Эртний хүмүүс хүнсээ муутгахгүй хадгалахын тулд төрөл бүрийн арга хэрэглэж иржээ. Дөрвөн улиралтай орны иргэд урин дулааны цаг болох хүртэл буюу өвлийн улиралд идэх хүнсээ базаах үүднээс хатаах, давслах зэрэг технологи нэвтрүүлсэн байдаг.
Жишээлбэл хуурай цаг агаартай манайх шиг оронд махыг хатааж борц болгодог бол арай дулаан, ургац арвинтай орны иргэд жимс, жимсгэнэ, мөөг зэргийг хатааж хадгална. Харин далайтай ойр амьдардаг хүмүүс загасны махаа нарийн зүсээд, давсалж гадаа өлгөнө.
Давс нь хүнсийг муутгахаас сэргийлэх гол хэрэгсэл байв. Өргөст хэмхийг бөөнөөр нь давслаад том торхонд хийгээд тавихад олон сарын турш огт муудахгүй. Үүнийг дагаад улаан лооль, мөөг, сармис зэрэг ургамлуудыг даршилж эхэлсэн байдаг. Сонирхолтой нь давс цацсан маалинган даавуунд талх мэтийн хүнсний бүтээгдэхүүнийг ороож хадгалах юм бол удаан хугацаанд хадгалж болдог аж. Энэ аргаар ороож газарт булсан хүнсний ногоо бүтэн сарын турш шинээрээ байдаг гэнэ.
Мөн та бидний сайн мэдэх газар доорх хүнсний зоорь, нүх зэрэгт том томоор нь мөс оруулж тавьснаар нэг хэлбэрийн хөргөгч болж хувирна. Зоорины шалан дээр сүрэл дэвсээд, дараа нь хүнсээ хийсэн торх, хайрцгаа оруулаад дээрээс нь том мөсний хэлтэрхийнүүдээр таглаж тавина. Тэдгээрийн дээрээс дахин сүрэл цацаад, нэмж мөс байрлуулна. Эцэст нь бөс даавуугаар битүүлч хучсанаар "хөргөгч" бэлэн болно. Томоохон хотуудад эрт үед зоорийн оронд мөсийг хэд хэдэн давхаргаар байрлуулсан тусгай тавиур бүхий шүүгээ ашигладаг байв.
1749 онд Глазгогийн их сургуулийн анагаах ухааны профессор Уильям Каллен анхны хөргөлтийн төхөөрөмжийг бүтээсэн хэмээн тэмдэглэгдсэн аж. Мөн 1841 онд Америкийн эрдэмтэн Жон Горей мөс үүсгэх чадалтай мөчлөгийн хөргөлтийн төхөөрөмжийг боловсруулж чадсан байдаг. Эдгээр нь та бидний мэдэж орчин үеийн хөргөгчийн суурь болсон юм.
Гэхдээ түүхэн баримтаас үзвэл эртний Персийн эрдэмтэд орчин үеийн хөргөгчний эх загвар "яхчал" буюу мөсөн нүхийг бүтээсэн байж таарч байна. Персүүд эртнээс халуун, хуурай нутагт амьдардаг байсан ч хүнсний бүтээгдэхүүнээ хадгалахад санаа зовдоггүй байсан нь үүнтэй холбоотой.
Яхчалын анхны загварыг Персийн эрдэмтэд 2400 жилийн өмнө гаргасан гэх судалгаа бий. Яхчалын гол онцлог нь мөсийг удаан хугацааны турш хайлуулалгүй хадгалж чаддаг байсанд оршино.
Яхчалын үйл ажиллагааны зарчим нь орчин үеийн ууршуулан хөргөх зарчим дээр суурилдаг байв. Тэр үед шаардлагатай бүх материал нь гарын дор байсан учраас ийм нарийн төхөөрөмжийг хялбархан бүтээдэг байжээ.
