2014 оны байдлаар гэхэд л АНУ-ын хүн амын нийтлэг эрүүл мэндийн судалгаагаар 50-аас 65 насны иргэдийн 16 хувь нь архаг өвчний улмаас шаналж байгаа судалгаа гарсан байна. Гэтэл уг тоо нь гуч хүрэхгүй жилийн өмнө 25 хувьтай байсан байна. Өөрөөр хэлбэл бид илүү урт насалж бас эрүүл мэндийн байдлаа удаан хадгалж чаддаг болсон гэсэн үг.
Тэгэхээр бид эрүүл энх, урт удаан амьдрахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Судлаач Маттисон болон түүний багийнхан үүнд тун энгийн хариулт олсон бөгөөд энэ нь хооллох хэвшлээ өөрчлөх юм. Тэдний нэрлэснээр "калори багасгах арга"-ын гол зарчим нь идэж буй тавагтай хоолныхоо тодорхой хувийг багасгахад л хангалттай юм. Уг хоолны дэглэмийг баримталснаар өөх тос ихтэй хүнснээс бага багаар татгалзаж, хоолны хэмжээг ч тодорхой хугацааны турш тогтмол бууруулдаг аж. 1930-аад оны үеэс туршиж эхэлсэн уг арга нь амьтад болон хүн дээр ч үр дүнгээ өгч байгаа юм.
Эртний Грекийн эмч, философич Гиппократын үзсэнээр өвчин эмгэг гэдэг хүний биеэс өөрөөс нь үүсдэг болохоос гэнэт л гараад ирдэг зүйл биш аж. Ихэнх учир шалтгаан нь ховдог сэтгэл болон хэт таргалалтаас үүсдэг гэдгийг тэрээр Грекийн таргалалт ихтэй хүмүүс туранхай хүмүүсийг бодвол харьцангуй эрт өвчин эмгэг ороож, нас барах хандлагатай байснаас дүгнэж баталгаажуулсан байна.
Уг онол нь түүхийн цаг үе бүрд сайжран, хувьсаж дамжуулагдсаар байсан юм. 1935 онд анх хархан дээр байсан туршилтын үр дүнд өдөрт идэх хүнсний 30-саа 50 хувийг хассанаар илүү урт насалж байсан нь тогтоогдсон юм. Мөн туршилтад оруулсан хархнууд хөгшрөлт болон урт наслалтаас үүсдэг өвчин эмгэгээр үхэх нь ч багассан байна. Мэдээж уг туршилтыг тухайн лабораторид амьтад дээр туршиж амжилт олсон ч хүн дээр туршиж байгаагүй билээ.
Хүний бие дээр хийсэн урт хугацааны ижил туршилт бараг байдаггүй. "Миний мэдэхийн хүний нас уртасгаж, эрүүл амьдруулах тухай туршилт тийм ч их байдаггүй" гэж эрдэмтэн Маттисон мэдэгдсэн байна. Гэхдээ одоогийн хоолны дэглэмийг 40-өөс 50 насандаа эхэлсэн ч гэсэн та цаашид эрүүл чийрэг дахин 40, 50 жил амьдрах боломжтой ажээ.
1980-д оны сүүл үед Висконсиний их сургуулийн хамт олон Азийн макак сармагчинд калори багасгах арга буюу идэх хоолных нь хэмжээг багасгах туршилт хийсэн байна. Уг туршилтад орсон Шерман нэртэй сармагчин нь ижил төрлийнхөө дундаж наслалтаас даруй 20 орчим жил удаан амьдарчээ.
Шерман 30 настай хүрэх үедээ гадаад төрх болон биеийн байдал зэрэг бүхий л зүйлс нь харьцангуй залуу сармагчинтай ижил байжээ.
Мэдээж уг аргыг цаашид судлахын тулд эрүүл чийрэг биетэй хүн дээр калори хасах туршилт хийж үзэхийг зорьж байгаа юм. Эрдэмтэд ингэснээр хоол хасах нь хүний биед яг ямар ашиг тус өгч байгаа талаар илүү дэлгэрэнгүй, нарийн мэдээлэлтэй болно гэж найдаж байгаа юм.
Бага хэмжээний хоол хүнс хэрэглэснээр таны биеийн бодисын солилцоо ч гэсэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж, илүү үр дүнтэй байх болно. Мэдээж энэ төрлийн туршилт анхдагчдын нэг болохоор хэн нэгэн хүн тэр дороо л "би зөвшөөрч байна, туршаад үзье" гэхгүй нь тодорхой хэрэг байх. Гэхдээ л энэ туршилт бол бидэнд одоохондоо байгаа хамгийн үр дүнтэй, ашигтай байдлаар урт наслах, эрүүл байхад туслах арга гэж эрдэмтэд үзэж байгаа юм.