Айж эмээнэ гэдгийг огт мэддэггүй 5 амьтан

Өөрөөсөө хэд дахин том амьтадтай үзэлцэхийн тулд дан эр зориг байгаад хангалтгүй. Харин айдас гэдэг зүйлийг огт мэдэрдэггүй, өөрөөр хэлбэл "галзуу" байж л ийм амь өрссөн зүйлийг хийх санаа төрдөг юм. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жинхэнэ айхыг мэддэггүй амьтдын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Айж эмээнэ гэдгийг огт мэддэггүй 5 амьтан

1 Нохой зээх

Нохой зээх нь харсан бүхэн рүүгээ шууд дайрдаг учраас ойн бусад "оршин суугчид" түүний бараанаар үүрэндээ ум хумгүй нуугддаг байна. Тэр бүү хэл баавгай хүртэл өөрийн жижигхэн хувилбар гэлтэй энэхүү амьтнаас үргэдэг гэнэ. 

Мэдээж хэрэг нохой зээхийн аюулын тухай зарим баримтууд арай дэгсдүүлсэн байдаг ч ихэнх нь үнэн ажээ.

Нохой зээх

Энэхүү араатны сарвуу, эрүү нь ер бусын хүчтэй. Тиймээс ямар ч том, зузаан арьстай амьтныг нэг зуугаад авсан тохиолдолд тэсвэрлэхийн аргагүй өвдөлтийг мэдрүүлж чаддаг аж.

Гэхдээ нохой зээх нь ихэвчлэн туулай, зурам мэтийн жижиг амьтдыг барьж иддэг бол их өлссөн үедээ буга, хандгайг ч унагах нь бий.

Дээрээс нь чоно, баавгай зэрэг бусад араатнуудын агнасан олзоос нь хээв нэг тасалж аваад явах тохиолдол байдаг аж.

2 Цармын бүргэд

Цармын бүргэд нь манай гарагийн хамгийн чадварлаг анчдын нэг юм. Гайхалтай хурдтай, хурц нүдтэй, хүчирхэг хошуу болон сарвуугаар "зэвсэглэсэн" учраас усан дотроо ажиггүй сэлж яваа загас эсвэл нүхнээсээ цухуйж буй могой зэргийг нүд ирмэхийн зуур шүүрч аваад, тэнгэрт хөөрнө. Нэг үгээр хэлбэл огторгуйд нисэгч, газраар явагч, усанд сэлэгч, хоёр нутагтнуудыг бүгдийг нь агнаж чаддаг цөөхөн амьтдын нэг нь цармын бүргэд юм.

Заримдаа бүргэд нас бие гүйцсэн янгир, буга гэх мэт том биетэй туруутан амьтдыг хадан цохионоос түлхэн унагаж хөнөөдөг гэхээр ухаан нь бас муугүй хөгжсөнийг илтгэнэ.

Цармын бүргэд

3 Бабуин буюу нохой сармагчин

Эдгээр сармагчингууд нь холимог идэштэн буюу ургамал, махны аль алинаар нь хооллодог учраас тэр бүр ан хийгээд байх шаардлага гардаггүй.  Үнэхээр "адал явдал хайх" хэрэг гарвал нохой сармагчин нь мэрэгч амьтад, нялх гөрөөс зэргийг ихэвчлэн агнадаг.

Бабуин буюу нохой сармагчин

Гэхдээ бабуин нь олноороо сүрэглэн амьдардаг, маш нутгархаг амьтан учраас хэн нэгэн эзэмшилд нь халдах л юм бол дайсны биеийн хэмжээ, нөхцөл байдлыг үл харгалзан "дайн" эхлүүлдэг.

Хурц соёо болон тооны хувьд илүү байдлаа ашиглан эдгээр сармагчингууд ирвэс, үчимбэр зэргийг ч дийлж чадна. Заримдаа арсланг хүртэл нутгаасаа хөөн зайлуулж чаддаг аж. 

4 Африк дорго

Ганцаараа хүртэл арслантай үзэлцдэг жинхэнэ "чанга нөхөр" бол Африкийн дорго ажээ. Арслангууд заримдаа энэхүү жижигхэн араатантай орооцолдоод сайн зүйл болохгүй гэдгийг мэдэж, бараанаар нь зугтдаг аж.

Том амьтнаас айдаггүй гол шалтгаан нь тэдний 0.6 см зузаан мөртлөө сул, уян хатан арьстай холбоотой. Ийм учраас хэрэв хазууллаа гэхэд уран нугараач шиг дороо эргэж, сөрөг довтолгоо хийдэг гэнэ.

Африк дорго

Африкийн доргын биед зөгий болон могойн хор нөлөөлдөггүй учир тэдний хамгийн гол идэш нь хорт могой ажээ. Мөн хурц шүд, хүчирхэг эрүүтэй тул яст мэлхийн хуягийг ч тас хазаж чаддаг. 

Биеийн урт нь ердөө 70 см ч тархийг нь биетэй нь харьцуулахад маш том байдаг. Хаалга онгойлгох, шүүгээнд шурган орох, утас торноос мултлах зэргийн учрыг амархан олдог төдийгүй янз бүрийн “багаж” ашиглах чадвартай цөөхөн амьтдын нэг юм.  Хашаа давахын тулд мод өнхрүүлэн ирж дээр нь гарах зэргээр ухаан сийлэх чадвартай аж. 

5 Үен

Өхөөрдөм төрхтэй ч өршөөлгүй араатан гэж нэрлэхэд тохирох үен нь жижиг биедээ ахдам ширүүн догшин ааштай. Үенгийн хоол боловсруулах систем маш сайн хөгжсөн тул хормын дотор л өлсөж, дараачийн ан гөрөөндөө гардаг. Хурдан гүйж, өндөрт үсэрч, авирч, сэлж чаддаг учраас нэг өдрийн олзны тоо нь 50-иас буудаггүй аж.

Үен

Хэдий хортон мэрэгчдийг ихээр идэж устгадаг давуу талтай ч хот сууринтай ойртвол тахиа, нугас мэтийн тэжээвэр шувуудын жинхэнэ эрлэг болдог гэнэ.

Бусад махчин амьтдад ч эдгээр бяцхан араатнууд нэлээдгүй ачаа үүрүүлдэг аж. Замд таарсан ямар ч амьтантай эцсээ хүртэл тэмцэлдэх тэр их зориг зүрх хаанаас нь гардаг юм гэмээр гайхалтай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()