Хүн ам хамгийн шигүү суурьшсан дэлхийн 10 арал

Хүн амын тоо болон нягтаршил нь тун ялгаатай ойлголтууд юм. Жишээлбэл зарим томоохон хотын хүн ам нь өргөн нутаг дэвсгэр дээр тархан суурьшсан байдаг бол зарим нь шигүү баригдсан өндөр барилгуудад "шахцалдан" амьдардаг байна. Ялангуяа хүн ам ихтэй арлуудын хувьд зай талбай бүрийг нь хэн нэгэн эзэмшсэн байдаг юм. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон шигүү суурьшилтай арлуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хүн ам хамгийн шигүү суурьшсан дэлхийн 10 арал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Санта Круз

Колумби улсын харъяа, Карибын тэнгист орших Санта Круз арал нь дэлхийн хамгийн шигүү суурьшилтай арал гэж тооцогддог. Ердөө 12,140 м2 талбайтай тус арал нь нийт 700 гаруй оршин суугчтай боловч баярын үед болон зуны амралтаар энэ тоо 1200 болж нэмэгддэг. Оюутан сурагчид эх газар дээр амьдардаг хамаатнууд дээрээ эсвэл дотуур байранд жилийн ихэнх хугацааг өнгөрүүлж байгаад амралтаараа эргэж ирдэг байна.

Арлын өнцөг булан бүрийг барилгажуулсан тул тэмцээн уралдаан, баяр ёслол, оршуулга зэрэг олон нийтийн үйл ажиллагааг зэргэлдээ орших арай том Мукура арал дээр хийдэг гэнэ.

Эндхийн иргэдийн гол амьжиргааны эх үүсвэр нь загасчлал юм. Ундны усны нөөц бараг байхгүй учраас цэргийн хөлөг онгоц 3 долоо хоногт нэг удаа ус зөөж ирдэг. Усаа хэмнэх үүднээс арлын иргэд биеэ угаасан усаараа хувцсаа угааж заншжээ. Иргэдийн орлогын хэмжээ тийм ч их биш ч бүгд нэгнээ танидаг, найрсаг харилцаатай учраас бие биеийнхээ дутууг нөхөж амьдардаг гэнэ.

Санта Круз арал дээр та түгжээтэй хаалга олохгүй. Түүнчлэн шөнө болмогц бүгд зурагттай нэгнийдээ цугларч дуртай нэвтрүүлгээ үздэг байна.

Санта Круз

2 Хонконг

Ердөө 80.4 км2 талбайтай Хонконгийн арал дээр 1842 онд 3 мянга гаруй хүн амьдарч байсан бол өдгөө энэ тоо 1.3 саяд хүрээд байна. Ийм хэмжээний нягтаршилтай учраас Хонконгийн үл хөдлөх дэлхийн хамгийн өндөр үнэтэйд тооцогддог болжээ. 

Хонконг

3 Манхэттэн

Нью-Йорк хотын хамгийн өндөр нягтаршилтай суурьшлын бүс нь Манхэттэн арал юм. Нийтдээ 1.58 сая иргэн амьдардаг тус арлын нэг хавтгай дөрвөлжин км талбайд 26,924 хүн ноогддог байна. Америкийн өөр хаана ч ийм хэмжээний хүн амын нягтаршил байдаггүй аж.

Манхэттэн

4 Салсетт

Салсеттийн арал нь Арабын тэнгист, Энэтхэгийн баруун эрэг дагуу байрладаг. 619 км2 талбайтай тус газар нутаг дээр 15.1 сая орчим хүн амьдардаг аж. 

Арал дээр анх чулуун зэвсгийн үеээс загасчдын овог аймгууд суурьшиж эхэлсэн гэдэг. МЭӨ 3-р зуунд тус арал нь Мориагийн эзэнт гүрний эрхшээлд орж Буддистууд болон Хиндү шашинтнуудын томоохон төв болж хувирав. Энэ мэтээр Салсетт нь түүхийн уртад томоохон гүрнүүдийн "гар дамжсаар" иржээ.

Шинэ улсын мэдэлд орох бүртээ Салсетт арал тухайн орны соёл болоод мэдлэгийг "өөртөө уусган" цэцэглэн хөгжиж, яваандаа Азийн томоохон худалдааны төв болжээ.

