"Амьд түүхэн үзмэр" - Сая сая жилийн турш огтхон ч өөрчлөгдөөгүй, дэлхийн хамгийн эртний амьтад

Балар эртний дэлхийн түүх, амьд биетийн хувьслын үе шатууд нь чухам чулуужмал үлдэгдлийг судалсны ачаар бидэнд ил болсон билээ. Мэдээж бүх амьтад өвөг дээдэстэй бөгөөд хувьслын үр дүнд устах нь устаж, амьд үлдсэн нь өнөөгийн төрхөө олж чадсан юм. Гэтэл доор дурдах амьтдыг "амьд чулуужсан олдвор" гэж хэлж болох юм. Учир нь тэд хэдэн сая жилийн өмнөхөөсөө бараг л өөрчлөгдөөгүй аж. Ингээд та бүхэнд өнөөг хүртэл дэлхий дээр оршсоор буй хамгийн эртний амьтдыг танилцуулж байна.

"Амьд түүхэн үзмэр" - Сая сая жилийн турш огтхон ч өөрчлөгдөөгүй, дэлхийн хамгийн эртний амьтад

12 Гоблин аварга загас - 118 сая жил

Гадаад төрхөөрөө ч, амьдралын хэмнэлээрээ ч гоблин аварга загас бол дэлхийн хамгийн аймшигтай араатнуудын нэгт тооцогдоно. Азаар тэд зөвхөн далайн гүнд амьдарч, тэндээсээ бараг холддоггүй учир хүн төрөлхтөн бид энэхүү асар эрт үүссэн араатныг тэр бүр нүдээр үзээд байдаггүй.

2007 оны 1-р сард Япон улсад анх удаа амьд гоблин загасыг барьж, судалгаа хийх боломжтой болсон ч хэдэн өдрийн дараа тэрхүү загас үхсэн байна. 

Гоблин аварга загас - 118 сая жил

11 "Martialis Heureka" шоргоолж - 120 сая жил

Энэ жагсаалтад багтсан хуурай газрын цор ганц амьтан болох "Martialis Heureka" шоргоолж нь асар удаан оршин тогтносон боловч хүн төрөлхтний хувьд цоо шинэ амьтанд тооцогдоно. Учир нь дөнгөж 2008 онд анх уг шоргоолжийг нээн илрүүлжээ. Энэ нь 1923 оноос хойш анх удаа шоргоолжны шинэ зүйлийг илрүүлсэн тохиолдол байлаа.

Гэхдээ "Martialis Heureka" дан ганц шоргоолжны зүйл биш бүхэл бүтэн баг, овгийн төлөөлөл байсан бөгөөд шоргоолжны хувьслын эхэн үе буюу 120 сая жилийн өмнөөс амьдарч байсныг олж тогтоожээ.

"Martialis Heureka" шоргоолж - 120 сая жил

10 Бидэрт аварга загас - 150 сая жил

Бидэрт аварга загас нь одоо оршиж байгаа хамгийн эртний аварга загасны төрөл зүйл юм. Гэхдээ 150 сая жил оршин тогтносон гэхэд тэдэнд хувьсал харьцангуй бага явагджээ .

Уг амьтан нь гаднаасаа могой загас, акул хоёрын нийлбэр мэт харагдана. Хааяа нэг санаандгүй тохиолдлоор торонд орохоос бусдаар хүмүүс тэр бүр хараад байх боломжгүй. Үнэндээ хар дарсан зүүдний мангас мэт төрхтэй учраас тэр нь ч дээр болов уу.

Бидэрт аварга загас - 150 сая жил

9 Шохойн сам хорхой - 220 сая жил

Уг сам хорхойн төрөл зүйл нь 220 сая жилийн тэртээгээс өдийг хүртэл оршиж байгаа ч харамсалтай нь сүүлийн үед устах магадлалтай амьтдын тоонд ороод байгаа гэнэ.

Гэхдээ тэд урт удаан оршин тогтнолдоо тийм ч амархан цэг тавихгүй бололтой. 2010 онд судлаачид шохойн сам хорхойг цаашид устаж үгүй болохоос аврах нэгэн өвөрмөц шинжийг олж нээжээ. Тэдний өндөг хуурай газар удаан хугацаанд унтаа байдалд байж чаддаг бөгөөд дахин устай, чийглэг газар очих үед амь орж, үргэлжлүүлэн амьдардаг байна. Энэ нь тэдний хэрхэн өдий хүртэл усталгүй амьдарсны нууц болохыг ийнхүү олж нээжээ. Шохойн сам хорхой энэ аргаараа дахиад ч 200 сая жил орших боломжтой хэмээн эрдэмтэд үзжээ.

Шохойн сам хорхой - 220 сая жил

8 Хилэм загас - 200 сая жил

200 гаруй сая жил оршин тогтносон хэд хэдэн загасны төрөл зүйлийг ерөнхийлөн хилэм гэж нэрлэдэг. Харамсалтай нь сая сая жилийг үзсэн уг загас өдгөө "хүн төрөлхтөн" гэх аймшигт араатнуудын улмаас сөнөх аюул нүүрлээд байна. 

