Дэлхий дээрх хамгийн анир чимээгүй, амар амгалан газрууд

2021-12-01, 15:11
3,899

Өдөр, шөнөгүй үргэлжлэх замын хөдөлгөөн, хаа сайгүй сонстох хүмүүсийн дуу хоолой, гадаа нүргэлэх барилгын ажлын чимээ таны тав тухыг алдагдуулж, хааяа ч болов их хотыг амьдралаас холдож, анир чимээгүйд толгойгоо амраахыг хүсдэг үү? Хэрэв тийм бол нам гүм, амар амгаланг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чадах 5 газрыг танд толилуулж байна.

Дэлхий дээрх хамгийн анир чимээгүй, амар амгалан газрууд

1 Вашингтон хот дахь "87-р байр"

2015 онд Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс "87-р байр" нэртэй аудио лаборатори байгуулснаа дэлхий нийтэд танилцуулж байв. Маш нарийн инженерчлэлийн шийдлийн ачаар дуу чимээг өөртөө бүрэн шингээх чадвартай энэ лабораторид таны төсөөлж ч чадахгүй чимээ аниргүй байдал ноёрхдог ажээ.

Чимээ шалгах тестээр өрөөн доторх дуу чимээ -20.6дб буюу сөрөг угтвартай хариу гарсан байдаг. Энгийнээр тайлбарлавал хүн шүгэлдэхэд 30дб, тайвнаар амьсгалахад 10 дб чимээ гардаг байна. Иймээс уг өрөөнд орсон хүн өөрийн биеийн чимээнээс өөр юуг ч үл сонсдог ажээ.

Вашингтон хот дахь "87-р байр"

2 Антарктид дахь Восток өртөө

Антарктид тивийн эрэг оцон шувуудын дуу, нүүдлийн шувуудын ганганаанаар дүүрэн амьдрал буцалсан газар байдаг боловч тивийн гүн рүү ойртох тусам улам бүр чимээ аниргүй болсоор салхины исгэрэх чимээнээс өөр юу ч үл сонстох нам гүм болдог.

Хэрэв та их хотын дуу чимээнээс залхаж, түр ч болов толгойгоо амраахыг хүсдэг бол өмнөд туйлын Восток өртөө төгс сонголт байх болно. Гэхдээ мэдээж -50 хэмийн хүйтнийг тэсвэрлэж чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ.

Антарктид дахь Восток өртөө

3 Юкатаны хойгийн Таак Би Ха агуй

Мексик улсын Юкатаны хойг байгалийн өвөрмөц тогтоц бүхий агуйнууд, ялангуяа устай агуй буюу сенотуудаараа алдартай билээ. Тэгвэл анир чимээгүй орчин тухтай амрахыг хүссэн хүмүүст тус хойгийн Чан Чемуйл тосгоны ойролцоо орших Таак Би Ха агуйг зорихыг зөвлөж байна. Тус агуй нь бусад устай агуйнуудаасаа ялгаатай нь аялагч жуулчдын хөлөөс зайдуу бөгөөд дотор нь ороход гадны ямар ч дуу чимээ сонсогддоггүй ажээ.

Юкатаны хойгийн Таак Би Ха агуй

4 Хавайн Халеакала галт уулын тогоо

Халеакала нь Хавайн бүлэг арлуудын нэг болох Мауи арал дээр орших идэвхгүй галт уул юм. Тухайн бүс нутагт агаарын чанар маш сайн байдгийн зэрэгцээ уулын орой дээрээс харахад тэнгэрийн хаяа хүртэлх газарт ямар ч хот суурингийн гэрэл харагддаггүй аж. Сансар огторгуйг ажиглах дуран авай, судалгааны байр уг уулан дээр байдаг боловч тус уулан дээр маш аниргүй буюу 10дб чимээтэй байдаг ажээ.

Хавайн Халеакала галт уулын тогоо

5 Исланд улсын Ландманналаугарын хөндий

Олон төрлийн өнгөтэй чулуулгаар бүтсэн уулсаар хүрээлүүлсэн энэ хөндийг "Өнгөт уулсын хөндий" хэмээн нэрийдэх нь ч бий. Түүнчлэн халуун рашаанаараа алдартай тул жуулчдын очих дуртай үзэсгэлэнт байгальтай газруудын нэг болоод буй юм. Гэвч энэ хөндий нь асар уудам үргэлжлэх тул дуу чимээнээс хол газарт, байгалийн сайхныг тольдох хүсэлтэй хүмүүсийн очвол зохих газруудын нэгт зүй ёсоор тооцогддог. Сонирхуулахад энд газарзүйн тогтоцоос шалтгаалж чимээ анир маш бага бөгөөд зуугаад метрийн цаана буй хүмүүсийн чимээ сонсогддог гэнэ.

Исланд улсын Ландманналаугарын хөндий

6 Ботсвана улсын Макгадикгади давст нуур

Африкийн өмнөд хэсэгт байх эцэс төгсгөлгүй мэт үргэжлэх Макгадикгадигийн хотгор нь нийт 5 мянган километр квадрат нутгийн хамран оршдог. Хотгорын гол хэсэгт байх хөх ногоон өнгийн хөвдөөр бүрхэгдсэн хэсэг газрыг эс тооцвол Макгадикгади нь Ангарагийг гаригийг санагдуулна. Гэхдээ Сахарын цөлөөс ялгаатай нь энэ бүс нутагт агаарын урсгал байдаггүй тул салхины чимээ ч үл дуулдах нам гүм ноёрхдог ажээ.

Ботсвана улсын Макгадикгади давст нуур

7 Камчаткын Кроноцкий байгалийн цогцолборт газар

ОХУ-ын хамгийн анхны байгалийн цогцолборт газруудын нэгт тооцогддог Кроноцкийн байгалийн цогцолборт газар нь 1934 онд улсын хамгаалалтад орсон байдаг. Алс дорнодын хязгаар нутагт 1.1 сая километр квадрат газрыг хамран орших Камчаткын хойгт нэг жилд дунджаар 3,000 орчим жуулчин зочилдог гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ бүс нутгийн хамгийн чимээ аниргүй газраар Узон сөнөсөн галт уулыг эргэлзээгүй нэрлэж болох биз ээ. Хүний бараа харагдах нь ховор энэ нутгийн чимээ аниргүйг исгэрэх салхи, боргилох халуун рашааны чимээ л хааяахан эвддэг билээ.

Камчаткын Кроноцкий байгалийн цогцолборт газар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()