18-р зуунд Салсеттийг  эрхшээлдээ оруулсан Англичууд өмнөх эздийн уламжлалыг үргэлжлүүлж, арлыг эх газар болон ойролцоох Бомбей аралтай холбосон олон тооны төмөр зам, авто замыг тавьсан байна. Энэхүү бүтээн байгуулалт нь оршин суугчдын тоог эрс нэмэгдүүлэх шалтгаан болжээ. Өнөө үед Азийн хамгийн чинээлэг эрхмүүд энд тансаг харшаа барихын тулд үнэ хаялцдаг болжээ. 

Салсетт

5 Венец

Венец нь нийт 118 жижиг арлыг холбож босгосон хиймэл арал юм. Дундад зууны үед Европын чухал худалдааны төвийн үүрэг гүйцэтгэж байсан энэхүү арал өдгөө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэгт тооцогдох болжээ. Хотын байнга оршин суугчдын тоо нь 270 мянга байдаг.

Мөн цар тахлын өмнө энд ирэх жуулчдын тоо жил бүр нэмэгддэг байсан гэнэ. Хамгийн сүүлийн тоо баримтаар 2019 онд 5.5 сая жуулчин Венецээр зочилсон гэх тооцоо гарчээ. 

Венец

6 Жоал Фадиут

Сенегалын нийслэл Дакараас зүүн өмнө зүгт орших Жоал Фадиут хот нь 2 хэсгээс бүрддэг. Нэг хэсэг болох Жоал нь эх газар дээр, нөгөө хэсэг Фадиут нь арал дээр байрладаг. Мэдээж хэрэг хотын хоёр хэсгийг олон тооны гүүр холбоно. 

Иргэдийн ихэнх нь будаа тариалах, загасчлах зэргээр амьжиргаагаа залгуулдаг. Сонирхолтой нь тус хотод бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог байна. Одоогийн байдлаар Жоал Фадиут дээр 45 мянган иргэн амьдардаг гэнэ. 

Жоал Фадиут

7 Хойд Малэ

500 мянган хүн амтай Бүгд найрамдах Малдивь улсын нийслэл нь Хойд Малэ арал дээр байрладаг. 1978-2006 оны хооронд арлын хүн ам 5 дахин нэмэгдэж 100 мянгад хүрсэн байна.

Уугуул хүн амын төрөлт нэмэгдсэний дээр их хэмжээний цагаач ажилчид нүүж ирсэн нь ингэж өсөхөд нөлөөлжээ. Тиймээс эрх баригчид хөрс дүүргэлтийн аргаар арлын газар нутгийн хэмжээг тэлсэн байна. 

Хойд Малэ

8 Эбэеэ

Маршаллын арлууд дундаас хамгийн шигүү хүн ам суурьшсан нь Эбэеэ арал юм. Энд нийтдээ 15 мянган хүн амьдардаг аж.

1954 оны 5-р сард эндээс холгүй байдаг Бикини арал дээр цөмийн туршилт хийснээс болж олон хүмүүс Эбэеэ дээр дүрвэж ирсэн нь ингэж хүн амын тоо нэмэгдэхэд хүргэжээ. Одоогийн байдлаар арлын нийт оршин суугчдын тал хувийг насанд хүрээгүй хүүхдүүд бүрдүүлж байна. 

Эбэеэ

9 Васильевский

Санкт-Петербургийн хамгийн чухал түүхэн дурсгалт газруудын нэг Васильевскийн арал юм. Тус хотын ихэнх музей, сүм хийдүүд энд байрладаг. Арлын хүн ам 2002 онд хоёр зуун мянга давсан бөгөөд жил бүр энэ тоо нэмэгдсээр байгаа. 

Васильевский

10 Любек

Любек арлын хот нь Германы хойд хэсэгт орших Шлезвиг-Хольштейн мужийн хоёр дахь том хот бөгөөд Германы хамгийн том боомтуудын нэг энд байрладаг юм. Үүгээр зогсохгүй Любекийг ЮНЕСКО дэлхийн өвийн жагсаалтад оруулжээ. Өдгөө тус хотод 215 мянган хүн амьдарч байна. 

Любек

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()