"Бие эрхтний гайхамшиг" - Хүн ямар эрхтэнгүйгээр амьдарч чадах вэ?

Хүний бие гэдэг гайхалтай тэсвэртэй, хүчирхэг бүтээл юм. Жишээлбэл хүн хагас литр цус хандивлахад нийтдээ 3.5 их наяд орчим улаан эсээ аллдаг ч бие нь үүнийг маш хурдан нөхөж чадна. Тэр байтугай зарим чухал эрхтнээ алдсан ч хүн цаашид үргэлжлүүлэн удаан амьдрах боломжтой байдаг аж.

"Бие эрхтний гайхамшиг" - Хүн ямар эрхтэнгүйгээр амьдарч чадах вэ?

1 Дэлүү

Дэлүү нь хэвлийн зүүн талд, хавиргатай ойрхон байрладаг учраас аливаа гэмтэлд маш өртөмтгий юм. Мөн гадуураа цаас шиг нимгэн хальсан бүрхүүлтэй бөгөөд тэр нь амархан урагдаж цус алддаг байна. Хэрэв тийм гэмтлийг эртхэн оношлуулж, эмчлэхгүй бол үхэлд хүргэх аюултай.

Дэлүүний дотоод бүтэцийг харвал хүрэн улаан, цагаан өнгийн хэсгүүдэд хуваагдсан байдаг. Улаан хэсэг нь цусны улаан эсийг нөөцлөх, дахин төлжүүлэхэд оролцдог бол цагаан хэсэг нь цусны цагаан эс болон ялтасыг нөөцлөх үүрэгтэй.

Хэдий ийм чухал үүрэгтэй ч гэмтсэн дэлүүг тэр дор нь авахыг эмч нар зөвлөдөг. Учир нь хүний элэг цусны улаан эс болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг дахин боловсруулах үүргийг давхар гүйцэтгэдэг учраас дэлүүг бүрэн орлож чадах аж. 

Дэлүү

2 Ходоод

Ходоод нь хоолыг задалж боловсруулах, тэрхүү ажиллагаанд хэрэг болох хүчлийг ялгаруулах, эрдэс бодисыг шингээх, ялгах гэсэн дөрвөн үндсэн үүргийг гүйцэтгэдэг.

Орчин үед хорт хавдар, гэмтлийн улмаас ходоодыг мэс заслын аргаар биеэс салгаж авдаг болсон байна. 

Ходоодыг хэсэгчилж болон бүтнээр нь авсны дараа мэс засалчид улаан хоолойг нарийн гэдэс рүү шууд холбодог. Ингэлээ гээд хоол боловсруулах чадвар буурдаггүй бөгөөд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний дараа нэмэлт амин дэм сайн хэрэглэх юм бол хэвийн хооллож болдог гэнэ. 

Ходоод

3 Нөхөн үржихүйн эрхтнүүд

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн үндсэн эрхтнүүд нь төмсөг, өндгөвч юм. Хосоороо байдаг эдгээр эрхтний өрөөснийг нь авхуулсан ч гэсэн хүмүүс хүүхэдтэй болж чаддаг байна. 

Эрчүүдийн хувьд хорт хавдар, эсвэл гэмтэл авсны дараа төмсгийг авахаас өөр аргагүй болдог. Харин эмэгтэйчүүдийн хувьд хорт хавдрын улмаас умайг авах мэс засал түгээмэл. Харамсалтай нь ийм мэс ажилбарын дараа эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх чадваргүй болж, цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг нь зогсдог аж.

Судалгаанаас үзэхэд өндгөвчөө авхуулсан эмэгтэйчүүдийн дундаж наслалт багасдаггүй гэнэ. Түүнчлэн хамгийн сонирхолтой нь хоёр төмсгөө авхуулсан эрчүүдийн дундаж наслалт нэмэгддэг байна. 

