Байшинг нь чиглээд цагдаагийн машин ирж буйг харсан Рюдигийн санаанд хамгийн түрүүнд орсон зүйл нь модонд авирах байжээ. Албан хаагчид түүнийг тэр дор нь олоод бууж ирэхийг хүссэн боловч тэрээр эрс татгалзжээ. Өмнө нь шоронд орж байсан болохоор дахиж тэнд очихыг хүсэхгүй байгаагаа тэрээр цагдаа нарт учирлаж байв.
Нөхцөл байдал ингэж эргэсэнд гайхсан цагдаа нар гудамжийг хааж, нэмэлт хүч дуудсан байна.
Ийнхүү хоёр хоногийн турш Нью-Йоркийн цагдаагийн шуурхай хүчний хэсэг болон барьцаалагчийн хэлэлцээрийн багийнхан модон доороос түүнтэй ярилцаж, бууж ирэхийг ятгажээ. Рюдид тэд уух юм санал болгож, бүх найзуудыг нь дуудаж, тэр ч байтугай лам авчирсан ч бүтэлтэй болоогүй гэнэ.
Харин сурвалжлагчид ирэх үед Рюдигийн "сайхан зан хөдөлсөн" бөгөөд дуртайяа инээмсэглэн зургаа даруулж, модон дээр хэрхэн сайхан амьдарч буйгаа харуулсан гэнэ.
"Тарзан"-ы хөршүүд энэхүү үйл явдал дээр хоёр хуваагдсан байна. Цагдаа нар түүнтэй тохиролцохдоо буруу тактик хэрэглэж байна гэж зарим нь үзсэн бол зарим нь тэднийг зүгээр л нуугдаж байгаад, буухаар нь очиж баривчлах хэрэгтэй хэмээн үзжээ. Мөн Рюди тайван, томоотой хүн тул зүгээр орхичих хэрэгтэй гэсэн бодолтой хүмүүс ч байв.
Эцэст нь 48 цагийн дараа Рюди өлсөхийн эрхэнд модноос бууж ирсэн аж. Цагдаа нар амлалтаа биелүүлж, түүнийг цагдаагийн газар аваачилгүй шууд сэтгэцийн үзлэгт оруулахаар хүргэжээ.
Гэхдээ Рюдигийн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хаагдаагүй бөгөөд цаашдаа цагдаагийн газрын хаалга татах нь тодорхой юм.