1
Халиун буга
Олноороо сүрэглэн амьдардаг халиун буга нь ихэнх цагаа бэлчээртээ идээшилж, хэвтэцгээж өнгөрүүлдэг. Гэхдээ тэд "харилцан зөвшилцөл"-ийн үндсэн дээр шийдвэр гаргадаг цөөхөн амьтдын нэг юм.
Жишээлбэл хэвтэж байсан буган сүргийн 60 хувь нь боссон тохиолдолд бэлчээрээ сэлгэж, өөр газар очих зарчимтай. Хэдийгээр сүргийн тэргүүн буга байх ч түүний бодлоос илүү олонхийн саналыг дагахыг илүүд үздэг гэнэ.
2
Шимпанзе
Шимпанзе болон хүний ДНХ 90 хувь төстэй байдаг учир тэд хүн төрөлхтөнтэй биологийн хувьд хамгийн ойр амьтан гэхэд болно. Тиймээс ч тэд хүмүүсийн адилаар эрх мэдлийн төлөө тэмцэх дуртай.
Сонирхолтой нь эрэгчин шимпанзе сүргийн гол төлөөлөл болох эмэгчингүүдийн бүлгийн тусламжгүйгээр сүргийн тэргүүлэгч болж, байр сууриа удаан хадгалж чадахгүй. Ялангуяа сүргийн тэргүүн нь эмэгчингүүдийнхээ таалалд нийцэхээ больсон бол "суудлаасаа" тэр даруй огцорч, оронд нь илүү хүчтэй, шийдмэг удирдагч гарч ирдэг байна.
3
Африкийн одос үхэр
Африкийн зэрлэг үхэр нь халиун бугын адилаар сүргээрээ амьдарч, өвс сайтай нутагт идээшлэхийн зэрэгцээ хаашаа, хэзээ нүүдэллэх тухай шийдвэрийг хамтдаа гаргадаг байна. Гэхдээ санал асуулгад зөвхөн үнээнүүд нь оролцдог гэнэ.
Тодруулбал тэд хэвтэж байсан байсан газраасаа босож, бэлчээрээ солих чиглэл рүүгээ хардаг бөгөөд энэхүү чиглэлийн дагуу бусад нь хаашаа нүүхээ мэдэж, шинэ газар руу сүргээрээ хөдөлдөг.
4
Тагтаа
Тагтаатай бид өдөр бүр, хаа сайгүй тааралддаг. Гэхдээ бид тэднийг төвөгтэй зохион байгуулалт бүхий нийгмийн эрэмбийн дагуу амьдардаг гэдгийг төдийлөн мэдэхгүй.
Жишээлбэл тэд хүнтэй адил удирдагчаа сонгоно. Сонгогдсон тагтаа нь аливаа шийдвэр гаргахын өмнө сүргийн гишүүн бүрийн саналыг харгалзаж үзэх ёстой.
Сонирхолтой нь судлаачид тэдний сүрэг дэх тагтаануудын тоо олон байх тусам шийдвэр гаргах хугацаа нь уртасдаг болохыг тогтоожээ.
5
Мээркат
Африкийн хадны дорго буюу мээркат нь сүргээрээ шийдвэр гаргахдаа ихээхэн дуу шуутай байдаг. Бууриа сэлгэх цаг болсон гэж үзвэл тэд жирийн дуунаасаа арай өөр чимээ гаргаж, бусдаа уриалдаг. Сүрэг доторх харилцан ойлголцол нь энэхүү бяцхан амьтдын амьд үлдэх хамгийн үр дүнтэй арга юм.
6
Зөгий
Тодорхой хүлээн авсан үүрэггүй зөгий гэж байдаггүй учраас тэдний хувьд хамтын тогтолцоог хамгийн сайн хөгжүүлдэг амьтдын нэг гэж тооцогддог. Жишээлбэл үүрний багтаамж дүүрч эхлэвэл хэсэг зөгий тэндээс явах хэрэгтэй болно. Гэхдээ өмнө нь хэд хэдэн "тагнуулч" зөгийг шинэ үүр засах газар олуулахаар илгээдэг.
Тагнуулууд үүргээ гүйцэтгэж ирээд бөөнөөрөө бүжиглэж буй мэт нислэг хийх замаар шинэ үүрнийхээ байршлыг бусдадаа мэдэгддэг байна. Гэхдээ тэдний зарим нь өөр газрыг зааж өгөх нь бий бөгөөд хэрэв бүгдээрээ нэг газар дээр санал нэгдсэн тохиолдолд л бусад сүргийнхэн тэднийг дагадаг аж.