Сонирхолтой нь тэрээр ийм зүйлтэй нүүр тулсан цорын ганц хүн биш болохыг Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн халдварт өвчний тасгийн захирал Эдвард Т.Райн дурджээ.
Архи тамхи бараг хэрэглэдэггүй, мансууруулах бодист хүрж ч үзээгүй, өнөөг хүртэл ямар ч хүнд өвчнөөр өвдөж байгаагүй тэрээр нэгэн удаа үүрийн 4 цагийн үед гэртээ унтаж байтал таталт өгч эхэлжээ. Эхнэр нь цаг алдалгүй түргэн тусламж дуудсан байна.
Түүнийг Массачусетсийн нэгдсэн эмнэлэгт хүргэхэд хөөрхий эр өөрийгөө хянах чадваргүйн дээр эмчийн асуултад хариулж ч чадахгүй байжээ. Хэдий түүний нүд нээлттэй байсан ч дээшээ харахаас өөр хариу үйлдэл үзүүлээгүй гэнэ.
Эмч нар өвчтөний тархийг даруй томографын шинжилгээнд оруулаад, гурван гэмтэлтэй байгааг илрүүлжээ. Чухамдаа 20 жилийн өмнө тархинд нь үүрлэсэн туузан хорхой тэдгээр гэмтлийг учруулсан байжээ.
Хэдий тэрхүү туузан хорхой үхээд 10 гаруй жил болсон байсан ч "цогцос" нь шохойжин хатуурсны улмаас тархинд нь уйланхай үүсгэж, таталт өгөх хэмжээнд гэмтээжээ.
Түүнийг нейроцистицеркоз буюу тархины туузан хорхойн халдвар авсан хэмээн оношлосон аж. Маш ховор тохиох энэхүү эмгэг нь дээрхтэй адил таталт үүсгэдэг бөгөөд бүр үхэлд хүргэх аюултай юм. Харамсалтай нь халдварын шинж тэмдэг бүр хожимдсон хойно нь илэрдэг гэнэ.
Өвчтөн АНУ-д шилжин суурьшихаасаа өмнө Гватемал улсад амьдарч байхдаа шимэгч хорхойн халдвар тархсан газраар аялж байсныг эмч нар тогтоожээ. Тэрээр туузан хорхойтой хүний хийсэн хоолыг идсэнээс болж халдвар авсан байх бүрэн боломжтой аж.
Хоол хийсэн хүн нь гараа угаалгүй хүнсний бүтээгдэхүүнд хүрснээс болоод шимэгч хорхойн өндөг хоол руу орж, түүнийг нь өвчтөн маань идсэн бололтой.
Нүдэнд үзэгдэхээргүй жижиг хэмжээтэй байдаг тэрхүү өндөг түүний биед ороод хагарч, туузан хорхой тархи руу нь орсон аж.
Аз болоход өвчтөн зөв газар, зөв цагт эмчилгээ хийлгэж чаджээ. Түүнд таталтын болон туузан хорхойн эсрэг үйлчилгээтэй ивермецтин хэмээн эмийг хоёр долоо хоног, биеэс шимэгч зайлуулах өндөр тунтай уусмалыг дөрвөн долоо хоногийн турш уулгажээ.
Мөн эмч нар түүний биеийг гурван жилийн турш хяналтанд байлгасан гэнэ. Ийнхүү тархин доторх хаван нь багасч, эмчилгээний явцад нэмж таталт өгөөгүй гэдгийг тэд тэмдэглэжээ.
Халуун орны шимэгчтэй холбоотой өвчлөл 1930-аад онд Энэтхэг улсад алба хаагаад ирсэн Их Британи цэргүүдээс анх илэрсэн байдаг. Тухайн үед эмч нар цэргүүдийн бие нь "этгээд" хэлбэрээр үрэвссэн гэх онош тавьж байсан юм.
Саяхан Техас мужийн оршин суугч нэгэн залуу толгой нь тэсэхийн аргагүй өвдөж, ухаан алддаг болсон учраас эмнэлэгт үзүүлжээ. Эмч нар түүнд дээрхтэй адил нейроцистицеркозын онош тавьсны хүчинд амийг нь аварсан байна.
Энэ мэтийн туузан хорхойн халдвараас сэргийлэхийн тулд дутуу болгосон мах идэхээс зайлсхийх, шимэгч хорхойн халдвар өндөртэй газраас хол байх, гараа сайтар угаахыг АНУ-ын халдварт өвчин судлалын хүрээлэн зөвлөжээ.
Эцэст нь дурдахад, туузан хорхой биед орсон бол амьд байхдаа биш, харин үхсний дараах үлдэгдэл нь олон жилийн турш биеийг зовоодог аж. Хэрвээ тархи мэтийн амин чухал эрхтэнд хүрвэл үхэлд хүргэж ч болох аюултай.