Гэнэтийн уур хилэнгээс болж нэг шөнийн дотор 57 хүний амийг бүрэлгэсэн Солонгос цагдаагийн түүх

2021-11-21, 14:10
65,326

Хэн нэгний хэлсэн тоглоом наргиа төдий үгс өөр нэгний хувьд тэсвэрлэшгүй доромжлол мэт сонсогдож, сэтгэлийн шарх болон үлдэх явдал цөөнгүй бий. Тэгвэл 1982 оны 4-р сарын 26-наас 27-нд шилжих шөнө Өмнөд Солонгосын түүхэнд хар толбо болон үлдэж, 57 хүний амь насыг авч одсон аллагын хэрэг хэн нэгний хайхрамжгүй хэлсэн үгс өшөө хорслын шалтгаан болсноос үүдэн гарсан байдаг ажээ.

Гэнэтийн уур хилэнгээс болж нэг шөнийн дотор 57 хүний амийг бүрэлгэсэн Солонгос цагдаагийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ү Бом Гон хэмээх эгэл жирийн цагдаагийн офицерын үйлдсэн энэхүү жигшүүрт хэрэг нь 2011 оны 7-р сарын 22-ны Норвегийн халдлага гарах хүртэл орчин цагийн түүхэнд хамгийн их хүн үрэгдсэн аллага хэмээн нэрлэгдэж байсан билээ. Мөн энэ хэрэг нь хор хохирлын хэмжээгээр БНСУ-ын түүхэнд Тэгүгийн метроны түймрийн дараа орох үйл явдал гэж тооцогддог байна. 

Өмнөд Солонгосын Кёнсан-намдо мужийн Үи Рён дүүрэгт болсон энэхүү аллагын улмаас 56 хүн амиа алдаж, 35 хүн шархдсаны зэрэгцээ хэргийг үйлдэгч Ү Бом Гон өөрийн амийг егүүтгэсэн түүхтэй.

1955 оны 2-р сарын 24-ний өдөр төрсөн Ү Бом Гон нь 1979 он хүртэл Өмнөд Солонгосын Усан цэргийн армид алба хааж, 1980 оноос Бусан хот дахь цагдаагийн газарт шилжин ажиллаж, дараа жил нь Торонги тосгонд суурьшиж байжээ.

1982 оны 4-р сарын 26-ны өглөө Ү Бом Гон найз бүсгүй Чон Мал Сунтай маргалдсанаас энэ бүх хэрэг явдал эхэлжээ. Тодруулбал, Мал Сун унтаж байсан найз залуугийнхаа цээжин дээр суусан ялааг цохин алж, түүнийг цочоон сэрээснээс болж тэр хоёрын маргаан эхэлсэн байна.

Ийнхүү таагүй уур амьсгалтай гэрээсээ гарч ажилдаа ирсэн тэрээр өдрийн 16 цаг хүртэл ажилласан ч сэтгэл нь уужирсангүй, гэртээ эргэн ирээд найз бүсгүйгээ зодож, тавилга эд хогшлоо эвдсэн байна. Улмаар цагдаагийн газарт эргэн ирж, хүмүүст мэдэгдэлгүйгээр M2 буу болон 180 ширхэг сум, 7 гар бөмбөг авч гарчээ.

Оройн 21:30 цагийн үед тэрээр Торонги тосгоны зах дээр энгийн иргэд рүү гал нээж эхэлсэн бөгөөд зах дээр юун үймээн болоод байгаа харахаар ирсэн найз бүсгүйгээ ч шархдуулсан байна.

Зах дээр аллага үйлдсэнийхээ дараа тэрээр ойролцоох Конрю тосгоны шуудангийн газарт очиж, ажлаа хийж байсан 3 хүний аминд хүрээд зогсохгүй хүмүүсийн түргэн тусламж дуудах боломжийг хаах үүднээс утасны шугамыг тасалжээ.

Ингээд Ү Бом Гон тосгоноос тосгон дамжиж, цагдаагийн ажилтны дүрээр иргэдийн гэрт нэвтрэн гал нээж байсан бөгөөд тэр дунд 16 настай хүүгээр ундаа авхуулж уусныхаа дараа гэр бүлээр нь хөнөөсөн явдал ч гарчээ. Ийнхүү тэрбээр Үнгё тосгонд 18 хүнийг, Пёнчон тосгонд 24 хүнийг хороосон юм.

Анх буун дуу гарснаас хойш хэдхэн минутын дараа цагдаагийн албанд дуудлага очсон боловч Ү Бом Гоныг эрэн сурвалжилж, барихын тулд 37 алба хаагч 8 цагийн турш ажиллажээ.

4-р сарын 27-ны үүрээр түүнийг Сү Ин-Сү гэх фермерийн гэрт нуугдаж байгааг цагдаа нар илрүүлжээ. Тэр үед Ү Бом Гон гэр бүлийн гурван хүнийг барьцаалж, өөртөө үлдсэн сүүлийн хоёр гар бөмбөгийг биедээ бэхлэн зэхсэн байжээ. Цагдаа нар орж ирэхэд тэрээр хоёр гар бөмбөгөө дэлбэлж амиа егүүтгэв. Тус дэлбэрэлтээс гэрийн эзэн Сү Ин-Сү маш хүнд бэртэл авсан ч амьд үлдсэн байдаг.

Ийнхүү нэг шөнийн дотор 57 хүний амийг хороож, 35 хүнийг шархдуулсан Ү Бом Гоны талаар түүний найз охин хожим, “Бид хоёрыг хурим хийлгүй хамт амьдарч байгаа тухай хөршүүд ам нээх бүрт Бом Гон их дургүйцэж, эмзэглэж хүлээн авдаг байсан” хэмээн түүний сэтгэл санааны байдлыг тодорхойлсон байдаг ажээ.

Энэхүү хэргийн дараа орон нутгийн цагдаагийн удирдлага бүрэлдэхүүнээрээ халагдаж, дөрвөн офицер ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар баривчлагджээ. Тэгээд зогсохгүй БНСУ-Ын Дотоод хэргийн сайд Сү Чун Хуа болон Үндэсний Цагдаагийн Газрын дарга Ан Ён Мо нар ажлаа хүлээлгэн өгч байжээ. Түүнчлэн тус улсын засгийн газраас энэхүү аймшигт аллагын хохирогчдын ар гэрт тэтгэмж олгох шийвэр гаргаж байсан гэдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()