1
Тонис Гераклион, Египет
Түүхэнд ямар ч ул мөргүй гэнэт алга болсон хэмээн бичигдэн үлдсэн энэ хот 21-р зууны эхэн үе хүртэл нууцлаг түүхээс өөрцгүй мэт байсан юм. Энэ зууны эхэнд нээгдсэн Тонис Гераклион хотын тухай эртний Грекийн түүхч Геродотус нарийн тайлбарлан үлдээсэн байдаг ажээ.
Газар дундын тэнгисийн эрэгт оршин байсан энэ хот нь Эртний Египетийн гол боомт хотуудын нэг байсан бөгөөд алдарт Александр хотоос ердөө 25 км зайд оршиж байв. Тус хотын грекчүүд Гераклион, египетүүд Тонис хэмээн нэрийддэг байжээ.
Клеопатра хатны хаан ширээнд заларсан гэгддэг Тонис Гераклион хотыг хүмүүс домгийн шинжтэй хот хэмээн үздэг байсан ч 2000 онд Газрын дундад тэнгисээс Френк Годдио хэмээх археологичоор ахлуулсан баг олж нээсэн түүхтэй. Тэнгисийн гүнд олон мянганыг үзсэн энэ хот усан доор харьцангуй сайн хадгалагдан үлдсэн байсан ба сүм дуганы барилга, сүйрсэн хөлөг онгоцууд, аварга том хөшөөнүүд болон алт, үнэт эдлэлийг илрүүлсэн байна. Өдгөө тус олдворууд музейн үзвэр болон хадгалагдаж байгаа бөгөөд 8-р зууны үед живсэн энэ хотын мөхлийн шалтгааныг нарийн тогтоогоогүй байгаа ч газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамид өртсөн гэх таамаглал байдаг ажээ.
2
Данвич, Англи
11-р зууны үед Английн хамгийн том хотуудын нэгт зүй ёсоор нэрлэгддэг байсан Данвич хотыг 14-р зууны үед тохиосон хүчтэй шуургууд дайрч сүйтгэсэн түүхтэй. Хотын бэлхлэлт хэдийгээр шуурганаас сайн хамгаалж байсан ч хотын сүйрлээс бүрэн хамгаалж чадаагүй гэдэг. Өдгөө тус хотоос дөрвөн сүмийн туурь, хэд хэдэн байшин, хөлөг онгоцны үлдэгдэл олдоод буй юм.
3
Порт Рояаль, Ямайк
Нэгэн цагт Карибын тэнгисийн дээрэмчдийн орогнодог газар болж, эмсийн хүрээлэн, уушийн газраар цалгиж, Английн бүх далайн боомтын хүлээн авдаг хөлөг онгоцны тооноос ч давсан тооны хөлгийг хүлээн авдаг байсан гэгддэг амьдрал буцалсан Порт Рояаль өдгөө тэнгисийн усан доор нам гүмхэн нойрсож байна.
1692 оны 6-р сарын 7-ны өдөр асар хүчтэй газар хөдлөлт болж, хөрсний гулгалт үүссэн бөгөөд хэдхэн минутын дотор хотын тал хэсэг, хүн ардынхаа хамтаар Карибын тэнгис рүү гулсан орсон ба газар хөдлөлтөөс үүдэлтэй үүссэн цунами 5,000 хүний амийг авч одсон гэдэг.
4
Неаполис, Тунис
Харьцангуй хожим буюу 2017 онд судлаачид тэнгисийн ёроолд гудамж талбай нь маш сайн хадгалагдан үлдсэн Неаполис хотыг олж нээж байв.
Неаполис нь Ромын Эзэнт гүрний үед сүмс үйлдвэрлэлээрээ алдартай байсан боловч Египетийн Александр хотыг газрын хөрснөөс арчин хаясан цунамигийн давалгаанд өртөн тэнгисийн ёроолд орсон түүхтэй.
5
Дварака, Энэтхэг
Домогт өгүүлснээр 10,000 орчим жилийн өмнө Кришна бурхны зарлигаар ганц шөнийн дотор боссон хэмээдэг “алтан хот” гэгддэг Дварака хот Арабын тэнгисийн ёроол руу үүрд живэн алга болсон юм. Түүнчлэн Арабын тэнгисийн эрэг дагуу байсан ижил нэртэй 6 хот бүгд живсэн ч хэмээн домоглосон байдаг ажээ.
