Олон зууны турш хүмүүсийг татсаар ирсэн Сөнөсөн тэнгисийн тухай сонирхолтой баримтууд

Дэлхийн хамгийн нам дор газар оршдог, хамгийн давстай устай, хамгийн эрт үүссэн гээд Сөнөсөн тэнгис нь олон гайхалтай онцлогийг агуулдаг. Тэнгис хэмээх нэрийг авсан энэхүү нуурын үүслийн тухай Библи сударт анх дурдагдсанаас хойш өдийг хүртэл эрдэмтэн судлаачид, шашны мөргөлчид, жирийн жуулчдын гол зорих газар байсаар иржээ. Ингээд та бүхэнд дэлхийн түүх болоод газарзүйн шинжлэх ухаанд томоохон байр суурийг эзлэх Сөнөсөн тэнгисийн тухай баримтуудаас хүргэж байна.

Олон зууны турш хүмүүсийг татсаар ирсэн Сөнөсөн тэнгисийн тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэгт зүй ёсоор тооцогдох энэхүү нуур "Сөнөсөн тэнгис" хэмээх нэртэй болсон түүх МЭӨ II зуунаас эхтэй аж.

Энэхүү бүс нутгийг эртний Грекийн эрдэмтэн Павсаний анх судалжээ. Ус нь асар их давсны агууламжтай тул амьдрал байх боломжгүйг мэдсэн тэрээр энэхүү нуурыг "Сөнөсөн тэнгис" хэмээн нэрлэсэн байна.

Үнэхээр давсны ионууд нь эсийн доторх усны хөдөлгөөнийг өдөөж, улмаар тухайн амьтны бие дэх ус үгүй болдог юм. Гэхдээ орчин үеийн судалгаагаар Сөнөсөн тэнгисийн хатуу ширүүн нөхцөлд зарим төрлийн мөөгөнцөр, бактери, нэг эст амьтад дасан зохицож чадсан байна. 

Сөнөсөн тэнгисийг мөн "Лотын тэнгис", "Асфальтан тэнгис" хэмээн нэрлэдэг. Учир нь тэнгисийн зарим хэсгээс байгалийн өөрийн бүтээсэн асфальт олгойдон гардаг аж. Хатсаныхаа дараа хар өнгийн хайрга шиг харагддаг тэрхүү асфальтыг эртний Египетчүүд хүнийг занданшуулж, мумми хийхэд ашигладаг байжээ.

Иордан гол тэргүүтэй хэд хэдэн гол Сөнөсөн тэнгис рүү цутгадаг ч  ганц ч гол эх авдаггүй.

Байршлын хувьд Сөнөсөн тэнгис нь гурван улсын нутгийг дамнан оршдог Иорданы хөндийд байдаг. Сөнөсөн тэнгисийн хойд хэсэг Палестины нутагт, баруун эрэг нь Израильд, зүүн эрэг нь Иорданы вант улсад харьяалагддаг байна.

Түүнчлэн Сөнөсөн тэнгис нь манай гаригийн хамгийн нам доор цэг буюу далайн түвшнээс доош 430 метрт оршдог.  Хэмжээний хувьд урт нь 72 км, талбай нь 605 км², гүн нь 2-500 метр байдаг.

Сөнөсөн тэнгисийн ус нь зөвхөн давс төдийгүй өөр олон төрлийн эрдэс бодис агуулдаг гэнэ. Тодруулбал тэнгисийн 1 литр усанд 300 грамм давс ууссан байдаг нь  далайн дунджаас 9 дахин их гэсэн үг юм. Ийм их давс усыг нь маш нягт болгодог тул Сөнөсөн тэнгис рүү орсон хүн огт живэхгүй, гадаргуу дээр нь хөвж байдаг.

Сөнөсөн тэнгис үүссэн домог

Библид дурдсанаар бурхны сонгосон анхны хүн Авраам өөрийн дүү Лотын хамт ард иргэдээ дагуулж, мал сүргээ туугаад "Амласан газар"-ын эрэлд гарсан ч олж чадалгүй цөхөрчээ. Эцэст нь тэд хоорондоо зөрчилдөхгүйн тулд хоёр өөр газарт хуваагдан суурьшсан байна. Лот Йорданы хөндийн цөл газар Содом хотыг байгуулсан бол Авраам Канаан нутагт амьдрах болжээ.

