Археологчид Израилийн эртний тууриас "шарталтаас сэргийлэх" бөгж олжээ

Израилийн археологчид Иерусалим хотоос хойд хэсэгт орших Явне мужийн нутаг дахь эртний туурь дээр малтлага хийжээ. Тэрхүү туурь нь Византийн эзэнт гүрний үед хамгийн том дарсны үйлдвэрт тооцогддог байсан бөгөөд жилд хоёр сая литр дарс үйлдвэрлэдэг байсан аж. Эрдэмтдийн нээсэн олон сонирхолтой олдворуудын дотроос хамгийн анхаарал татсан нь шарталтаас сэргийлэх зориулалттай, ягаан болор шигтгээтэй алтан бөгж байв.

Археологчид Израилийн эртний тууриас "шарталтаас сэргийлэх" бөгж олжээ

Энэхүү олдворыг 1400 жилийн настай хэмээн судлаачид тогтоосон байна. Тэр үеийн хүмүүс ягаан болор буюу аметист чулууг аливаа өвчнийг анагаах увидастай, ялангуяа шарталтаас гайхалтай сэргийлдэг гэж үздэг байв.

Бөгжний хэлбэр хийц, чимэглэл сийлбэр зэргээс нь үзвэл 7-р зууны үед амьдарч байсан эрэгтэй хүн зүүдэг байсан нь тодорхой болжээ. Тэрхүү эр дарсны амт шалгагч байсан учраас өөрийгөө хамгаалахын тулд ягаан болор шигтгээтэй бөгж зүүсэн нь гарцаагүй. 

Нийтдээ ​​7,000 м2 талбайг эзэлж байсан тэрхүү үйлдвэр жилд 2 сая литр дарс үйлдвэрлэж, Египет, Турк, Грек болон Газар дундын тэнгисийн бусад нутгуудад нийлүүлдэг байжээ. 

Израилийн эртний эдлэлийн газрын ажилтан, энэ чиглэлийн мэргэжилтэн доктор Амир Голани уг бөгж нь чинээлэг хүний гоёл байсан нь ойлгомжтой хэмээн мэдэгджээ.

Гэхдээ ийм бөгжийг эрэгтэй, эмэгтэй хүний аль аль нь зүүж болох гэнэ. Сийлбэр хээнээс нь үзвэл Византийн сүүл ба Исламын эхэн (МЭ 7-р зуун) үед бүтээгдсэн болохыг харуулж байна. Магадгүй ийм бөгжийг олон зууны туршид үеэс үед дамжуулж ирсэн байж болох юм. Учир нь болор шигтгээ бүхий алтан бөгж нь Ромын ертөнцөд түгээмэл байсан аж. Иймээс энэ бөгжийг МЭ 3-р зууны эхэн үед Явне хотод амьдарч байсан чинээлэг нэгэн хийлгэсэн бөгөөд хойч үедээ өвлүүлсэн байх ч боломжтой гэнэ. 

Ягаан болор чулуу шарталтаас сэргийлдэг гэх үзэл Грекчүүдээс үүдэлтэй аж. Учир нь грек хэлний "аметист" гэх үгийг орчуулбал "согтоогүй" гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тиймээс энэхүү үзэл нь зэргэлдээх Византийн соёлд нэвтэрсэн байх бүрэн магадлалтай юм. 

Зүүн Ромын эзэнт гүрэн гэгддэг Византийн эзэнт гүрний (395-1204, 1261-1453) нийслэл Константинополь (одоогийн Истанбул) хот нь хэсэгтээ Газар дундын тэнгисийн соёл иргэншлийн төв байсан юм. 

Нэмж дурдахад, археологчдын малтлага хийсэн газраас дарс хадгалах 5 том сав илэрчээ. Тэрхүү савны ёроолоос этилийн спиртийн ул мөр олдсон нь үүнийг баталж байгаа аж.

Энэхүү нутагт үйлдвэрлэсэн дарсыг Газа эсвэл Ашкелон хэмээн нэрлэдэг байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()