Дварака хотын хайгуулын ажил 1990-ээд оноос эхэлж, тэнгисийн гүнээс эртний судар бичигт бичигдэн үлдсэнтэй ижил байгуулалтай хотын туурийг олсон нь Кришна бурхны зарлигаар баригдсан алдарт хот байсан юм. Эрдэмтэд тус хотын сүйрлийн шалтгааныг цунами гэж үзэж байгаа ч үүнийг нотлох ямар нэгэн баримт үгүй билээ.
6
Павлопетри, Грек
5000 орчим жилийн өмнө газрын хөрснөөс арчигдсан Павлопетри хотыг усан дор орсон хамгийн эртний хотуудын нэг хэмээн үздэг. 1967 онд нээгдсэн энэ хот усанд автсан цагаас хойш ахин хэзээ ч усны мандал дээр гараагүй тул усны элэгдэлд их өртсөн боловч гудамж талбай, байгууламжийг нь ялган таних боломжтой хэвээр хадгалагдан үлдсэн ажээ. Ийнхүү хотын туурь бүрэн сүйдээгүй нь хотын ерөнхий зураглалыг ахин гаргахад том түлхэц болсон юм.
Тус хотын туурь орчимд хийсэн малтлагын үеэр шавар эдлэлүүд, балар эртний үеийн оршуулга, шашны сүм болон энгийн сууц, байшингуудын үлдэгдэл олдсон байдаг.
Павлопетри хотын сүйрлийн шалтгааныг газар хөдлөлтөөс үүдэлтэй усны түвшин дээшилсэнтэй холбож үздэг.
7
Самабах, Гватемала
Зүгээр л домог хэмээн яригддаг байсан Самабах хотын туурийг 1996 онд Роберто Самаяо хэмээх мэргэжлийн бус усанд шумбагч Атитлан нуурын ёсроолоос олж илрүүлж байжээ. Тухайн үедээ тэрбээр чухам юуг олж нээснээ шуудхан хэлж мэдэхгүй байсан боловч маяачуудын домогт уснаас гарч ирсэн хүмүүсийн тухай домгийг үнэн байсан гэдгийг баттай мэдсэн нь энэ байжээ.
Хожим 2008 онд хэсэг археологичид Робертогийн олсон тэр зүйл чухам юу байсныг нарийн судлах зорилгоор шумбалт хийж, 2000 орчим жилийн настай хотын туурийг олсноо зарлаж байв. Эрдэмтэд тус туурийг Самабах хотын үлдэгдэл гэж үзсэн бөгөөд галт уулын дэлбэрэлт, хөрсний гулгалт зэрэг шалтгаанаас үүдэн асар богино хугацаанд нуурын ёроол руу гулсан орсон гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өдөр тутмын эдлэл хэрэглэл, үнэ цэнэтэй зүйлс хотын тууриас олдсон нь энэхүү дүгнэлтийг давхар батлах ажээ.
8
Байлли, Итали
Эртний Ромын цаг үед Сенеца, Цицерон зэрэг сэтгэгчдийн амьдарч асан, хашуун рашаан, усан сан, усан оргилуур, баян тансаг амьдралаараа алдартай энэ хот өнөөгийн Неаполь хотын ойролцоо оршин байжээ.
Гэвч хотын иргэдийн амьдрал төдийлөн удаан аз жаргалтай үргэлжилсэнгүй, тектоник хавтангийн хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр хөрсний гулгалт үүсч хотын нэг хэсэг усанд автаж, хожим халуун чичрэг өвчин дэгдэж хотын амьдралыг үндсээр нь үгүйрүүлсэн гэдэг.
Өдгөө эртний уг хот нь усанд шумбагчдын зочлох дуртай газруудын нэг болоод буй билээ.
9
Ши-Чень, БНХАУ
НТ VII-VIII зууны үед байгуулагдсан Ши-Чень хот нь 1959 онд усан цахилгаан станцийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байх үед усанд автаж мартагдан хоцорсон ажээ.
Өдгөө Шиндао хэмээн нэрлэгддэг цэнгэг устайгаараа алдартай хиймэл нуурын ёроолд нойрсох энэ хот усан шумбагчдын очиж үзвэл зохих усан доорх үзэсгэлэнт газруудын нэгт зүй ёсоор тооцогдох болсон төдийгүй тус улсын засаг захиргаа ч энэ нутгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж байгаа ажээ.