Энэхүү аргыг "модыг өргөслөх" хэмээн нэрлэдэг байна.
Ингэхдээ 100-200 мм-ийн урттай хадааснуудыг 60 хэмийн налуугаар модны эх биед хадах ёстой байдаг. Нэг модонд 20-100 ширхэг хадаас орох бөгөөд газраас 5-аас 200 см-ийн өндөрт хадна. Дараа нь хадааснуудын тавыг тайрч авна.
Энэ аргыг хэрэглэснээр ямар ч сүх, гар хөрөө, цахилгаан хөрөө хүртэл модны их биед шигдсэн олон тооны төмөр хадаасанд тээглээд явдаггүй байна. Мөн хулгайн мод бэлтгэгчдийг гар хоосон болгох боломж ч бий. Тэрхүү модыг үндсээр сугалж авсан ч гэсэн жижиглэж бэлтгэх боломжгүй юм.
Мэдээж олон хадаастай мод тодорхой хэмжээний гэмтэл авах хэдий ч тийм ч ноцтой хохирол учирдаггүй байна. Гол нь модны доторх цөм хэсэгт хүргэхгүйгээр, 60 хэмийн налууг яс баримталж хадаасаа зоох хэрэгтэй. Тиймээс олон жилийн дараа ч гэсэн мод эрүүл саруул ургасан хэвээр байхыг зэрэгцээ хамгаалалттай болно гэсэн үг.
Энэхүү аргыг 19-р зууны үед АНУ-д анх санаачилжээ. Мод бэлтгэлийн хоёр компани тэр үед хоорондоо ширүүн өрсөлддөг байв. Ийнхүү нэг нь нөгөөгөө чадах үүднээс тайрахаар төлөвлөж байсан моднуудыг нь хадаасаар дээрхтэй адил "бэхэлж" орхисон байна. Нөгөөх өрсөлдөгч компаний ажилчид улмаар бүх хөрөөнийхөө шүдийг хугалж дуусаад, буцахаас өөр аргагүй болжээ.
Харин 1930-өөд оны сүүлчээр байгаль орчны төлөө тэмцэгч Дэйв Форман хэмээх эрийн бичсэн "Эко хамгаалалт" хэмээх номонд дээрх түүхийг дурдаад энэхүү аргыг хэрэглэж болох талаар заасан байдаг.
Өдгөө дэлхийн олон оронд мод өргөслөх замаар ой модыг хамгаалах болжээ. Гэхдээ зарим оронд үүнийг эко терроризм хэмээн ангилсан аж.
Аливаа ой эсвэл цэцэрлэгт хүрээлэнг хамгаалахын тулд бүх модыг хадаасаар шавах хэрэггүй. Ердөө хэдэн арвыг нь өргөслөхөд хангалттай бөгөөд дараа нь "энэ моддыг өргөслөсөн" гэсэн бичиг зүүгээд үлдээхэд болно. Энэ нь сэтгэл зүйн дайралтын арга бөгөөд хууль бус мод бэлтгэгчид хэдийг хөрөөдөж үзээд үнэхээр бүх мод нь хадаастай юм байна гээд орхиод явах болно. Орчин үеийн мод бэлтгэлийн төхөөрөмжүүд нь үүнээс болж эвдрэх, тэр бүү хэл хүнийг гэмтээх аюултай учраас тэд азаа туршихгүй нь мэдээж.