Ганга мөрний ус дэлхийд хамгийн бохирдолтойд тооцогдох болсон шалтгаанууд гэвэл эрэг дагуух хотуудаас нэг жилд 89 сая литр бохир шууд цутгадаг, мөн 150 гаруй үйлдвэр саарал усаа хаядаг, муссоны улиралд хөдөө аж ахуйн хаягдал ус ирж нийлдэг гэх мэтээр тоочвол тун олон. Гэхдээ тэдгээрээс хамгийн бохир заваан нь шашны холбогдолтой байдаг аж.
Ганга мөрний ус хүний нүглийг шингээн авч ариусгахаас гадна эрэг дээр нь оршуулах зан үйлийг хийж, чандрыг нь мөрний усанд уусгавал тухайн талийгаачийн хойдохын буян заяаны үүд нээгддэг хэмээх үзэл Хиндү шашинд бий. Ийнхүү өдөр бүр 50 тонн гаруй чандрын үнс мөрний усанд үйх болжээ.
Гэтэл тэр олон хүний оршуулах зан үйлээс дутуу шатсан цогцсыг шууд хаях, тэр ч байтугай чандрын үйлчилгээ авах боломжгүй ядуу хүмүүс цогцсыг тэр чигээр нь мөрний усанд живүүлэх явдал маш элбэг байдаг.
1990-ээд оны эхэн үед дээрх оршуулгын арга хяналтаас гарч, мөрний усны чанар аюулын хэмжээнд хүрч эхэлсэн тул Энэтхэгийн засгийн газар дорвитой шийдвэр гаргах шаардлагатай болов. Ийнхүү тэд байгальд үүссэн асуудлыг байгалийн аргаар нь шийдэхээр болжээ.
Тухайн үед ховордоод байсан "Trionyx gangeticus" хэмээх махаар хооллодог, зөөлөн хуягтай яст мэлхийг олноор нь үржүүлж Ганга мөрөнд тавьснаар асуудал шийдэгдэнэ гэж үзжээ. Тэрхүү яст мэлхий нь хүний маханд дуртай, чандарлахаар тавьсан цогцос руу дайрч төвөг учруулдаг гэдгээрээ алдартай тул мөрний усан дахь цогцоснуудыг хурдан хугацаанд идэж дуусгана гэж тооцоолсон байна.
Олон мянган жилийн өмнөөс зөөлөн хуягт яст мэлхий зөвхөн Ганга мөрөнд өсөж үржин амьдардаг байсан ч махыг нь идэх гэсэн анчдын нөлөөгөөр эрс ховордоод байсан тул дахин үржүүлснээр "нэг сумаар хоёр туулай буудах" ч боломж байв. Мөн сүсэгтнүүд нас барсан хойноо бие цогцос нь усны амьтдын хоол болвол буян болно гэж үздэг тул ард иргэд ч нааштай хүлээж авчээ.
Ингээд мөрний эргийн ойролцоох нэгэн фермийн хиймэл нууранд тус яст мэлхийг үржүүлж эхлэв. Тэгэхдээ амьд амьтны маханд дурлуулахгүйн тулд тэднийг зөвхөн муудаж эхэлж буй загасны махаар тэжээжээ.
Ингээд дараагийн арван жилийн турш нийт 32 сая ам.долларын хөрөнгө зарцуулж, 25 мянга гаруй яст мэлхийг Ганга мөрөнд тавьсан ч эцэстээ энэ төлөвлөгөө бүтэлгүйтсэн байна.
Эхэндээ яст мэлхийнүүд тун чадмаг "ажиллаж", арвуулаа нийлээд нэг цогцсыг хоёр өдрийн дотор зөвхөн ясыг нь үлдээж байжээ. Харамсалтай нь буурай орны нэгэн жишгээр энэхүү ажлыг удирдан явуулсан албан тушаалтнууд хээл хахуульд идэгдэж, буруу зохион байгуулалт хийсний үр дүнд ихэнх төсөв нь яст мэлхийнүүдийг үржүүлэхэд зориулагдаж, харин зэрлэг байгальд тавьсны дараах амьдралд нь ямар ч анхаарал хандуулж чадаагүй байна. Ийнхүү хараа хяналт сул байсны улмаас өнөөх яст мэлхийнүүдийг хүмүүс урхи тавьж, тор татан барьсаар дуусгажээ.
Өнөөдөр Ганга мөрний бохирдлын асуудал хэвээр үлдэж, яст мэлхийнүүд ч бараг устаж үгүй болжээ. "Энэтхэгийн эрх баригчид мөрний усанд цогцос хаядаг иргэдтэйгээ тэмцэхийн оронд гэмгүй яст мэлхийнд хамаг ачааг үүрүүлсэн" хэмээн гадны сэтгүүлчид үүнийг дүгнэсэн байдаг.
Гэхдээ тэд мөн л амьтдад найдсан хэвээр байгаа гэнэ. Энэтхэгийн засгийн газраас цөөхөн үлдсэн өнөөх махчин яст мэлхийнүүдээ анчдаас хамгаалахын тулд жил бүр хэдэн мянган энгийн яст мэлхийг Ганга мөрөнд тавьдаг болсон аж.