Нэгэн оцон шувуу өөрийн амьдардаг нутаг Антарктид тивээс 3000 километрийн алсад орших Шинэ Зеландад хүрч иржээ. Ховордсонд тооцогддог "адели" төрөлд хамаарах тэрхүү оцон шувуу далайн эрэг дээр төөрсөн, ихэд ядарсан шинжтэй явж байгаад нутгийнхантай тааралдсан байна.
Тодруулбал, Бердлингс Флат хэмээх хотын оршин суугч Харри Сингх ажлаа тарсныхаа дараа эхнэрийн хамт далайн эргээр алхаж байхдаа оцон шувууг олж харсан байна. Эхнэр нөхөр хоёр түүнийг эхлээд чихмэл тоглоом байна гэж бодсон гэнэ.
Оцон шувуу байрнаасаа бараг цаг орчим хөдлөлгүй зогссоны дараа Сингх түүнийг муур, нохойнд бариулчих вий хэмээн болгоомжилж, амьтан хамгаалагчдыг дуудахаар шийджээ. Удалгүй түүнийг Шинэ Зеландын Өмнөд аралд 10 гаруй жилийн турш оцон шувуу үржүүлж буй судлаач Томас Страке-д хүлээлгэн өгсөн байна.
"Төөрсөн аялагч" маань зөвхөн Антарктид тивд байдаг адели оцон шувуу болохыг мэдээд Страке ихэд цочирджээ. Өмнөд туйлын оцон шувуу Шинэ Зеландад ирсэн тохиолдол өмнө нь гурван удаа тохиолдож байсан гэнэ.
Нутгийн иргэд шинээр ирсэн оцон шувуунд "Пингу" хэмээх нэр өгчээ.
Малын эмч нар Пингу-д цусны шинжилгээ хийгээд түүний жин нь хэвийн хэмжээнээс бага, шингэнээр дутагдсан болохыг мэджээ. Түүнээс хойш Пингу-г тусгай гуурсаар байнга тэжээж, ундлаж байгаа гэнэ.
Хангалттай тэнхэрснийх нь дараа түүнийг Шинэ Зеландын өмнөд хязгаар дахь элдэв золбин нохой, араатан амьтан байдаггүй Бэнксийн хойгт сул тавих аж.
Адели оцон шувуу ийнхүү ирсэн явдал нь хэдий маш ховор ч хэрэв жил болгон давтагдаад байвал далай болон мөсөн тивд санаа зовоох асуудал гарч ирсэн гэсэн үг гэж судлаачид үзжээ.