Хилэм загас нь нас бие гүйцэх хүртлээ нэлээд уддагийн зэрэгцээ ойролцоогоор 100 жилийн турш амьдардаг. Гэтэл хүнсний түрс хийх зорилгоор үр төлийг нь устгаж, хажуугаар нь далайн бохирдол, хэтэрсэн агнуурын улмаас хилэм загас устах магадлалтай болжээ.

Хилэм загас - 200 сая жил

7 Тах хэлбэрт сам хорхой - 200 сая жил

Сам хорхойн төрөл зүйлүүдээс хамгийн эртнийх гэж тооцогдох энэхүү амьтны гадаад төрх 200 сая жилийн өмнөхөөс огтхон ч өөрчлөгдөөгүй. Тэдний олон сая жилийн өмнөх чулуужсан үлдэгдлийг одоо буй амьд "үр хойч"-той нь харьцуулж үзэхэд ямар ч ялгаа байдаггүй аж.

Тах хэлбэрт сам хорхой - 200 сая жил

6 Хорхой загас - 360 сая жил

Могой шиг урт нарийхан биетэй, бөөрөнхий амаараа дүүрэн жижиг шүдтэй, түүгээрээ амьтны цусыг сордог гэхээр хорхой загас үнэхээр аймаар байгаа биз.

Хэрэв энэхүү загас байхгүй цаг үед очмоор байвал нэлээн эрт үе рүү цаг хугацааны аялал хийх хэрэг гарна. 2006 онд судлаачид 360 сая жилийн настай хорхой загасны чулуужсан бие олсон нь одоо оршин байгаа хорхой загастай гадаад байдлаараа яг адил байжээ. 

Хорхой загас - 360 сая жил

5 Коелакант загас - 360 сая жил

Энэтхэгийн далайд байдаг энэхүү загасыг урьд нь мөхөж байсан гэж үзсэн ч үнэн хэрэгтээ яг ч мөхөөгүй байжээ. Устаж үгүй болоод олон сая жил болсон гэж эрдэмтэд тооцсон байтал 1938 онд тэрхүү загас оршсоор байгааг олж мэджээ.

Үүний дараагаас эрдэмтэд коелакантыг маш идэвхтэй судалж эхэлсэн юм. Учир нь уг загас анх уснаас гарч, хуурай газрын сээр нуруутан болон хувьссан амьтантай маш төстэй бүтэцтэй байв. 

Коелакант загас - 360 сая жил

4 Тахан хавч - 445 сая жил

Тахан хавч бол "амьд чулуужсан олдворууд" дундаас хамгийн алдартайд тооцогдох бөгөөд 445 сая жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй.

Канадын эрдэмтэд 2008 онд тахан хавчны дээрхтэй ижил жилийн настай чулуужсан үлдэгдлийг анх олж байв. Өнөөг хүртэл цуглуулсан баримтуудаас дүгнэвэл энэхүү амьтан магадгүй өмнөхөөсөө дахиад 100 сая жилийн өмнө ч оршиж байсан байх боломжтой аж.

Тахан хавч - 445 сая жил

3 Наутилус хясаа - 500 сая жил

Хагас тэрбум жил... Эх дэлхий дээрх олон төрөл зүйл устах нь устаж, шинээр мэндлэх нь мэндэлсээр байхад энэхүү хясаа бүгдийг шинээр эхлүүлэх товчлууртай мэт тэсэж үлдсээр байсан юм.

Харамсалтай нь өдгөө бусад олон төрөл зүйлүүдийн адилаар наутилус хясаа хүмүүсийн нөлөөгөөр устахад хүрчээ. Учир нь хүмүүс наутилусын гоёмсог хясаагаар гоёл чимэглэл, зүүлт хийж ашигладаг. Дээхэн үед зарим газрын далайн эргээр явахад 100-аар тоологдох хэмжээний наутилус хясаа олддог байсан бол одоо ганц, хоёр ширхгийг олно гэдэг өдрийн од мэт болжээ.

Наутилус хясаа - 500 сая жил

2 Далайн мөгөөрс - 505 сая жил

Хэрэв бид хамгийн эртний амьтныг олж харъя гэвэл эх дэлхий дээр далайн мөгөөрсөөс өөр ямар ч амьтай зүйл байгаагүй үе буюу 505 сая жилийн өмнөх рүү буцах шаардлагатай болох нь ээ.

2007 онд Канзасын их сургуулийн судлаачид 500 сая жилийн өмнөх чулуужсан биет олсон нь тухайн үед олдоод байсан хамгийн эртний биетээс даруй 200 сая жилийн өмнө байсныг тогтоожээ.

Далайн мөгөөрс - 505 сая жил

1 Далайн хөвөн - 760 сая

Бактерийг эс тооцвол далайн хөвөн нь дэлхий дээрх хамгийн эртний амьд биет юм. 2014 онд далайн гүний чулуун завсраас 760 сая жилийн өмнөх далайн хөвөнгийн чулуужсан үлдэгдэл олжээ. Энэ нь 2009 онд олдож, тухайн үедээ хамгийн эртний гэж тооцогдож байсан чулуужмал олдворын насыг даруй 130 сая жилээр урагшлуулсан байна. Далайн хөвөн яг хэзээ үүссэнийг одоо ч яг таг тогтоогоогүй болохоор магадгүй дээрхээс ч урт настай олдвор байхыг үгүйсгэхгүй.

Далайн хөвөн - 760 сая

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()