Алдарт "Titanic" кинонд тоглож дэлхий даяар танигдсаных нь дараа хүмүүс Кэйт, Леонардо ДиКаприо нарыг үерхэж эхэлжээ хэмээн цуурах болсон юм. Үнэндээ энэхүү цуу яриа зураг авалт эхлэхтэй зэрэгцэн гарсан бөгөөд кино нээлтээ хийгээд хэдэн сар болсны дараа ч намжаагүй юм. Үнэндээ Кэйт, Леонардо нар маш сайн найзууд болсон бөгөөд энэ нөхөрлөлөө одоог хүртэл хадгалж байгаа аж.
Кэйтийн залуу насны хайр нь зохиолч Стивен Тредр байжээ. Хосууд 1991 онд үерхэж эхэлсэн боловч ердөө 5 жил болоод салсан байна. Хэдий харилцаа нь харамсалтайгаар дууссан ч хэн хэн нь нэгнийхээ талаар эерэг дурсамжтай үлдсэн юм
Мөн Стивен хорт хавдартай хэмээн оношлогдсоны дараа Кэйт чадах чинээгээрээ туслаж дэмжиж байсан гэдэг. Стивен 1997 онд өвчний улмаас нас барсан аж.
Кэйт Уинслетийн анхны нөхөр нь найруулагч Жим Триаплтон юм. Сонирхолтой нь Кэйт нөхрийнхөө төлөө өөрийн карьерийг хүртэл золиослосон байдаг. Жишээ нь түүнд "Shakespeare in Love" киноны гол дүрд тоглох санал ирсэн ч Кэйт татгалзаж оронд нь нөхрийнхөө найруулсан "Hideous Kinky" хэмээх кинонд дүр бүтээжээ. Сануулахад "Shakespeare in Love" тухайн жилийнхээ хамгийн амжилттай кинонуудын нэг байсан (гол дүрийг нь бүтээсэн бүсгүй Оскарын эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн) бол "Hideous Kinky" жинхэнэ "сураггүй" бүтээл болсон юм.
Кэйт, Жим нар хэдэн жил үерхсний эцэст 1998 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2000 онд охин Миагаа өлгийдөн авчээ. Харамсалтай нь хэвлэлийнхний зүгээс эхнэрийг нь байнга бусад эрчүүдтэй нэр холбож эхэлсэн нь Жимийн хувьд маш хүнд цохилт болжээ. Үүнээс гадна найруулагчийн карьер нь явцгүй болж дууссаны дээр эхнэр нь дэлхийн хэмжээний од болж байгааг тэвчиж чадаагүй Жим 2001 онд салах өргөдлөө өгсөн байна.
Хувь заяа гэлтэй Кэйтийн дараагийн нөхөр нь мөн л кино найруулагч болж таарсан юм. Гэхдээ энэ удаад тэрээр Жимээс хамаагүй илүү амжилт олсон нэгэн буюу Сэм Мендестэй учир ургуулжээ. Сэм Кэйтийг өөрийн боловсон эелдэг зан, хурц ухаанаараа татсан гэдэг. Хосууд 2003 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд удалгүй хүү Афли нь хорвоод мэндэлсэн нь Сэмийн магнайг тэнийлгэсэн юм. 7 жил нүд ирмэхийн зуур өнгөрч, Кэйт ч олон кинонд тоглоод зогсохгүй Оскар ч хүртээд амжив.
2007 онд Сэм "Revolutionary Road" хэмээх кинонд эхнэртээ Леонардогийн хамт тоглох санал тавьсан байна. Харамсалтай нь эндээс бүх асуудал эхэлсэн байдаг. Камерын дуранд төдийгүй зураг авалтын талбай дээр хүртэл Кэйт Леонардо хоёр ойр дотно, жинхэнэ сайхан хосууд болж харагдаж байсан нь Сэмийн атаархлыг төрүүлэв. Ингээд тэрээр эхнэрээ юу ч хийсэн шүүмжилж, өө хайж эхэлсэн аж. Тэгэх бүрт нь Леонардо Кэйтийг өмөөрч байсан гэдэг. Энэ явдал хос хоёрын харилцаанд гүн цав үүсгэсэн бөгөөд Кэйтийн тэсвэр 2011 онд алдарч, салах өргөдлөө өгчээ.
Гэхдээ Кэйт Уинслетэд жинхэнэ заяаны ханьтайгаа учрах аз тохиожээ. 2011 онд нөхрөөсөө дөнгөж салаад байсан жүжигчин бүсгүй алдарт тэрбумтан Ричард Брансоны хувийн арал дээр хүүхдүүдтэйгээ амрахаар ирсэн байна. Гэтэл тэр үед хар салхи дэгдсэн тул хүн бүр наран шарлагын газарт бус эдлэн дотор ихэнх цагаа өнгөрүүлжээ. Тэгээд зогсохгүй эдлэн дээр аянга бууж, бүх зүйл галд автав. Дотор байсан хүмүүс яаран гүйж гарсан ч Ричардын өндөр настай ээжийг хэн ч анхаарсангүй. Бүх хүн гадагш гарч дууссаны дараа л хөөрхий эмгэн дотор үлдсэн болох нь тодорхой болов.
Гэвч энэ үеэр Кэйт л ганцаараа гал авалцсан байшин руу шууд ороод, тэрбумтны ээжийг гаргаж ирж чаджээ. Ричард түүнд талархсан сэтгэлээ илэрхийлж байх зуур тэрбумтны үеэл Эдуард Смит хэмээх бизнесмэн залуу Кэйтэд бараг анхны харцаар дурласан байна. Холливудын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг шуурган дундуур, шатаж буй барилгаас хөө тортог болоод гарч ирсний дараа дурласан гэхээр түүний сэтгэл жинхэнэ байсан нь ойлгомжтой. Ийнхүү Кэйт болон Эдуард нарын хайрын түүх эхэлсэн байна.
Хэдэн сарын турш болзсоны дараа Эдуард гэрлэх санал тавьсан бөгөөд Кэйт ч зөвшөөрөв. Хосууд 2012 онд маш даруухан буюу зургаахан зочинтой хурим хийсэн гэдэг.
2013 онд тэд Бэр хэмээх хүүтэй болсон бөгөөд Кэйт нөхөртэйгөө зөвшилцөөд, хүүдээ өөрийн жинхэнэ овог буюу Уинслетийг өгчээ. Жинхэнээсээ өөрийг нь хайрладаг, бат хана мэт нөхөртэй болсон Кэйтийн хувийн амьдралд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэг ч дуулиан шуугиан гараагүй юм.