Маш халуун, дээрээс нь ганцхан улирал бүхий уур амьсгалын бүст амьдардаг байсан учраас Персүүд хөргөх төхөөрөмж бүтээх зайлшгүй шаардлагатай болжээ. Яхчалийг хийх явц нь энгийн боловч багагүй хөрөнгө, хугацаа шаарддаг байжээ. Гэхдээ хийж чаддаг хүн нь бусдын хүнсийг хадгалах замаар нэлээн мөнгө олдог байв.
Яхчалыг барихын тулд эхлээд том дөрвөлжин нүх ухна. Илүү гүн байх тусам хүйтнээ төдий чинээ сайн хадгалж чадна. Ханыг нь элс, шавар, шохой, өндөгний цагаан, ямааны ноолуур, үнсээр зуурч хийсэн сароож хэмээх тоосгоор өрдөг аж. Сароож нь агарын урсгалын бүрэн барьдгийн дээр ус нэвтрүүлдэггүй юм.
Газар дээр ил гарах дээврийг нь мөн сароож тоосгоор, бөмбөгөр спираль хэлбэртэй, 2-2.5 метр зузаантай хийх бөгөөд өндөр нь 10-18 метр хүрнэ. Орой дээр нь гаргасан жижиг нүхээр яхчал дотор хуримтлагдсан халуун агаар хөөрөн гарч, хүйтэн агаарыг доор үлдээх зориулалттай аж.
Нэмэлтээр сүүдэрлэхийн тулд яхчалын урд талд нь заримдаа хана босгодог байв.
Мэдээж хэрэг яхчал доторх хөргөлтийн гол хэрэгсэл нь мөс юм. Мөсийг ойролцоох мөнх цастай уулс, эсвэл өвөл болдог нутгийн гол мөрнөөс авч ирдэг байжээ. Мөсөө жижиглэж хуваагаад яхчалын дээд хэсэгт байрлуулна.
Хэрвээ мөс олох боломжгүй бол сувгаас үүрийн жинд мөс шиг хүйтэн болсон ус авчирч, ёроолоор нь дүүргэнэ.
Мөн яхчалын хоёр талд баджир буюу нарийн бүтэцтэй агааржуулагч цамхаг босгох ёстой байв. Ойрхи Дорнодын орнуудад баджирын тусламжтай байшингаа сэрүүцүүлдэг байсны зэрэгцээ яхчалыг ч хүйтэн агаараар хангадаг байсан аж.
Баджир нь салхиар ирсэн халуун агаарыг нарийн хоолойгоор дамжуулан хөргөж, яхчалын доод хэсэг рүү илгээнэ. Агаар тэнд очоод мөс, эсвэл цэв хүйтэн усны нөлөөгөөр 0-ээс бага хэмтэй болно. Чухамдаа энэхүү зарчмаар эртний хөргөгч ажилладаг байсан юм.
Хожим нь Персүүд (мөн Ромчууд) мөс олборлох шинэ арга олсон байдаг. Египетийн алдарт султан Салахуддин доорх аргыг хэрэглэдэг байжээ. Тэрээр цөлийн халуунд мөстэй ус ууж сэрүүцэхийн тулд хаана ч явсан мөсөөр дүүрэн авдар авч явдаг байв.
Энэ нь гайхмаар энгийн арга байжээ. Эхлээд гүнзгий нүх ухаад дотор нь урт гуурс хийж усаар дүүргэнэ. Дараа нь нүхээ гялгар гадаргуутай зузаан төмрөөр таглана. Гялгар гадаргуу нь нарны гэрлийг ойлгож нүхийг халахаас сэргийлдэг аж. Ийнхүү нэг хонуулсны дараа үүр цайхын өмнөхөн нүхэн доторх мөсийг гарган яхчалд хийж хадгалдаг байжээ. Шөнийн цагаар цөлийн агаарын температур цельсийн 0 хэмээс доошилдог тул өдрийн цагаар огт халаагүй гадаргуу доорх ус шууд мөстөж хөлддөг байна.
Чухам ийм аргаар цөлийн оршин суугчид хэдэн мянган жилийн турш хүнсээ хадгалж, амьд үлдэж чадсан байна.