Байнгын урсгалтай гол мөрөн огт байдаггүй орон дэлхийд 17 байдгаас 9 нь арлын, эсвэл хэт жижигхэн орнууд юм. Харин бусад нь мэдээж цөлийн орнууд бөгөөд тэдгээрээс хамгийн том нь Саудын Араб аж.
Ойрхи Дорнодод, Арабын хойг дээр орших тус орны 2,149,690 км² талбайтай нутаг дэвсгэрийн 95 хувь нь жинхэнэ цөлийн бүст хамаарна. Зуны саруудад Саудын Арабын дундаж температур 45 ° C хэм орчимд хэлбэлзэх бөгөөд нутгийн олон хэсэгт олон жилийн турш огт бороо ордоггүй байна.
Байгалийн цэнгэг усны нөөц тус оронд зөвхөн газрын гүнд бий. Тиймээс Саудын Арабчууд ундны усны хэрэгцээгээ дараах эх үүсвэрүүдээс хангадаг байна.
- 50 хувь нь давсгүйжүүлсэн далайн ус
- 40 хувь нь сэргээгдэх боломжгүй гүний ус
- 10 хувь нь уулархаг бүсийн гадаргын ус
Дашрамд дурдахад Арабын хойгийн уудам нутагт орших бүх орнуудад байнгын урсгалтай гол мөрөн байдаггүй. Цөлийн эдгээр орнуудын хувьд Саудын Арабтай адил далайн усыг цэвэршүүлж хэрэглэх нь ундны устай залгах гол арга аж.
Зарим нутагт хуурай сайр буюу "вади" борооны усаар дүүрч, хэдэн сарын турш урсаад ширгэх нь бий.
Сонирхуулахад нутаг дэвсгэртээ гол мөрөнгүй дэлхийн хамгийн жижиг орон бол Ватикан (0.445 км²) бөгөөд Итали улс тус орны усны хэрэгцээг хангадаг байна.
Гол мөрөнгүй орнуудын жагсаалт:
- Саудын Араб (Арабын хойг)
- Кувейт (Арабын хойг)
- Арабын нэгдсэн Эмират (Арабын хойг)
- Катар (Арабын хойг)
- Оман (Арабын хойг)
- Йемен (Арабын хойг)
- Монако (Европ)
- Ватикан (Европ)
- Бахрейн (Персийн булан)
- Багамын арлууд (Атлантын далай)
- Мальта (Газар дундын тэнгис)
- Тувалу (Номхон далай)
- Кирибати (Номхон далай)
- Мальдив (Энэтхэгийн далай)
- Коморын арлууд (Энэтхэгийн далай)
- Маршалл арлууд (Номхон далай)
- Науру (Номхон далай)