Нөхөн үржихүйн эрхтнүүд

4 Бүдүүн гэдэс

Бүдүүн гэдэс нь ойролцоогоор 180 см урттай нэг төрлийн хоолой бөгөөд үндсэн үүрэг нь усыг шингээж, өтгөн ялгаруулах явдал юм. Хорт хавдар мэтийн өвчлөлөөс болоод бүдүүн гэдэсний зарим хэсгийг эсвэл бүхэлд нь авах шаардлагатай болдог. Ихэнх хүмүүс ийм хагалгааны дараа хэвийн амьдралдаа эргэн ордог ч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд нь өөрчлөлт ордог гэнэ. 

Бүдүүн гэдэс

5 Цөсний хүүдий

Цөсний хүүдий нь хэвлийн баруун дээд хэсэгт, элэгний доор байрладаг. Цөс гэдэг нь өөх тосыг задлахын тулд элэгнээс байнга ялгардаг хар ногоон эсвэл шаравтар өнгөтэй бодис юм. 

Хүний биед өөх тос орж ирэх үед үед тусгай даавар ялгарч, цөсний хүүдий агшсанаар хоол шингээхэд хэрэг болох цөсийг гэдэс рүү шахдаг. Гэхдээ илүүдэл холестериноос болж цөсний чулуу үүсдэг бөгөөд энэ нь дээрх үүргийг гүйцэтгэдэг жижиг хоолойнуудыг бөглөдөг байна. Ингэснээр цөсний хүүдийг мэс заслаар авах шаардлагатай болдог. 

Цөсний чулуу нь ямар нэг шинж тэмдэг үзүүлэхгүй уддаг учраас зарим хүмүүс мэдэлгүй явсаар нас барах аюултай.

Цөсний хүүдий

6 Мухар олгой

Мухар олгой нь бүдүүн, нарийн гэдэсний уулзварт байрлах жижигхэн ургацаг юм. Анх үүнийг эрдэмтэд хүний биед хэрэггүй эрхтэн гэж тооцдог байсан бол орчин үед гэдэсний ашигтай бактерийг хадгалах "сав" болохыг нь тодорхойлжээ. Чухамдаа олгойд хадгалагдсан ашигтай бактерууд нь шаардлагатай үед өсч үржин бодисын солилцоонд ордог байна. 

Харамсалтай нь мухар олгойнд гэдэсний шингэн их хэмжээгээр орсон тохиолдолд гадагшилж чадалгүй үрэвсдэг байна. Энэ үед яаралтай мэс засал хийлгэж, олгойг заавал авхуулах хэрэгтэй болдог.

Хэдий мухар олгойгоо авхуулсан хүмүүсийн биед ямарваа сөрөг өөрчлөлт гардаггүй ч дахин тийм зүйл тохиолдохгүй гэсэн үг биш. Зарим тохиолдолд мэс заслын дараа олгойн уг нь үлдсэн байдаг бөгөөд тэрхүү хэсэг нь дахин үрэвсэх аюултай. 

Мухар олгой

7 Бөөр

Бөөрний үүрэг бол дотоод шүүрлийн тогтолцоог хамгаалах үүднээс цусыг шүүж, хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах явдал юм. Ингэхдээ бөөр нь уураг, эс, шим тэжээл гэх мэт бие махбодод ашигтай зүйлсийг шүүж авч, хэрэггүй зүйлсийг шээс болгон биеэс гадагшлуулна.

Хүмүүс ихэвчлэн удамшлын эмгэг, мансууруулах бодис болон согтууруулах ундааны хэт хэрэглээнээс болж үүссэн гэмтэл, халдварт өвчнөөс болж нэг бөөрөө авхуулдаг юм. Хэрэв хоёр бөөр хоёулаа дутагдалд орсон бол диализийн аппарат ашиглан эмчилнэ. 

Тус эмчилгээнд орсон хүний дундаж наслалт нь нас, хүйс, суурь өвчин, диализийн ямар аргыг хэрэглэсэн эсэх зэрэг олон зүйлээс шалтгаалан өөрчлөгдөнө. Сүүлийн үеийн судалгаагаар 20 насандаа диализийн эмчилгээ хийлгэсэн хүн дахин 16-18 жил насалдаг бол 60-аас дээш насны хүн ердөө 5 жил амьдрах боломжтой болохыг тогтоожээ. 

Бөөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()