослох уулс арал дээр зонхилох бөгөөд тэдгээрийн дунд гантиг цагаан оргилууд сүндэрлэнэ
Мөн арлын хөрсний найрлагын улмаас эргийн элс, далайн давлагаа хүртэл улаан өнгөтэй болдог аж.
Ормуз арал бол тэр чигтээ давсны орд гээд хэлчихэд буруудахгүй. Далайн урсгал болон цаг уурын нөлөөгөөр энэ газар олон сая жилийн турш давс хуримтлагдаж, цаг хугацааны уртад гөлтгөнө чулуутай нэгдэн арлыг бий болгосон аж.
Хэт их давснаас болж арал дээр ургамал бараг ургахгүй. Мөн газар тариалан ч эрхлэх боломжгүй. Тиймээс дээр дурдагдсан цайз үгүй болсны дараа арал дээр зөвхөн загасчид л амьдрах боломжтой болжээ. Тэдний нэмэлт орлогын эх үүсвэр нь мэдээж эрдсээр баялаг давсыг олборлож худалдаалах явдал юм.
Нийтдээ 42 км² талбайтай Ормуз арал дээрх давс нь химийн урвалын нөлөөгөөр зөвхөн хөрс төдийгүй хадны өнгийг өөрчилжээ.
Сонирхолтой нь арлын оршин суугчид хөл доорх хөрсөө хүнсэнд ашигладаг гэнэ. Гэхдээ мэдээж энэ нь арал дээрх чулууг аваад шууд зажилна гэсэн үг биш бөгөөд харин боловсруулж хэрэглэх ёстой амтлагч маягаар хэрэглэдэг. Тодруулбал түүгээр соус хийж, загастай хамт шарж, даршилсан ногоо, чанамалд хольдог байна.
Мөн Ормуз арлын нэрийн хуудас болсон "томши" хэмээх гамбирыг арлын хөрсийг гурилтай хольж хайрах маягаар хийдэг.
Гэхдээ арлын бүхий л хөрсийг хүнсэнд хэрэглэхэд тохиромжгүй. Оршин суугчид зөвхөн хамгийн өндөр уулын орой дээрх хөрснөөс авч, цэвэрлэж, шигшиж, дулааны боловсруулалт хийсний дараа идэх боломжтой.
Тухайн газрын хөрс нь өөрийн гэсэн өвөрмөц эрдэс бодисын найрлагатай учир маш сайхан амттай байдаг аж. Идэж үзсэн хүмүүс Кавказын халуун ногоотой төстэй амттай болохыг хэлдэг гэнэ.