Врангелийн арал дээр одоогоос даруй 4,000 жилийн өмнө нутаглаж байсан одой арслан заанууд генийн өөрчлөлттэй, чихрийн шижинд өртөмтгий, үр удмаа үлдээх чадвар асар бага болсон байсан төдийгүй үнэрлэх мэдрэмжгүй байсныг нь судалгаагаар баталжээ.
Тус судалгааны багийн ахлагч, Нью-Йорк хотын Буффалогийн их сургуулийн биологийн шинжлэх ухааны тэнхимийн багш Винсент Линч гаргасан дүгнэлтийнхээ тухайд, “Хэдийгээр би Врангелийн арал дээр очиж үзээгүй ч хаврын улиралд арал цэцэг навчисаар бүрхэгддэг тухай олж дуулж байлаа. Харамсалтай нь тус арал дээр нутаглаж байсан хамгийн сүүлчийн арслан заанууд цэцэгсийн анхилуун үнэрийг ч үнэртэх чадамжгүй болсон байсан” хэмээжээ.
Арслан заанууд одоогоос 10,500 орчим жилийн өмнө буюу сүүлчийн мөстлөгийн төгсгөлд устаж үгүй болсон билээ. Мөсөн давхарга хайлж далайн түвшин нэмэгдэж эхлэхтэй зэрэгцэн эх газраас тусгаарлагдаж Врангелийн арал дээр суурьших болсон арслан заануудын хувьд харьцангуй удаан буюу одоогоос 3,700 жилийн тэртээ хүртэл оршин тогтносон байдаг ажээ.
Харамсалтай нь арлаас гарах ямар нэгэн гарцгүй болсон тул арслан заануудын цус ойртож, генийн өөрчлөлтөд орсноор мөхөлд хүрсэн гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ.
Судлаачид уг дүгнэлтийг Врангелийн арлын арслан зааны ДНХ-г эх газарт нутаглаж байсан хоёр арслан заан болон гурван зааны ДНХ-тэй харьцуулах замаар судалж гаргасан бөгөөд өмнө нь судалгаа хийж байсан эрдэмтэд тус арлын арслан зааны геномын дарааллыг нь хэдийн тогтоосон байсан нь судалгааны цагийг асар их хэмнэсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Эх газрын болон Врангелийн амьтдын геномын дарааллыг харьцуулсан лабораторын судалгааны үндсэн дээр дэлхийн сүүлчийн арслан заанууд генийн өөрчлөлтөд орсон байсныг олж тогтоожээ.
Врангелийн арлын нэг л арслан зааны генийг судалгаанд ашигласан тул тус арал дээр нутаглаж байсан бүх арслан заанууд генийн өөрчлөлтөд орсон байсан гэж үзэх аргагүй боловч судалгаанд ашигласан арслан заан ганцаараа ийм төрлийн өвчтэй байсан байх магадлал ч тун бага гэдгийг судлаачид онцолсон байна.
Врангелийн арлын арслан заанууд генийн өөрчлөлтөд орсон байсан тухай анхны судалгаа 2017 онд PLOS Genetics сэтгүүлд хэвлэгдэн гарч байсан бол сүүлийн судалгаа энэ оны 2-р сарын 7-ны өдөр Genome Biology and Evolution сэтгүүлд цахим хэлбэрээр нийтлэгдээд байгаа юм.