Хожим Содом хотын иргэд нь бурханы тухай бүрэн мартаж, дураараа нүгэл үйлдэхийн зэрэгцээ харгис, бардам, шуналтай болсон тул бурхан Содом, Гомора хотуудыг галаар ниргэж сөнөөхөөр шийджээ. Бурханы элч нар Лот болон түүний гэр бүлийнхэнд энэ тухай анхааруулж, даруй дүрвэхийг тушаасан байна.

Хамгийн гол нь Лотын гэр бүл зугтаж байхдаа Содом хот, түүний дэргэдэх нуур руу эргэж харах ёсгүй гэдгийг элч нар сануулав. Гэвч Лотын эхнэр дассан хот руугаа тэсч чадалгүй эргэж харав.

Ийнхүү эхнэр нь давсан овоо болон хувирч тэндээ үлдсэн бол Лот охидынхоо хамт Сигор хэмээх жижиг хотод суурьшсан байна. Ингэж Содом, Гоморрагийн оронд давстай гүехэн тэнгис үүссэн гэдэг. Харин тэрхүү нүгэлт хүмүүсээс үлдсэн ус нь нүглээ наминчлах үүднээс элдэв төрлийн өвчнийг анагаах шидтэй болсон гэжээ.

Харин илүү шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар гэвэл 10 сая жилийн өмнө болсон явдалтай холбоотой юм. Тэр үед Африк болон Еврази нэг тив байсан бөгөөд газрын гүний чичирхийллийн нөлөөгөөр аажимдаа чулуун хавтангууд нь салж, тектоник хагарал үүсгэсэн байна. Улмаар хоёр тусдаа тив үүсэж, дундах хагарал нь далайн усаар дүүрчээ.

Үүнээс 6 сая жилийн дараа тэрхүү нутагт галт уулын хүчтэй дэлбэрэлт болж, хөндий рүү орж ирэх далайн ус боогдон татарсны дараа хоёр нуур үүссэний нэг нь Сөнөсөн тэнгис аж.  Дараагаар нь сая сая жилийн турш Иордан голын ус байнга тэтгэж байсан тул Сөнөсөн тэнгис өдийг хүртэл ширгэлгүй оршжээ.

Анагаах үр нөлөө

Сөнөсөн тэнгисийн ус таныг шууд залуужуулахгүй ч ороод гарахад бие махбодийг мэдэгдэхүйц сайжруулдгийг олон удаагийн туршилтаар баталжээ. Ус нь 25 төрлийн давсны ион агуулдаг бөгөөд тэдгээрийн 12 нь дэлхийн өөр хаанаас ч олдохооргүй өвөрмөц чанартай.

Үүнээс гадна Сөнөсөн тэнгист натри, магни, кали, кальци, иод, бромын давс их хэмжээгээр агуулагддаг. Эдгээр нь арьсыг цэвэрлэх, тайвшруулах, зөөлрүүлэх нөлөөтэй аж.

Арьсны болон үе мөчний өвчин, дотоод шүүрлийн эмгэг, нөхөн үржихүйн тогтолцооны үйл ажиллагааны доголдолтой хүмүүс энд ирж биеэ сувилдаг. Үүнийг дагаад Сөнөсөн тэнгисийн эрэг дагуу олон тооны рашаан сувилал байгуулагджээ. Тэдгээрийн сувиллын хөтөлбөрт давсны эмчилгээ төдийгүй Сөнөсөн тэнгисийн шавар хүртэл багтдаг.

Мөн энэхүү бүс нутаг нь дэлхийн хамгийн их хүчилтөрөгчийн агууламж бүхий агаартай газар гэж тооцогддог. Агаар дахь арвин хүчилтөрөгч, бромын нөлөөгөөр энд ирсэн хүмүүс амархан тайвширч, амардгийн зэрэгцээ удаан хугацаанд наранд шарсан ч эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй аж. Тэр бүү хэл арьс ч түлэгддэггүй гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()